Шууд Chart

Заяа буянтай Золбоотын Буянжаргал мастер…

2024-01-08 09:34:38

Манай улсад волейболын Зүүн Азийн АШТ болоход шигшээ багийн чөлөөт хамгаалагчийн байрлалд одоогийн ОУХМ М.Цэрэнбаатарыг тоглуулж тэмцээндээ оролцож байсан цаг саяхан. Энэ нь 2015 оны явдал л даа. Үүнээс хоёр жилийн дараа Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжсөний түүхт ойгоор дахин Зүүн Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгууллаа. Тухайн үед З.Буянжаргал гэх тоглогч шигшээ багт гарааны хамгаалагчаар орж ирсэн нь одоо харахад манай волейболын түүхэн дэх чухал явдлуудын нэг байжээ.

Учир юу гэвээс магадгүй шигшээ багийн түүхэн дэх хамгийн олон тоглолтод оролцсон тамирчин эх орныхоо нэрийн өмнөөс анх удаа талбайд гарч байсан аж. Тэрээр шигшээ багийн төлөө албан ёсны тэмцээнд нийт 36 тоглолтод оролцоод байна. Энэ нь түүнийг манай улсын шигшээ багийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон хамгаалагч гэсэн амжилтын эзэн болгосон гэдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй.

Цаашлаад хамгийн олон тоглолтод оролцсон тамирчин болсон байж ч болно. Учир нь 2017 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд шигшээ багийн оролцсон бүхий л тэмцээнд тасралтгүй оролцсон тоглогч гэвэл З.Буянжаргал болон багийн ахлагч А.Даваажаргал нар л байна. Гэвч ахлагчийн хувьд оролцсон тоглолтын тоогоор арай цөөн учраас З.Буянжаргал шигшээ багийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болсон байхыг үгүйсгэхгүй.

Домогт тамирчин Ж.Хаянхярваа агсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа оролцсон цор ганц Монгол тамирчин болж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Гэвч тухайн үед шигшээ багт албан ёсны тэмцээн уралдаан цөөн байсан учраас оролцсон тоглолт 36-д хүрэхгүй байж мэднэ. Яагаад баталгаатай хэлж болохгүй байна гэхээр энэ тал дээр манай мэдээлэл тун дулимаг. Юутай ч миний тооцоолсноор шигшээ багт одоо идэвхтэй тоглож байгаа тамирчдаас хамгийн олон тоглолтод талбайд гарсан тоглогч нь Бунжа мөн.

Улсын шигшээд дуудагдахын өмнөөс клубийн амжилт нь ч дардам болж эхэллээ. Ялангуяа 2016 онд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, "Холбооны цом", Насанд хүрэгчдийн УАШТ, "Хасу цом", "Тэнүүн Огоо цом" гэсэн дөрвөн том тэмцээнээс дараалан шилдэг авч байв. Ийнхүү З.Буянжаргал шигшээ багт 1-р сонголтоор тоглож эхэлсэн бөгөөд түүнээс хойш ч “Хасу Мегастарс” клубийнхээ хамтаар дотоодын бүхий л томоохон тэмцээнүүдэд түрүүлж, дээд түвшинд тогтвортой амжилт гаргасаар өнөөг хүржээ. Нэг л жишээг онцлоход "Дээд лиг" эргэн сэргэснээс хойш түүнээс өөр монгол тоглогч шилдэг хамгаалагчийн шагналыг аваагүй байгаа юм.

Харин олон улсын түвшинд 2017 онд анхны тоглолтоо хийснээс хойш одоог хүртэлх хугацаанд манай шигшээ багийн оролцсон бүх тэмцээнд гарааны хамгаалагчаар тоглож байна.

Тодруулбал:
• 2017 - Зүүн Азийн АШТ
• 2018 - Азийн зуны спортын 18-р наадам
• 2018 - Азийн Чэлленж Кап
• 2022 - Азийн Чэлленж Кап
• 2023 - Азийн Клубуудын АШТ
• 2023 - Төв Азийн Үндэстнүүдийн лиг
• 2023 - Азийн Чэлленж Кап
• 2023 - Азийн зуны спортын 19-р наадам

З.Буянжаргалыг шигшээд орсноос хойш манай баг дээрх 8 тэмцээнд оролцсон. Энэ хугацаанд хамгаалагчийн байрлалд тэр үргэлж тэргүүн сонголт байсаар иржээ.

Өнгөрсөн хугацаанд өсвөрийн волейболчноос шигшээ багийн тоглогч болтлоо өсөн дэвшиж, залгаад энэ нэр хүнд, байр сууриа ч тун сайн хамгаалж, өндөрт өргөн явсаар. Өнөө ч түүнийг давах хамгаалагч хараахан гарч ирээгүй л байна. Үүнд тоглолт ур чадвараас гадна зан төлөвшил, харилцаа хүндлэл гээд олон зүйл бий. Олон жил нэг багийн төлөө тоглож байгаа нь л гэхэд түүний үнэнч, тууштай зан чанарын илрэл.

