Шууд Chart

Нүгэлгүй хайр

2023-06-22 16:40:22

Хүний орчлонгийн гайхамшиг хайр юм. Би санаа алдан нойр минь хаашаа одсоныг бодоод олохгүй хөнжилдөө шургалан хэвтлээ.

Ганцаардлын торгон мөчдөө би гуниглана.

Гуниглаад л байгаа шалтгаан нь "өөрийгөө дурлажээ" хэмээн ойлгов. Бүсгүйн заяаг ямархан гайхамшиг хучин байгааг анзаарах сайхан нас  минь. Тэр нөмрөх хайрыг өгөөч. Би даарч байна.

Тэр нэгэн өдөр чинийхээ дүрийг хараагүй бол би өнөөдөр ямар байхсан бол. Нэг л хүслийг өөрийнхөө ертөнцөөс алсалж үл ядан бүсгүй заяагаа би хайрлана. Болох болохгүйн хязгаарт зориглон нисэн, дүүлэх энэхэн сэтгэл зүрхэнд минь хайрын цучил асаасан үйлдэл бүрийн өмнө итгэлээ бөхийлгөхгүй гэсэндээ энэхүү бичвэрээ хуруу үл мэдэг чичрэн бичнэ. Амьдралд авах авахгүйн, өгөх өгөхгүйн, хязгаар хайр биш гэж үү?

Хайрлах сэтгэлээ хахирган, хуурамч сэтгэлийн хаалгаар нэг хүний дотоод ертөнц рүү орлоо хэмээн итгэхийг би үл хүсэв. Хайр өөрөө шийтгэл биш, хайр бол миний гэгээн сэтгэлийн амар амгалан байх болно. Хүнийг хайрлах, хүнд сэтгэлтэй болно гэдэг нүгэл биш. Ухаангүй дурлалд  нүгэл байхгүй гэж би өөрийгөө өмөөрлөө. Тиймээ...  Би өөрийнхөө ертөнцөд танд толгой гудайлгалаа. Анхны харц сэтгэл догдлол бүрийнхээ өмнө би хүчгүйдэн даль жигүүрээ хугалан  ажилдаа ахицгүй яваа мэт.

Ахархан ч гэсэн ажлын гэгээн талбарт баяр хөөрөөр жигүүрлэн ганц сайхан инээдийн чинь төлөө би асгарна. Цаг хугацаа харахгүй өнгөрөх бүр л намайг, чамаас холтгоод байх шиг санагдахад би таныхаа дэргэдэх бүхэнд атаархана. Зүгээр л хайрлаж болох уу? Амьдраач гэж гуйх эрхгүй эрх чөлөөгөө гээсэн тавиланг минь ойлгох ухаан тань амгалан оршиг. Ханагар уудам ертөнцийн чинь нэгэн зайд үргэлгүй, нисэлгүй амьдаръя.

Дурлал хайрын дүрэлзэх энэхүү хэсэгт би шархалжээ. Хайр гэрэлтсэн залуу насны минь гэгээн эзэн, азтай тэр хүний өмнө нэгэн намрын навчис шиг би хийснэ. Унах газраа хайж явна. Унахдаа би хайрынхаа энгэрт унах сан, нисэхдээ би чинийхээ төлөө халин дүүлэн дүүлэн нисэхсэн.

Би амьдрах шалтгаанаа мэдэрмээр, хайрын өргөсөнд хатгуулсан өр өвдөм нэгэн, бас би яг л эмэгтэй хүний гоо үзэсгэлэндээ яваа насны нэгэн мөрөөдөл...

Тиймээ...  Би дурласан нэгэн  азтай бүсгүй.  Яах гэж тийм сайхан инээсэн юм бэ? үсний минь үнэрт таны минь үнэр шингэсэн яах л гэж гараас минь атгасан юм бэ, тэгж их догдлуулчхаад  хаана яваа юм бэ.  

Нийтэлсэн: П.Эрдэнэцэцэг

Нүгэлгүй хайр  
Үзсэн: 1634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй