
Жил жилийн наадам шинэчлэгдээд байна уу даа
Монгол наадам дэлхийд ганц гэж бахархан цээж дэлддэг байлаа. Цаашдаа ч гэсэн дэлхийд ганц хэвээрээ өвлөгдөн байгаасай гэж хүсэхгүй хэн байхав. Харамсалтай нь орчин үеээ дагаад ч тэр үү өнгө төрх нь өөрчлөгдөөд ч байх шиг. Үзэж харах юм байхгүй гэж зарим хэвлэлд шүүмжилсэн л байна лээ. Тэр ч юу юм бэ. Хүн бүрийн сэтгэлд бүтэн нийцнэ гэж хаа байхав. Олонхийн санаанд хүрч байвал болох нь тэр. Харангын Лхагва морьноосоо /эрлийз морь болохоороо өндөр цовхорч Лхагва байтугай нь унах л байсан биз. Няц дарагдаагүй нь их юм. Монгол морь байсан бол...эзнээ унагахгүй байсан даа гэх бодол зурсхийгээд өнгөрөв/ унасан, алдар цолтой бөхчүүд маань “тахимаа өгөх” нь ил цагаан болсон гэхчлэн ганц нэг зүйлийг эс тооцвол наадам болдгоороо болж, иргэд маань хуушуураа тоосоор амтлан иддэгээрээ идэж, сайд дарга нарын өмссөн зүүснийг шогширдгоороо шогширч, бас тэднийхээ “уясан” морьдоос хэнийх нь түрүүлэхийг хардгаараа харж, дотроо миний саналаа өгсөн гишүүний морь айрагдлаа хэмээн хөөрч гээд тоочоод байвал сонин хачин зөндөө зөндөө. Ерөнхийдөө бол Монгол наадам маань жирийн иргэдэд тав, зургаан өдөр албан ёсоор амрахаар хуульчлагдсаныг эс тооцвол нэг их хүртээлгүй ч юм шиг. Дэгсдүүлбэл шүү дээ. Гол нь хөрөнгө мөнгөтэй нөхөд хэр хэмжээгээ гайхуулах талдаа л түлхүү нааддаг болж дээ. Хэний морь түрүүлэх, хэний бөх магнайлах, хэний сум онох гээд бүгд л урьдчилан тооцоологдсон, тооцоологдох юу байхав зохицуулагдах гэвэл онохоор болчихсон байдаг гэх. Тааварлах гэж хичээгээд нэмэргүй.
Бөхийн таавар бол зүгээр л мөнгө олох арга. Тэрний оронд хэн хэнийг начин болгохыг таавал арай дээр. Мэдээж нутгийнхаа залууд “унах” тодорхой ч нутгийн хэдээсээ хэнийг амлаж “унах” нь сонин биз дээ. Гэхдээ л Монгол наадам сайхаан сайхан. Эрлийз морьд зонхилох болсон шиг, наадмаа англиар ч юм уу хятадаар тайлбарладаг, сумо шиг гадны бөхчүүд магнайлдаг болчихгүй л бол дүүрч. Дээхэн үед нэг ийм онигоо байсан даа. Сэлэнгийн наадамд нутгийн орос, хятад бөхчүүд зодоглоод, засуул нь “ ...хөвөнтэй өмдтэй хөх цамцтай нь Баянсаан, урт түрийтэй усны гуталтай нь Сашаа ...” гээд цааш үргэлжилдэг юм. Оргүй ч онигоо биш байх. Жишээ нь, одоогийн сумог хар л даа. Зүүний магнайд Монголын Хакухо Даваажаргал, барууны магнайд Монголын Харумофужи Бямбадорж гээд л. Бидэнд бол ч сайхан байлгүй яахав. Харин Япончуудын хувьд бол тийм ч таатай санагддаггүй л байлгүй, наадамтайгаа дүйцүүлээд бодоход шүү дээ. Тэгэхээр Монгол наадмаа нэг их орчин үежүүлж, гадаад дуу бүжгээр эхлүүлэн, эрлийз морь цовхруулаад хэрэггүй л юм шиг ээ.
Сумынхаа наадамд “зодоглов”
Хамгийн сайхан наадам бол сумынх гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Тэр тусмаа төрөлх сумынхаа наадмыг үзнэ гэдэг их онцлогтой. Сургуульд хамт сурч байсан, тоглож өссөн найз нөхөдтэйгээ уулзах, эмээ өвөө, ахан дүүстэйгээ учран золгох, хүүхэд насны дурсамж дүүрэн газруудаараа орох гээд хэлээд барахгүй. Наад зах нь хэний морь уралдаж, хэний хүү барилдаж, хэний сум онож байгааг гадарлах төдийгүй, ихэнхтэй нь ямар нэг сэжмээр ураг төрлийн холбоотой болохоор бүр ч сонирхолтой. Энэ жил бидний хэсэг нөхөд \ ангийн нөхдөө хэлж байна \ сумынхаа наадамд очсон юм. Онцлог нь гэвэл бид өдгөөгөөс 60 жилийн тэртээ сумынхаа сургуульд орж, 50 жилийн өмнө аравдугаар ангиа төгссөн улс л даа. Уг нь 34-үүлээ төгсөж байлаа. Хорвоогийн жамаар 12 маань тэнгэрийн орноо одож 22 үлдсэнээс 17 нь эхнэр хүүхэд, ач зээгээ дагуулж цугласнаас гадна, дөрөв, долоодугаар ангиа төгсөөд техникумд явсан, мал дээр гарсан нөхдөө хамруулсан болохоор 40 гаруй хүн болчихсон гээч. Манай анги их өвөрмөц. Хоёр долоодугаар ангиас нэг наймдугаар ангид бөөгнөрөхөд голдуу эрэгтэй хүүхдүүд тунаж үлдсэн юм. 29 эрэгтэй, 5 охинтой их хүчирхэг анги байж билээ.
Биеийн тамир, урлагаас эхлээд мод түлээ бэлтгэх, түймэр унтраах, өвс хадлан, төл хүлээн авах гээд оролцохгүй юм үгүй. Сурлагадаа ч сайн. Үүний илрэл нь манай ангийнхан бараг бүгдээрээ их, дээд сургууль дүүргэснээс, арваад нь гадаадын их, дээд сургууль төгссөн нь тийм ч элбэг тохиолдол биш байх шүү. Манайхнаас аж үйлдвэрийн гавьяат нэг төрсөн нь Эрдэнэтийн Рагчаа. За тэгээд гурван хүний их эмч, 15 инженер, зургаан багш, малын эмч, кино найруулагч, хуульч, төр захиргааны ажилтан, аварга тээвэрчин, мянгат малчин тус бүр нэгтэй. Бас болоогүй УИХ, ЗГ-ын гишүүнтэй гэж байгаа. Төр, улсдаа сайн ажилласны бас нэг баталгаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, алтан гадас одонгоор 20 хүн шагнагдаж, бүгдээрээ салбарын тэргүүний цолтой болсон. Монгол Улсын Гавьяат ажилтан цолоор шагнуулахаар 5 хүн тодорхойлогдсоноос 3 нь 3-4 удаа тодорхойлогдсон гээд бодохоор гайгүй ажилласан байгаа биз. Жишээ нь, Монголдоо ганц усан цахилгаан станцын инженер П.Баатар одоо хүртэл усан Тайшир, Дөргөн, Эгийн голын УЦС-ын төслүүд дээр зөвлөх инженерээр ажилласаар байгаа. Тайширын станцыг өгсөн үеэс хойш гурав дахь удаагаа гавьяатад тодорхойлогдсон ч сураггүй. Бас авто тээврийн салбарт инженерээс баазын дарга, яамандаа газар, хэлтсийн даргаар хүртэл ажиллаж байсан Б.Батбаяр, аймагтаа гурав, улсад хоёр ч удаа аварга тээвэрчин болж байсан Эрдэнэ-Очир нар мөн л 2-3 удаа гавьяатад тодорхойлогдсон ч авч амжилгүй тэтгэвэртээ суусан даа.
