Шууд Chart

Эзэнгүй дээл

2023-07-10 15:51:51

Наадмын өглөө аагтай шаргал цайндаа тос хөвүүлэн аягалах аав минь, "Одоо хоёулаа наадмаа үзнэ" гээд л...

Би догдолж, шинэхэн торгон дээлээ өмсөөд аавыгаа дагаад л явдаг байсан сан. Дуртай бүхнээ ааваараа авхуулаад ай даа мөн ч сайхан шүү. Наадмын хуушуурын үнэр, эрээн цаастай олон чихрүүд, аав минь хүссэн бүхнийг биелүүлэгч шидтэн байсан болохоор надад авах дуртай амттан бүрийг л авч өгч эрхлүүлдэг сэн. Хүн бүр гоёлын хувцсаа өмсөөд наадмын талбайг үзэсгэлэнтэй эрээн алаг болгоно. Энэ жилийн наадмын түрүү бөх, морьдын цол уянгалан газар дэлхий биелэн бүжих шиг наадмын дэвжээ хотолзоно.

Маргааш аав минь үгүйлэгдэн газар дэлхий суналзан эргэнэ дээ. Унтахаар хэвтсэн ч мөдхөн болох наадмын өглөө надад гунигтай санагдана. Аавгүй жилийн наадам дахиад л хаяанд иржээ. Сэтгэлд гуниг шивэрч сэнгэнэтэл санаа алдахад сэрүүхэн зүүдний тэнд аавын минь гэгээн төрх намайг ширтэн дүнсийнэ.

Охиноо өрөвдөөд байгаа ч юм шиг сэтгэл нь тэндээс үнэртэх тэр зүгээс аавын минь бор үйтэн хуар дээлийн танил үнэр ханхийх шиг боллоо.

Ганцхан дээлээрээ хэчнээн жил  гангарсан ч уйдаагүй аав минь, охин нь таны үргэлжлэл юм шүү. Айлын хүүхдүүд аавтайгаа наадамлахад хоолой чийгтэн нүд аргахад, хүнээс нуугдаж би уйлсан сан. Бурханд мөргөж, маань уншиж, эрх эргүүлдэг аав минь ирэлгүй дөрвөн жилийг элээжээ.

Он цаг харвасан сум шиг урсан оджээ хэмээн бодохоор, үгүй ээ би л нас нэмж байжээ. Маргааш наадмын өглөө, энэ жил дахиад л таны эзгүй наадам. Би аавынхаа дээлийг хуучны модон авдраас гарган бурхны хажууд эвхээтэй чигээр нь тавилаа. Олон баяраар мөн ч их гангарсан аавын минь бор үйтэн хуар дээл, эзэнгүй гэсэн мэт цаанаа л өр нэвтлэн зурна.

Гэвч охин нь таныгаа амьдарч байгаа юм шиг, тантайгаа хамт явж байсан тэр л наадмын өдрүүдийг сэтгэлдээ ахин мэдрэхийн тулд, зуны нар хүүхдийн инээд, морьдын янцгаалтыг таныхаа үнэрээр зурж харахын тулд наадмын талбай орж тантай хамт амтархан сууж иддэг байсан наадмын хуушуур амтална аа аав аа. 

Та минь надтай үүрд байх охин үрийнхээ тэнгэр шүтээн...

Нийтэлсэн: П.Эрдэнэцэцэг

Эзэнгүй дээл  
Үзсэн: 2284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй