Шууд Chart

Д.Ёндон: Цэнхэр дуулгатан болж өдгөө Цаст Алтайн хязгаарт алба хааж буйгаараа үргэлж бахархдаг

2023-05-31 11:11:47

Олон сайхан аав ээжийн алдрай үрс, эх орны эрэлхэг цэрэг эрс, даян дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэдэг Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн 0285 дугаар ангийн Захирагчийн орлогч, Сэтгэлзүйн хангалтын дарга хошууч Д.Ёндонтой ярилцлаа.

Тэрбээр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад 2019 онд энхийг дэмжих үүрэг гүйцэтгэж цэнхэр дуулгатнуудын нэг болсон. Өдгөө Монгол Улсын баруун хязгаарт алба үүргээ амжилттай хашиж, эх орныхоо торгон хилийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж буйгаараа үргэлж бахархаж явдаг юм. 

-Анх цэргийн сургуулиа төгсөөд аль отряд, ангиас ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй вэ?

Би ХЦДС-ийг 2011 онд төгссөн. Анхны томилолт маань домогт Сулин хээрийн отряд буюу Хилийн цэргийн 0168 дугаар ангид Заставын Сэтгэл зүй, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор томилогдон ажиллаж байлаа. Тухайн үед Сулин хээрийн отрядад цэргийн алба хаагчид томилогдон ажиллахдаа тийм ч дуртай биш байсан. Учир нь алслагдмал нутаг оронд шийтгүүлсэн цэргийн алба хаагчид л томилогддог гэсэн буруу ойлголт нийгэмд түгээмэл байсан. Ингээд хувь заяаныхаа зурлагаар тэнд томилогдож очоод анги байгууллагаа орчин үеийн техник технологитой, шинэ үеийн анги болгоно гэсэн хүсэл мөрөөдөлтэй ажиллаж эхэлсэн. Хэдэн бор цэргийнхээ төлөө цэргийн дарга хүн бүхнийг мэддэг, чаддаг байх ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг байлаа. Тус ангийнхаа 0143 дугаар салбарт нэг жил ажилласан юм. Тэр томилгоо миний хувьд өөрийгөө харуулах боломж байсан. Дарга удирдлагууд хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлж, ангийн Сэтгэл зүй, соёл сурталчилгааны ахлах офицероор томилж байв. Штабт ахлах офицерын албан тушаалд томилогдсон хүнд үүрэг хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ тэр хэмжээнд өөрийгөө илүү дайчилдаг байлаа. Тэгээд 0170 дугаар салбарт заставын даргаар томилогдон Заставын даргаар хоёр жил ажиллаад эргээд штабтаа ахлах офицероор ажиллаж эхэлсэн. Ийнхүү тус ангидаа 11 жил ажиллажээ. Одоо бодохоор тухайн салбар заставыг хөгжүүлээд ир, хөл дээр нь босгоод ир гэж хамгийн хөгжил муутай, алба хаагчид нь тогтворгүй байдаг салбар луу томилсон байдаг юм. Тэгээс нь эхэлсэн гэдэг шиг, Сэтгэл зүйн хангалт, соён гэгээрүүлэх албаны үүрэгт ажлыг хилийн харуул, заставаас эхлээд өнөөдөр штаб, байгууллагын хэмжээнд энэ чиглэлээрээ дагнан ажиллаж байна. Миний давуу тал, ажиллах арга барилыг олж харан энэ чиглэлд мэргэшүүлсэн үе үеийн захирагч дарга нартаа талархаж явдаг. Ажил амьдралын минь гараа тийнхүү эхэлсэн сайхан түүх Домогт Сулин хээрийн отрядаас эхлэлтэй. Одоо анги маань илүү өргөжиж, өмнөд бүсийн сургалтын төв бааз болж, хоёр жил дараалан Тэргүүний анги отряд болсонд түүхийг нь бичилцэж явсан хүний хувьд үргэлж бахархаж явдаг юм.

-Цэргийн хүн аливаа зүйлд хандах хандлагаа зөв тодорхойлж, шударга үнэнийг гол шалгуур болгон ажиллах учиртай. Таныг чиглүүлж өгсөн эрдэмтэн багш нараа дурсахгүй юу?

ХЦДС-ийн Сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч хурандаа Энхбат багшийгаа дурсмаар байна. Өөрийгөө үргэлж хөгжүүлдэг, урлаг спортод гарамгай авьяастай бусдад үлгэр дуурайлал болсон оюунлаг хүн байдаг юм. Багшаасаа би ажил амьдралын талбарт зарчимч байх зан чанарыг олж авсан гэж боддог. Багшдаа үргэлж талархаж явдаг.

-Сонсогч байх үеийн найзууд насан туршийн найзууд болдог гэдэг. Усыг нь ууж ёсыг нь дагасан та үүнтэй санал нийлэх үү?

Сонсогч үеийн олон найзууд бий. Тэр дундаас гарын таван хуруу шиг сайхан найзууд байна. Бид сонсогч байхдаа урлаг, спорт, сурлагаараа өрсөлдөж, доод үеийн дүү нартаа зөв үлгэр дуурайлалтай залуус байлаа. Одоо бол алс хол амьдралын замд дөрөө харшиж, нэгнээ түшсэн гэр бүлийн сайхан найзууд болсон. Хүнийг танья гэвэл найзаар нь шинж гэдэг. Манай найзууд ангийн орлогч болон захиргааны удирдлагын тасгийн дарга зэрэг чухал албан тушаалыг хашиж яваа.

-Цэргийн дарга болгонд өөрийн гэсэн арга барил байдаг. Таны ажилдаа баримталдаг арга барил, зарчим юу вэ?

Хүмүүс ажлыг хөнгөнөөс эхлээд хүнд рүү нь хийдэг бол би хүндээс нь хөнгөн рүү шилжих зарчмаар ажилладаг арга барилтай. Мөн ажлыг цаг хугацаанд нь хийж дуусгахыг хичээж, үргэлж цаг төлөвлөж тооцоолж байдаг. Тухайн үүрэг даалгаврыг богино хугацаанд чанартай хийх гэсэн зарчимтай. Мөн ямар ч ажилд санаачлагатай байх дуртай.

Миний амьдралдаа ч ажилдаа ч баримталдаг зарчим бол эр хүн амласан бол заавал биелүүлдэг, үнэнч, шулаан шударга байх ёстой гэж боддог. Мөн цэргийн хүн дасан зохицох чадвар сайтай байж, албаныхаа хажуугаар өөрийгөө тасралтгүй хөгжүүлж суралцаж чаддаг байх ёстой. Ажлынхаа хүрээнд цэргийн сэтгэл зүйн хангалт, соён гэгээрүүлэх албаны чиглэлээр сургалтын төвд 21 удаагийн сургалтыг зохион байгуулж, 2100 гаруй хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдыг тус сургалтад хамруулсан байна. Хамгийн гол нь хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор сургана гэдэг зарчим юм.

-Таны энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

БНӨСУ-д явагдаж буй "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд 2020-2021 онд 9 дүгээр ээлжийн Мотобуудлагын батальонд буудагч, бүлгийн дарга албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн. Миний хувьд цэнхэр дуулга өмсөөд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нь олон талын туршлага хуримтлуулсан бөгөөд маш сайхан оюуны амралт болсон гэж боддог. Штабын офицер үргэлж бичиг цаасны ажилтай байдаг. Тэгээд биеийн хурд хүч шаардсан нөхцөл байдалд шилжих үед оюуны амралт мэт санагдсан. Бид чинь өвөг дээдсийн үеэсээ сэтгэлийн хаттай, хүчирхэг, дайн байлдаанд ялагдах нь үгүй түүхтэй улс. Тэр ч утгаараа дайн байлдаан бүхий үед ажиллахад цаанаасаа л тийм монгол хүний хүчирхэг сэтгэл зүй төрж байсан.

-Та эх орныхоо баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж байна. Одоо ажиллаж байгаа албаны онцлогийн тухайд?

Хилийн цэргийн 0285 дугаар ангийн Захирагчийн орлогч, Сэтгэл зүйн хангалтын даргаар ажиллаж байна. Би удам дамжсан хилчин хүн. Өвөө, аав хоёр минь хүндэт чекист хүн байсан. Ийм учраас гэр бүлийнхээ нэр төрийг үргэлж өндөрт өргөж тэргүүн дээгүүр явахыг хичээдэг. Манай анги Монгол Улсын баатар Хорлоогийн Дамбын нэрэмжит Хилийн цэргийн 0285 дугаар анги. Дайчин замнал түүхтэй. Олон Улсын автозамын Цагааннуур боомтын шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хариуцдаг. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомт маань 24 цагийн үйл ажиллагаатай болж өргөжсөн байгаа. Байгаль цаг уурын хувьд эрс тэс бүсэд оршдог. Далайн түвшингээс 2115 метрт, Цагааннуурын эргээс 500 метрт нуурын хөндийд байрладаг.

Уур амьсгалын мужлалаар хүйтэн зунтай, өвөлдөө -25-45◦с, хамгийн дулаан темпертур +10+18◦с байдаг учраас алба хааж буй ХЦАХ-д, Гэрээт хилчид болон нийт бие бүрэлдэхүүнээ сэтгэл зүйн хувьд аливаад бэлэн байлгах, дасан зохицох чадвар, айдас, стрессийн түвшинд үргэлж анализ хийж, тэдний сэтгэл зүйн онцлогт тохирсон соёл, олон нийтийн ажлыг шат дараатай гүйцэтгэж байна. Ямар ч цаг уурын нөхцөлд ажилдаг байлаа гэсэн хамт олны уур амьсгал хамгийн чухал. Ажлын бүтээмж өндөр байгаа газар хамт олны уур амьсгал бүрдсэн байдаг. Тэр ч утгаараа Цаст Алтайн хилчид стрессгүй, аз жаргалтай, үр бүтээмжийг дэмжсэн таатай ажлын орчинг бүрдүүлэхийг хичээдэг тийм сайхан хамт олон бий.

-Таны гэргий цэргийн хүн байдаг гэсэн. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

Миний гэргийг Г.Дашмаа гэдэг. Хилийн цэргийн 0285 дугаар ангийн эмч, ахлагч цолтой бүсгүй бий. Бид арван жилийн нэг ангийн тохой нийлүүлж суудаг байсан хоёр. Онц сурлагатай, өндөр карьертай явах байсан бүсгүйг хилийн буйдхан заставтай танилцуулснаар миний хань намайг даган хилчин бүсгүй болсон түүхтэй. Эхнэр маань АШУИС-ийг эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр төгссөн. Хилийн застав, ангиудад цэргийн алба хаагчдын эхнэрүүдийг эх барьж авсан түүх олон байдаг. Хил дээр эх барьж, түргэн шуурхай арга хэмжээ авч ажилладаг болохоор Хил хамгаалах ерөнхий газрын Эмнэлгийн албаныхан андахгүй сайн мэднэ. Тэр хэмжээнд эхнэрээрээ бахархах сэтгэл төрдөг юм. Бид гурван хүүхэдтэй. Том хүүхэд наймдугаар анги, дунд хүү тавдугаар анги, бага хүүхэд одоо гурван настай. Хамгийн агуу хайр бол эх орны хил дээр амьдарч буй заставын гэр бүлд байдаг байх. Чин үнэн хайрандаа хөглөгдөж амьдардаг улс. Хилчдийн гэр бүл саллаа гэдэг түүх амьдрал дээр ховор.

-Тушаал бол тушаал гээд хаана ч, хэзээ ч ажиллахад бэлэн байдаг цэргийн албан хаагчдын онцлог их. Энэ тухай та юу гэж боддог вэ?

Цэргийн хүн тушаал дагаж, мөрдөх үүрэгтэй. Мөн нэг дор удаан ажилладаггүй. Тушаал дэвшээд өөр анги салбарт томилогдон ажилладаг онцлогтой. Тэр журмынхаа дагуу одоо баруун хязгаарт томилогдон ажиллаж байна. Өмнө нь тал хээрийн бүсэд алба хааж байсан бол одоо Алтай таван богдын хаяанд алба хааж байгаа нь бахархам сайхан байна. Манай Хилийн 0285 дугаар ангийн Цаст алтайн хилчин дайчид эрэмгий зоригтой, сүүн гол шигээ цагаахан сэтгэлтэй хамт олон байдаг.

Энэ хамт олны дунд ажиллаж байгаадаа баярлаж явдаг. Энэ ангид томилогдон ажиллаад нэг жил болжээ. Цаг уурын эрс тэс нөхцөл, уулархаг газар оронд дасах гэж хоёр сар орчим болсон. Тус ангид томилогдож ирээд сүрлэг өндөр уулсыг хараад эх орноороо бахархаж, хилчин болсноороо омогших сэтгэл төрж байлаа. Мөн цаашид улам ихийг хийж бүтээх хүсэл зориг бадарч, хичээн ажиллаж байна.

-Улаан талбайд Ялалтын баярын ёслолын жагсаалд оролцож байсан сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Бид Парадын бэлтгэлийг Б.Хаш-Эрдэнэ хурандаагаар ахлуулан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байрлалд анги нэгтгэл бүрээс шижигнэсэн жавхаатай залуус бэлтгэлд гарч байлаа. Бэлтгэлээ 30 өдөр хийж, 30 минут талбай дээр жагсаж, 30 секунд телевизээр гарсан байдаг юм. /инээв/ Ялалтын баярын 75 жилийн ойн сүрт жагсаалд 19 орны цэргийн анги, нэгтгэлийн жагсаал Беларус Улсын цэргийн алхаагаар эхэлж, Казахстан, Энэтхэг, Киргиз, Хятад, Молдова Улсын араас бид алхсан. Монгол Улсын цэрэг, дайчдыг гарч ирэхэд тайлбарлагч “Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрөөс бидний найдвартай холбоотон болж, үнэлж баршгүй тусламж үзүүлсэн билээ" гэж тодотгож хэлж байх үед огшиж байлаа. Амьдралд ховорхон тохиох сайхан дурсамжуудын минь нэг байсан.

-Соён гэгээрүүлэх албанд шийдвэрлэх хэрэгтэй тулгамдаад байгаа ямар асуудал байгаа вэ?

Соён гэгээрүүлэх алба үндсэн таван чиглэлээр бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх, гадаад харилцааг холбох үүргийг гүйцэтгэдэг. Энэ үндсэн үүргүүдийн нэг нь Номын сан. Номын санч маань энгийн албан тушаалтай байдаг учир цалин харьцангуй бага. Иймд номын санчийн орон тоог цэргийн цолтой орон тоонд оруулах эсэх талаар ажлын байрны нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа.

Мөн Хилийн цэргийн удирдах байгууллагын баримталж буй бодлого нь хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хилчин эмэгтэйчүүдийн энгийн орон тоог цэргийн болгох гэсэн бодлого байгаа. Энэ бодлогоо цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй. Мөн тус албанд ажиллаж буй алба хаагчдыг мэргэжлээр нь үе шаттай хөгжүүлж сургах, албанд ашиглаж буй техник хэрэгслийг нь шинэчлэх шаардлагатай гэж боддог.

Цэргийн соёл хүмүүжлийн ажилчид та бүхэн өөрсдийн анги байгууллагадаа хамгийн нөлөө бүхий, үлгэр жишээч хүмүүс байх учиртай юм шүү.

-Хил хамгаалах байгууллагын цаашдын хөгжлийн тухайд та юу гэж боддог?

Өнөө цагт техник технологи эрчимтэй хөгжиж байна. Үүний зэрэгцээ ажиллах боловсон хүчнээ орчин үетэй хөл нийлүүлж боловсруулах шаардлагатай гэж боддог. Одоо төгсөж байгаа шинэ офицеруудын ажиллах чанар байдал арай муудаад байна уу даа гэж харж байна. Цаашдаа хувь хүний хөгжлийг тэргүүнд тавих шаардлагатай гэж бодож байна. Улс эх орны хөгжил хувь хүний хөгжлөөс эхэлдэг гэдэг шүү дээ. Сургалтуудыг шат шатанд нь зохион байгуулж, хүний нөөцөө чадавхжуулах тал дээр анхаарвал хил хамгаалах байгууллага илүү хөгжих боломжтой гэдэгтэй санал нэгддэг.

-Улс эх орон аливаа албан байгууллагын хөгжил хувь хүний хөгжлөөс эхтэй гэвэл та өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?

Ээлжийн амралтаараа “Чухал амжилт” сургалтын төвд компьютер графикийн чиглэлээр сурсан. Цэргийн хүн энгийн сургалт дамжаанд сурахаар юугаараа ялгаатай, онцлог байдгийг ажигласан. Цэргийн хүмүүс ахлах даргын тушаалыг дагадаг дүрэм журмын дагуу өдөр тутмын албаны үйл ажиллагаагаа явуулдаг болохоор энгийн иргэдтэй харьцуулахад сэтгэлгээний хувьд хайрцаглагдсан байдаг юм шиг санагдсан. Дайн байлдаан бүхий цаг үе биш тул байгууллагаа хувь хүний хөгжил, боловсролоороо түүчээлж, манлайлна шүү дээ. Эрдэмд орой үгүй гэдэг. Хүсэл сонирхолдоо тулгуурлан өөрийгөө хөгжүүлж, шинэ мэдлэг ур чадварт үргэлж өөрийгөө сорьж байгаарай гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Ундармаа


Д.Ёндон: Цэнхэр дуулгатан болж өдгөө Цаст Алтайн хязгаарт алба хааж буйгаараа үргэлж бахархдаг  
Үзсэн: 2141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
М [127.0.0.xxx] 2023-06-04 21:50
Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2023-06-01 08:08
дүүдээ амжилт хүсье хүүхэд байхын сүрхий хүүхэд бсан . миний дүү чинь албаа нэр төртэй хааж ээж аав ахан дүүсийнхээ бахархалт хүү нь алаг үрсийнхээ сайн аав нь, халамжит ханийнхаа түшиг тулгавар нь юм шүү дээ. ах эгч 2 нь дүүдээ хайртай шүү

Бидэнтэй нэгдээрэй