Бидний үеийнхэн чинь зүтгэл бүтээлээ одон тэмдгээр үнэлүүлэхийг хүсдэг нь нийтлэг жишиг. Өмнөх үед тэдний хөдөлмөр бүтээлийг мөнгөөр хэмждэг байсан биш. Хөөрхий тэд маань тэтгэврийн хоёр зуутайгаа л хоцорсонд харамсдаг л юм. Хэдийгээр 70 насны босгоор алхацгааж байгаа ч горьдлого тасраагүй л байх юм билээ. Ганц манай ангийнхан ч биш гэдэг тодорхой. Залуу халуун насаа хоёргүй сэтгэлээр төр түмэндээ зориулаад уут, шуудай дүүрэн баярын бичигтэй л үлдсэн ахмадууд аймаг, сум бүрт л байгаа. Ардчилсан Ерөнхийлөгч маань энэ талаар нэгийг бодох байлгүй дээ. Мэдээж бүгдэд нь гавьяат өгөлтэй биш. Гэхдээ энгэрт нь нэг нэг одон зүүгээд өгчихдөг бол мөн ч их буян хураана даа. Олон ахмадуудын хүслийг уламжилж байгаа маань энэ. Ийнхүү манай ангийнхан сумынхаа наадамдаа “зодоглосон” гэхэд болно. Манай анги гурван бөхтэй. Аймгийн заан Бат-Очир, сумын заан Намганжав хоёроос гадна пионер сурагчдын анхдугаар их наадамд үзүүрлэж байсан Бямбасүрэн гурав. Бат-Очир маань одоо ч наадмын бөх засдаг ахмад дасгалжуулагч. Манайхан гадны бөхийг байлснаас гээд цолтой хоёр бөхөө байлчихсан шүү.
Сүүлийн арваад жил сумын заан төрөөгүй гэнэ
Яагаад гэж үү. Жил жилийн наадмаар хотоос хэдэн бөхчүүд зодог, шуудгаа бүсэлж ирээд эхний байруудыг аваад явчихдаг болсноос улбаатай. Байнгын дасгал сургууль хийдэг тэдгээр бөхчүүдийг малаа хариулж, ажлаа хийж яваад бараг шууд зодоглодог сумын хэд яаж хүчрэхэв. Биеийн тамирын багш хөөрхий хэдэн биерхүү хүүхдүүд сонгож аваад бэлтгэл хийдэг нь гурав, дөрвийн даваанаас хэтрэхгүй. Үүнээс болоод бөх сонирхох залуус цөөрч байгаа тухай сумын дарга ярьсан. Ганц бөх ч биш хурдан морь ч ялгаагүй, мөн л гадны сайн уяачид хурдан морьдоо машинаар ачиж ирээд давхиулан айргийн бариаг хамчихдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн татвараас бүрдсэн бай шагналын хэдэн төгрөгийг гадны наадамчид аваад явчихдаг гэсэн үг. Уг нь сумын наадам гэдэг хэний хүү өссөн, хэний айраг иссэн, хэний морьны уяа сойлго сайн таарсныг шалгадаг сумын л наадам байдагсан.
Нутгийн бөх, морь түрүүлсэн бол ах дүүс, найз нөхөд, аав ээж нь баярлахаас гадна сумын удирдлагууд ч нүүр бардам айраг сөгнөж, найранд уригдах гээд шинэ шинэ бахархлууд нэмэгддэг. Гадны бөх, морьд ирснийг буруу гэх нь хаашаа ч юм. Гэхдээ л бодох ёстой асуудлын нэг мэт санагдаад болдоггүй. Аргаа барсан сумын Засаг дарга энэ жил сумаасаа хамгийн сайн барилдсан залуу бөхөд заан цол олгодог юм билүү гэж цөхөрч суухав. Болоогүй ээ. Төвөөс ирсэн чинээлэг уяачид том том жип хүлэглэж ирээд морь дагаж, сумын морьтой, мотоциклтой хэдэн уяачийг тоосоороо булчихдаг гэсэн. Үнэн байлаа. Тэгээд өнгөрсөн жилээс морь дагах машинуудаас 100 мянган төгрөгийн хураамж авдаг болсон ч сумын нөгөө хэдэд л хүндэвтэр тусдаг бололтой. Ийм зовлон ганц манай суманд биш байх. Тэгэхээр аймаг, сумын удирдлагуудаас эхлээд төр засгаас ч гэсэн сум руугаа хандсан зохицуулалт хийж яагаад болохгүй гэж.
Яахав сумын наадамд бөхчүүд, морьд очино л биз, харин бай шагналыг нь сумын иргэдээс удаалсанд нь өгдөг ч юм уу. Уг нь сумын наадамд гадны сайхан бөхчүүд ирж зодоглох ч гоё л доо. Ганцхан сумын заан төрөлгүй арваад жил болсон гэхээр харамсаад байх юм. Манай сум Хөвсгөл аймгийн Тариалан сум л даа. Дашрамд сумынхаа тухай товчхон дурдаад аян замын сониноо өндөрлөх үү. Аймагтаа хамгийн олон хүнтэй, анхны мал аж ахуйн машинт станц байгуулагдан, газар газрын иргэд цугларсан интернационал сум шүү. Уг үндэс нь гөрөөчин овгийнхон зонхилдог, их түүхтэй сум. Манжийн дарлалын үед одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт, Сант сум орчим цэргийн алба хааж байсан долоон залуу Манжуудыг эсэргүүцэн босч, баригдаад шоронгоос оргосон юм билээ. Тэгээд Тариалан сумын нутаг Намнангийн арын их хөвч ойд бүгж, ан гөрөө хийн амьдарч байгаад нутгийн бүсгүйчүүдтэй гэр бүл болон Гөрөөчний гэх шинэ овог үүсгэсэн гэдэг. Домог биш шүү, бодит явдал.
Энэ түүх бодит болохыг баталсан судалгаа, ном бичмэл ч байдаг. Бас манай сумынхан ихэнх нь Өвөрхангайнхан шиг хэлний үзүүрийн “г” үсгийг “га” гэж дууддаг нь үе дамжин үлдсэн гээч. Хэн нэг судлаач хөөж үзвэл сонин түүх гарах байх. Манай эцэг, уран Лувсангийн дунд хүү Шаравжамц тэдгээр долоон гөрөөчний нэг болох “Хурдан дайвгар”-ын удам гэдэг юм. Мартсанаас манай сум энэ жил улсын шилдэг сумаар шалгарсан юм. Дээр доргүй хөөрөөд л шагналаа хэрхэн хүлээж авах, хэзээ хурал хуйгаа зарлах гээд л бөөн бужигнаан болж байсан чинь Засгийн газар хавиар хуйвалдаан гарч, нөгөө бай шагналыг нь Архангай аймгийн нэг суманд өгчихдөг байгаа. Хэл ам татлаад ч нэмэргүй. “Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” болоод л өнгөрсөн дөө. Уг нь манай Хөвсгөлд ч сайн бөө байсан л даа. Ингэнэ чинээ хэн санахав. Гэхдээ л манай сум аль ч талаараа сайн гэдэгтэй хэн ч маргахгүй.
Олхонууд ШААБАР
Дэлхийд ганцхан манай сумын наадам | ||
Үзсэн: 3458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.