Шууд Chart

Ө.Отгонбаатар: Автобусны жолооч нарын ажиллах хүч бага байна

2023-12-14 13:26:08

Бид өмнө нь Нийтийн тээврийн газраас тодруулга авч байсан бол энэ удаа нийтийн тээврийн салбарт жолоочоор ажиллаад есөн жил болж байгаа “Блюбус ХХК”-ийн Мэргэшсэн жолооч Ө.Отгонбаатартай  ярилцлаа.  

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ө.Отгонбаатар гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хоёр хүүхэд маань сургуулийн сурагч. Бага хүүхэд маань одоо 6 сартай. Автобусны жолоочоор ажиллаад есөн жил болж байна.

-Ойрын үед замын түгжрэл хэр байна вэ?

-Бензин олдохгүй байгаагаас үүдээд түгжрэл ер нь үүсэж л байна даа.

-Өдөрт хэдэн литр шатахуун зарцуулж байна вэ?

-Өглөө нэг автобус 150 литр түлштэйгээр гарч ажлаа эхэлдэг.

-150 литртэй гарахаар ер нь хүрдэг үү?

-Таван удаа тойроход наян литр гэх мэт цаанаас нь тогтоогоод өгчихдөг. Түүнээс их зарцуулвал өөрөө өрөнд орно. Шатахуун бага хэмнэвэл хэмнэсэндээ ороод явчихдаг. Замын халтиргаа, гулгаа, түгжрэлтэй үед шатахуун зарцуулалт их байдаг шүү дээ. Түгжрэлтэй үед мэдээж шатахуун зарцуулалт их байна.

-Шатахуунаа хэмнээгүй тохиодолд цалин дээрээс нь суутгах уу?

-Баазууд бол цалин дээрээс нь суутгадаг. Манайх бол суутгахгүй байж байгаад ажлаас гарах зэрэг тохиолдолд цалин дээрээс авдаг. 

-Өглөө хэдэн цагт ажил нь эхэлдэг вэ?

-Эхний тэрэг өглөөний зургаан цаг арван минутад явж эхэлнэ. Би өглөө дөрвөн цагт босдог. 

-Бүтэн өдөржин автобусаа жолооддог уу. Эсвэл ээлжийн хүн байдаг уу. Өдрийн хэдэн цаг ажилладаг вэ?

-Хувийн компанид бол ээлжийн жолооч байгаа. Өдөр өдөр ээлжлээд явдаг. Улсын байгууллагын жолооч нар бол өглөө гараад өдөр буудаг. Өдөр гарсан нь орой буудаг. Манайх хувийн байгууллага учраас өглөөнөөс орой хүртэл ажиллана.

-Автобус эвдэрч гэмтсэн тохиодолд яадаг вэ?

-Ойр зуурын хөлдөх зэрэг тохиолдолд өөрсдөө янзалчихна. Хүнд гэмтэлтэй үед бол засварчин дуудна. Засварчид ирж янзалж өгнө.

-Автобусны жолооч нар дутагдалтай байгаа гэж сонссон?

-Жолооч нарын ажиллах хүч дутагдалтай байгаа. Автобус компанийн жолооч нар нүүрсний тээвэрт шилжин ажиллах болсноор ажиллах хүн хүч бага болсон. Ер нь жолооч нар хомс байна. Амарсан өдөр ажиллах тохиолдол их бий. Явсан цагаа л тооцож авна. Уртын гаралтаар гурван хоног явчихаар бие ядрах тохиолдол их гардаг. Автобусаа цэвэрлээд, угааж тавиад, гэртээ харихад бараг л шөнийн хоёр цаг дөхнө. 

-Цалин хөлсний хэмжээ хэр байх вэ. Ажилласан өдрөөрөө тооцдог уу?

-Цалин нэг цагийн арван мянган төгрөг байдаг. Цагаараа л тооцно. Арваас арванзургаан цаг ажиллана. Өдөрт явснаас нь шалтгаална. Өдрийн арваас, арвантаван цагийн хооронд ажилладаг юм. Эвдэрч, гэмтээд зогсох юм бол цаг нь хасагдаад явчихдаг. Автобус унтарчихаар цаг нь хасагдана. Хэдэн цаг зогссон байна, түгжрэлээс хамаараад дуудлага өгсөн ч засварчин ирэхгүй тохиолдолд хоёр, гурван цаг болвол тэр нь хасагдааад явчихна. Ирээд засах гэж нэг, хоёр цаг болно. Янз янз байна.

-Танай компанид одоогийн байдлаар хэдэн жолооч ажиллаж байна вэ?

-Гучин гаралттай. Эмэгтэй жолооч манай баазад хоёр, гурав байгаа.

-Эмэгтэй жолооч нарыг зарим хүн шүүмжлэх гээд байдаг. Ур чадварын хувьд хэр гэж та бодож байна вэ?

-Хүнээсээ л болно. Гайгүй шүү. Хэр олон жил ажилласан, хэр чадвартайгаас шалтгаалаад зарим нь үнэхээр сайн жолооч байдаг. Манай ээлжийн жолооч эмэгтэй хүн. Хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна гээд л явж байна.

