Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулга хийв. Тэрбээр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим зүйл, заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн талаар хоёр, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар гурван зарчмын зөрүүтэй саналыг тус тус боловсрууллаа гэлээ. Түүнчлэн Ажлын хэсэг Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд “Нийслэлийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий архитекторын эрх, үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн хуулийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт олонхын дэмжлэг авсан.
Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтад Барилгын тухай хуулийн 44.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, эсхүл мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд оролцож болно. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүргийг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд хэрэгжүүлэх бол аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулна” гэсэн хэсэг нэмэх санал мөн дэмжигдсэн.
Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ТББХ: Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.