Шууд Chart

Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК орон нутагт долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ

2023-06-16 16:34:09

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээж, МИАТ ТӨХК нислэг үйлдэхээр боллоо. Энэ талаар тодруулбал?

-Монголд зочлох жилийн хүрээнд МИАТ компани 2023 оны долоодугаар сараас эхлэн орон нутагт нислэг үйлдэхээр болсон. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 30 жилээр тооцоолбол, 2008 он хүртэл МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлддэг байсан. 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эхний ээлжинд Чойбалсан, Мөрөн, Ховд, Өлгий, Алтай, Улаангом, Даланзадгад, Улиастай гэсэн 8 аймагт нислэг үйлдэнэ. Баянхонгор аймгийн нисэх буудлын зурвас шинэчлэгдсэний дараа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа.

-Тариф болон давтамжийн хувьд?

-Ховд, Өлгий, Мөрөн, Даланзадгад рүү долоо хоногт 3 удаа, Улаангом руу 2 удаа, Улиастай руу 2-3 удаа, Алтай руу 1-2, Чойбалсан чиглэлд долоо хоногт 1 удаа тус тус нислэг үйлдэхээр урьдчилсан байдлаар төлөвлөсөн.

МИАТ ТӨХК үндэсний агаарын тээвэрлэгчдийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд харьцангуй хямд үнийг санал болгож байна.

Тодруулбал, Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга, Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга, Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга, Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.

Мөн Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга, Мөрөн рүү 500-680 мянга, Алтай 733-852 мянга, Чойбалсан руу 537-617 мянган төгрөгийн тарифаар нислэг үйлдэнэ.

-Аль нэг чиглэлд нислэг нээхэд эхний хугацаанд алдагдалтай ажилладаг. Орон нутгийн нислэгийн хувьд яах вэ. Урьдчилсан тооцоолол бий юу?

-Алдагдалтай ниснэ гэдэг тооцоолол гаргаагүй. Агаарын тээвэрлэгчдийн хувьд зорчигч урсгал хамгийн чухал асуудал байдаг. Агаарын хөлгийн суудал дүүргэлтэд үндэслэж тухайн авиа компани зардлаа тэгш хуваарилдаг. Бид орон нутгийн нислэгийн суудал дүүргэлт 80 хувьтай байна гэсэн тооцоолол гаргасан.

-Олон нийтийн сүлжээнд тийзний үнэ өндөр байна гэсэн шүүмжлэл гардаг. Тэгэхээр өмнөх үнээс 2 дахин хямдарна гэж ойлголоо?

-Өнгөрсөн хугацаатай харьцуулахад 2-2.5 дахин хямдарна. Нислэгийн тасалбарыг эрт авснаар хямд захиалах боломжтой байдаг. Орон нутгийн нислэгийн тарифт мөн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдоно.

-Ер нь тийзний үнэд юу багтдаг вэ?

-Нислэгийн тийз маш олон төрлөөс бүрэлддэг. Нэгдүгээрт, тухайн агаарын тээвэрлэгчийн үндсэн тариф дээр нисэх буудлуудын такс, аюулгүй ажиллагааны ажилчдын хураамж нэмэгдэнэ. Эдгээр хураамжийг тийзний үнэд шингээж аваад буцаагаад нисэх буудлуудад дамжуулан өгдөг. Өөрөөр хэлбэл, авиа компаниуд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Нөгөө талдаа, 250 хүний суудалтай агаарын хөлгөөр нислэг үйлдлээ гэж тооцоход 17 төрлийн тийз байдаг. Нөхцөл, хэрэгцээ шаардлагаас хамааран тус бүр өөр үнэтэй байна. Энэ систем нь зөвхөн МИАТ ТӨХК дээр хэрэгждэг зүйл биш. Олон Улсын агаарын тээврийн холбооноос баталсан журам тул дэлхийн бүх агаарын тээвэрлэгчид хэрэглэдэг.

Иргэд ажлаа төлөвлөн, тийзээ эрт захиалан авах нь зорчигч, тээвэрлэгч хоёуланд нь давуу талтай. Зорчигч тийзээ хямд үнээр худалдан авч байгаа бол тээвэрлэгчид суудлын ачаалал, дүүргэлтээ төлөвлөх боломж олгодог.

-Дээрх нөхцлүүдээс гадна шатахууны зардал, навигацын хураамж нэмэгддэг. Ам.долларын ханш өсөлттэй үед дагаад гарах зардал нь өсөж таарна?

-Агаарын тээвэрлэгчдийн хувьд гарч байгаа  зардлын дийлэнх нь гадаад валютаар хэмжигддэг. Жишээ нь, Франкфурт руу нислээ гэхэд дундаа найман улсын агаарын замаар дамжина. Навигацын хураамжаа ам.доллароор тооцож төлнө.

Дээрээс нь үндсэн зардлын 30 орчим хувийг шатахуун эзэлдэг. Үүнийг ч мөн доллараар тооцож төлнө. Сүүлийн хэдэн жилд төгрөгийн ханш суларч, долларын ханш өссөн. Иргэд МИАТ үнээ нэмсэн гэж ойлгодог. Гэтэл 2011 оноос хойш тариф шинэчлэгдээгүй.

-Агаарын тээврийн либералчлалын хүрээнд нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, шинэ чиглэлүүд нээж байна. 2024 оноос АНУ-руу шууд нислэгтэй болохоор төлөвлөж байгаа шүү дээ. МИАТ ТӨХК-ийн хувьд шууд нисэх онгоцоо хэзээ оруулж ирэх вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 40 улсад, 105  чиглэлд нислэг үйлдэх боломжтой байна. Хамгийн сүүлд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Катар улстай шууд нислэгтэй болох Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Либералчлалын үр дүнд тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэнээр тийзний үнийг хямдруулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлэлцээрийг үзэглэсэн, ойрын хугацаанд баталгаажсанаар 41 дэх улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. АНУ-тай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Open Sky буюу тус улсын дурын  чиглэлдээ нисэх боломж бүрдэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлэлцээрийг үзэглэсэн, ойрын хугацаанд баталгаажсанаар 41 дэх улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Open Sky буюу дуртай чиглэлдээ нисэх боломж бүрдэнэ.

Энэ хүрээнд МИАТ ТӨХК шууд нислэг үйлдэх зорилгоор БИОНГ 787-9  онгоцыг хүлээн авахаар бэлтгэл ажил хангаж байна. Эхний онгоц нь ирэх долоодугаар сарын сүүлээр, дараачийнхийг 2024 оны эхний улиралд багтаан авчирна. Ингэснээр АНУ руу шууд нислэг үйлдэх бүрэн боломжтой болно.

Эх сурвалж: ЗТХЯ


Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК орон нутагт долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ  
Үзсэн: 1731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй