
Атомын энерги судлаачдын олон улсын байгууллагаас жил бүр тохируулдаг “Дүүмсдэй” буюу “Мөхлийн өдөр”-ийн цагийг энэ жил шөнө дундаас 90 секундийн өмнө тохирууллаа. Энэ байгууллага ерөнхийдөө дэлхий дахины оршин тогтнох хугацааг хоногийн 24 цагаар төлөөлүүлж, цагийн зүү шөнө дундыг заахад дэлхий сөнөнө гэж зүйрлэдэг. Цаашлаад жил бүр хүний гараар бүтээгдсэн аюул гамшгийн нөлөөгөөр дэлхий сөнөхөд хэр их хугацаа үлдсэн байж болохыг энэ цагаар илэрхийлдэг юм. Тэгвэл энэ 2024 оны “Мөхлийн өдөр”-ийн цагийг түүхэн дэх хамгийн богино хугацаа буюу шөнө дундаас 90 секундийн өмнө тохируулсан байна. Ингэж тохируулахад дэлхий дахинд идэвхтэй өрнөж байгаа дайн мөргөлдөөнүүд, уур амьсгалын өөрчлөлт, мөн хиймэл оюуны хурдацтай хөгжил голлох шалтгаанууд нь болж байна.
Энэ цагийг анх 1947 оноос тохируулж эхэлсэн. Тухайн үед Дэлхийн 2-р дайн өндөрлөсөн ч улс орнууд анх удаа цөмийн зэвсэг гэдэг зүйлтэй танилцаж, дэлхий дахины түгшүүр арилаагүй үлдсэнээр барахгүй Коммунист, Капиталист ертөнцүүдийн таарамжгүй байдал улам бүр нэмэгдэж байсантай холбоотойгоор мөхлийн өдөр шөнө дундаас 7 минутын өмнө гэж тооцоолж байсан байна. 1949 онд ЗХУ анхны цөмийн туршилтаа явуулахад энэ эрсдэл улам нэмэгдэж, шөнө дундаас 3 минутын өмнө мөхлийн хугацаа тавигдаж байжээ. 1953 онд АНУ анхны устөрөгчийн бөмбөг туршихад энэ хугацаа 2 минут болж улам наашилсан байна. Улмаар хүйтэн дайны явцад энэ хугацаа шөнө дунд болоход маш ойрхон хэлбэлзэж байгаад 1991 онд Хүйтэн дайн дуусахтай зэрэгцэн мөхлийн өдрийн хугацаа 17 минут болж, анх хэмжээс эхэлснээс хойш анх удаа үлэмж хэмжээгээр мөхлийн хугацаа хойшлогдсон гэж үздэг. 1998 онд Энэтхэг, Пакистан улс цөмийн зэвсгийн туршилт явуулахад энэ хугацаа дахин 9 минут болж ойртсон байна. 2007 онд Умард Солонгос улс цөмийн туршилт явуулахад энэ хугацаа 5 минут болж ойртжээ. Үүнээс хойш 2015 онд цөмийн зэвсгийн аюулаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн аюул яригдаж эхлэхтэй зэрэгцэн мөхлийн өдрийн хугацаа 3 минут болж багасжээ. Тэгвэл энэ хугацаа түүхэндээ анх удаа хамгийн богино буюу 90 секунд болж, шөнө дундад нэн ойртож ирсэн үе нь 2023 он юм. 2023 онд мөхлийн тооцооллын хугацаа ингэж ойртсон шалтгаан нь Орос-Украины дайн, цөмийн зэвсгийн аюул, мөн уур амьсгалын өөрчлөлт байлаа. Тэгвэл энэ онд тус 90 секундийн хугацааг хэвээр нь хадгалж, харин үүнийг үүсгэж байгаа шалтгаан дээр нь хиймэл оюун ухаан болон бусад олон дайны уршгийг нэмжээ. Энэ хугацаа улам ойртох тусам дэлхий ертөнцөд цөмийн дайн болж, хүн төрөлхтөн мөхөл рүүгээ ойртох эрсдэл улам ойртдог гэж тодорхойлдог байна.
Энэ цагийг жил бүр тодорхойлж байдаг Атомын энерги судлаачдын олон улсын байгууллагын тэргүүн Рэйчел Бронсон БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа дэлхийн томоохон гүрнүүд байнга хэрэглэх юм шиг л цөмийн зэвсгээр хөөцөлдөж, хөгжүүлсээр байна. Одоо цаг үе бол цөмийн зэвсгийн аюул нүүрлэх маш эрсдэлтэй цаг үе. Үүнийг дэлхийн удирдагчид бодолцож үзэлгүй, хариуцлагагүй хандаж байна гэж шүүмжилсэн байна. Өнгөрсөн 2023 онд гэхэд ОХУ цөмийн энергиэр ажилладаг 120 мянга орчим зэвсэгт хэрэгсэл бүтээсэн бол АНУ 100 мянга гаруй цөмийн энергиэр ажилладаг зэвсэгт хэрэгсэл, БНХАУ 8000 гаруй зэвсэгт хэрэгсэл, Франц улс 6000 орчим, Их Британи 4500 орчим, Пакистан, Энэтхэг зэрэг улс тус тус 3000 орчим, Израил улс 2000, Умард Солонгос 600 орчим цөмийн энергиэр ажилладаг зэвсэгт тоног төхөөрөмж бүтээжээ.
“Дүүмсдэй” буюу “Мөхлийн өдөр”-ийн цагийг шөнө дундаас 90 секунд дутуу гэж тохируулав | ||
Үзсэн: 2175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.