
Швед улс Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО-д элсэх өргөдлөө 20 сарын өмнө өгсөн. Шведийг гишүүнээр элсүүлэхийг тухайн үед НАТО-ийн гишүүн 30 орны 28 нь зөвшөөрч, Унгар болон Турк улс эсэргүүцсэн байсан юм. Тэгвэл Турк улс Шведийг НАТО-гийн гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төсөлд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр зөвхөн Унгар улс л Шведийг элсэхийг зөвшөөрөлгүй үлдэж байна.
Швед болон хөрш Финланд гэсэн хоёр улс Орос Украины дайн дэгдсэний дараа барууны цэрэг аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох НАТО-д элсэх өргөдлөө өгсөн. НАТО-гийн зүгээс өнгөрсөн 2023 оны 4-р сард Финландыг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсүүлсэн бол Шведийн өргөдөл өнөөг хүртэл маргаантай, хэлэлцэгдсээр ирсэн юм. Шведийг гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцэж байсан Турк улсын хувьд тэдний террорист гэж үздэг Курдын салан тусгаарлагч бүлэглэлийн гишүүд, цагаачдыг Швед улс хамгаалж байна гэдэг үндэслэлээр эсэргүүцэж байсан юм. Тэгвэл Туркийн зөвшөөрөл батлагдах сургаар Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссон өөрийн цахим хуудсан дээрээ “Бид НАТО-гийн гишүүн болоход нэг алхам ойртлоо” гэж бичиж нийтэлжээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Туркийн уг шийдвэрийг найрсгаар хүлээн авч байгаагаа мэдэгдэж, Унгар улсыг Шведийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрсөн хуулийн төслөө аль болох түргэн баталж эцэслэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Унгар улсын хувьд Швед улсыг өөрт нь дайсагнасан хандлагатай гэдэг үндэслэлээр гишүүнчлэлийг нь зөвшөөрөхгүй байгаа. Стокхольмын зүгээс урьд нь Унгар улсын засгийн газрыг Европын Холбооны ардчилсан зарчмаас ухарч байна гэж шүүмжилж байсан юм. Унгар болон Швед улс хоёулаа Европын Холбооны гишүүн мөн. Унгар улс Шведийн энэ шүүмжлэлийн хариуд хэврэгхэн ёс суртахууны хэм хэмжүүр баримталж, дүр эсгэлээ гэж шүүмжилдэг. Гэхдээ сүүлийн үед хоёр улсын харилцаа зөөлрөх хандлага ажиглагдаж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Өчигдөр гэхэд Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Шведийн ерөнхий сайдыг улсынхаа нийслэл Будапештэд урьж, хэлэлцэх сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Хоёр улсын хоорондох итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд яриа хэлэлцээг эрчимжүүлэх хэрэгтэй гэж тэрээр дурдсан. Тэгвэл Шведийн гадаад хэргийн сайд Тобиас Билстром энэ удаад Унгартай тохиролцох шалтгаан байхгүй. Гэхдээ ойлголцох үүднээс яриа хэлэлцээ явуулж болно гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Харин Турк улсын хувьд Унгараас ялгаатай нь өнгөрсөн 7-р сар хүртэл Шведийн гишүүнчлэлийг эсэргүүцэж байгаад хэлэлцээрт хүрч, түүнээс хойш Шведийн гишүүнчлэлийг улсын хууль тогтоох дээд байгууллагын түвшинд хэлэлцүүлж, батлуулахаар ажилласаар байсан юм. Өчигдрийн байдлаар Туркийн парламентад Шведийн гишүүнчлэлийг зөвшөөрөх хуулийн төслийг батлахаар 287 гишүүн зөвшөөрсөн санал өгч, 55 гишүүн эсрэг санал өгснөөр үндсэндээ олонхын саналаар Шведийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Одоо энэ хуулийг ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган зөвшөөрч гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болно. Шведийн тухайд, өнгөрсөн оны 6-р сард терроризмтой тэмцэх чангатгасан хууль баталснаар олон улсад террорист гэж тооцогддог бүлгүүдэд санхүүгийн болон ложистикийн тусламж үзүүлэх нь хуулиар хориотой болсон. Ингэж Туркийн итгэлийг олж авсан гэж олон улсын ажиглагчид дүгнэж байсан юм.
БНТУ: Швед улсын НАТО-д элсэх хүсэлтийг зөвшөөрсөн хууль батална | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.