Хожмоо ч түүний нэр бүх цаг үеийн шилдэг хамгаалагчид хэзээд яригдах нь тодорхой. Монголд түүнээс илүү хамгаалагч дахин хэзээ гарч ирэхийг таашгүй...

Бэртэл ч түүнд төдийлөн төвөг болж байсангүй. Гэмтэл бол гэнэтийн, таамаглаагүй зүйл л тохиолдохгүй бол цэвэр бэлтгэл сургуулилт, тамирчны хувийн сахилга бат, зохион байгуулалттай л хамаатай зүйл байдаг. Буянаа бол тийм л зөв хандлагатай, хичээл зүтгэлтэй тамирчин. Үүний ард нөр их хөдөлмөр оршиж буй билээ.

Хуучны монгол киноны “Монголын минь буян заяа их дээ” гэх их чухал үг бий. Түүн шиг ийм тамирчин төрөн гарсан нь үнэхээр л Монголын буян заяа мэт. Баг хүнээр дутдаггүй гэх үзэл байдаг ч түүнээр бол манай баг үнэхээр дутна. Дээрх 8 тэмцээнд шигшээ баг Буянаагүй орж байна гээд төсөөлөхөд ч бэрх.

Гээд бодохоор Монголд волейбол хөгжөөд байгаа мэт боловч үгүй юм. З.Буянжаргал шиг сайн тамирчин гарч ирлээ гээд энэ спорт хөгжөөд байна гэсэн үг ч биш. Ийм тамирчин саяд эсвэл хэдэн саяд нэг төрнө. Харин ийм тамирчин бэлтгэж, боловсруулж гаргах сургалт, систем манайд алга. Бунжа бол төрмөл өгөгдөл, олноос онцгой зөн мэдрэмж, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ гарч ирсэн тамирчин. Үүнийг бид хэзээ <<бүтээдэг, үйлдвэрлэдэг>> болох вэ?

Өнгөрөгч оны 8-р сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн Залуучуудын наадамд манай улсын 17 хүртэлх насны хөвгүүдийн шигшээ багийн хамгийн дутагдалтай байрлал либеро (чөлөөт хамгаалагч) л байсан. Дараа нь холбогч. “Довтлогч болж байж л волейболчинд тооцогдоно” гэх хандлагыг хүүхдүүдийн сэтгэхгүйгээс авч хаясан цагт л энэ байдал жоохон ч гэсэн өөрчлөгдөж, өндийх байх. 1-р бөмбөг байхгүй л бол волейбол байхгүй шүү дээ. Уг спортын боловсон хүчнүүд тэр дундаа багш нар энэ сэтгэлгээн дээр л анхаарвал зохих болов уу.

Мөн бид одоо ч давуулалтын төхөөрөмж болох буугүй л яваа улс. Ядаж шигшээгийн бэлтгэлд буу ашигладаг болсон цагт олон улсад пасс алдаагүй тоглох боломж бүрдэнэ. Волейболыг хамгаалалтанд суурилж тоглож хэвших нь зүйтэй юм.

Тэгэхээр бид цаашид олон Буянаа төрөөсэй гээд залбирч сууцгаах уу? Эсвэл олон олон Буянааг бүтээхийн төлөө өөрчлөгдөж, хөгжих үү? Нэг бол буян заяандаа даатгасан нь дээр үү? Ямартай ч Монголын минь БУЯН ЗАЯА болж ирсэн тамирчин БУЯНЖАРГАЛ олон улсын хэмжээний мастер цолоор энгэрээ мялаасанд нь баяр хүргэж, эх орон элэг нэгтнүүдээ илүү олон удаа огшоон баярлуулж байхыг ерөөе!

- - -

Волейбол хөгжөөд байна л гээд байгаа боловч угтаа асуудал өөр. 2019 оноос Дээд лигийг эргэн сэргээж, “МNB Sport” сувгийн шууд дамжуулалт, цахим орчин дахь мэдээ мэдээлэл нь хүүхэд залууст илт нөлөө үзүүлэх болсон. Энэ нь волейболын тамирчид, тэдний шинэ дараа үе төдийгүй үзэгчдийн ч нэгэн шинэ үеийг бий болгож чадсан юм.

Ингэснээр волейбол илүү түгэн дэлгэрээд, тархаад л явж байгаа юм. Тэрнээс спорт нь хөгжсөн, хөгжиж байна гэж ярих нь зүй бус. Тиймээс хөгжүүлэх ажлыг хийх үүрэгтэй хүмүүс нь үүнийг харах цаг нь хэдийн иржээ. Бид ч шаардах цаг нь болжээ!

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Заяа буянтай Золбоотын Буянжаргал мастер…  
Үзсэн: 2875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-11 09:02
Буянжаргалдаа баяр хүргэе мөн Хасу багт баярыг хүргээд аавын минь өвөг дээдсийн нутгийн дүү улам их амжилтын төлөө урагшаа

Бидэнтэй нэгдээрэй