-Зунжингаас ТЭЦ-3 хүртэл хэдэн эргэлт хийж байна вэ. Замын түгжрэлээс шалтгаалан өдрийн төлөвлөгөөгөө биелүүлж чадаж байгаа юу?

-
Цаанаас олгосон төлөвлөгөөг гүйцээж чадахгүй байна. Түгжрэл их байгаа учраас өнөөдрийн байдлаар 11 цагт бууна. Өглөө долоон цагт хөдөлсөн.

-Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ соёлтой, боловсон үйлчлүүлж чаддаг уу?

-
Хүн хүнээсээ л шалтгаална. Нийслэлийн хотын төвийн шугамын чиглэлд арай гайгүй. Хотын захын чиглэлд бол хүмүүсийн харилцаа ер нь хэцүүхэн дээ.

-Иргэд картаа хэр уншуулж байна вэ. Бэлэн мөнгө өгөх тохиолдолд яадаг вэ?

-Зарим нь картаараа үйлчлүүлнэ. Зарим нь бүр картаа дарахгүй ч тохиолдол байна. Ихэнхдээ хүмүүс ер нь картаа дарахаа больчихсон шүү дээ. Бэлэн мөнгө өгөхдөө том хүмүүс 200 төгрөг өгдөг нь ч байна. Бүрэн 500 төгрөгөө өгөх хүн ховор шүү. Зарим нь хойноос нь картаа дар гэж орилоод ч эргэж харахгүй, цаашаа яваад өгдөг. Босож очилтой нь биш дээ. Сүүлдээ тоохоо больчихдог юм байна лээ.

-Өдрийн хоолны мөнгийг байгууллагаас төлдөг үү?

-Компаниас хоолны талон өгдөг. Автобусны эцсийн буудлууд дээр байдаг цайны газруудтай гэрээтэй байдаг. Гурван мянган төгрөгийн үнэтэй талон. Одоо хоолны үнэ өсчихсөн шүү дээ. Доод тал нь арван мянган төгрөгийн үнэтэй байна. Дөрвөн талоноор хоол иднэ. Би энэ сард 20 ширхэг талон авсан гэхэд ердөө таван өдөр л хоол иднэ гэсэн үг.

 -Автобусны жолоочоос өөр зүйл хийе гэсэн бодол байдаг уу?

-Хааяа шантрах тохиолдол бий. Нүүрсний том тэрэг барьдаг ч ирээд байж байгаад л чадах зүйл маань автобусны жолооч л байна. Нүүрсний ханш өсөөд цалин мөнгө нь нэмэгдвэл уурхай явна гэсэн бодол байдаг.

-Автобусны үнийг 1000 төгрөг болгоно гэж нэг хэсэг ярьж байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь бол мянган төгрөг болчихвол амар санагддаг. Одоогийн байдлаар нийтийн тээвэрт бол алдангитай байгаа.

-Нийтийн тээврийг мөн үнэгүй болгоно гэж яриад байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? 

-Бид нарт бол тэр нь амар санагдаж байгаа. Таван зуун төгрөг авлаа гээд хэл ам хийгээд байхгүй. Автобусны жолооч нарын цалинг тогтмол болгоод өгчихвөл болох л юм шиг санагдаж байгаа. Зорчигчдын төлбөрийг төрөөс даана гээд яригдаад байсан шүү дээ. Яг баттай мэдээлэл биш ч гэсэн 1000 төгрөгөөр өдөржин явбал иргэд машинаа унахгүй автобусаар явах л байх гэсэн бодолтой байдаг даа. 

- Та "ногоон" автобусуудыг очиж үзсэн үү?

-Хуучин автобусыг янзалчихсан санагдсан. Вьетнамд автобусны "араам" зэргийг нь янзалж, гадна талынх нь будаг, замаскийн хийсэн гэж сонссон. Манайхан "монголчилно" гэж ярьдаг шүү дээ. Тэгж засч янзалсан автобусууд байсан.

-Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн автобус бааз байдаг вэ?

-Хувийн бааз бол олон олон. “Тэнүүн огоо”, “Эрдэм транс”, “Сутайн буянт”, “Эм Сит”, "Трансбус”, “Блью бус” гэх мэт ер нь бол хориод бааз бол байгаа. Манай байгууллага бол жаран жолоочтой гэж ярьдаг. Гаралт нь бол гучин гаралттай. Өдөрт ихэнхдээ гаралт нь хүрдэггүй шүү дээ. Тав, зургаан гаралт дутуу  байдаг.

-Баяруудаар гэр бүлийнхэнтэйгээ баярлаж чаддаг уу?

-Ер л бол ажилтай байж таардаг. Арванхоёрдугаар сарын 31-нд ажилтай таарвал ажлаа тараад л баярлана даа. 

Нийтэлсэн: Т.Урангуа

Ө.Отгонбаатар: Автобусны жолооч нарын ажиллах хүч бага байна  
Үзсэн: 5173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй