Шууд Chart

Эбола вирусын халдвараас сэргийлье

2014-08-19 14:32:06

Баруун Африкт хүрээгээ тэлж, дэлхийн олон оронд түгшүүрийн харанга дэлдэж байгаа Эбола өвчний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд зөвлөмж хүргүүллээ.

Зөвлөмжид:

  1. Эболагийн цусархаг халууралтын дэгдэлт бүртгэгдэж байгаа Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол ажлаар түр хугацаагаар зорчихгүй байх;
  2. Хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдод тавих хяналтыг сайжруулж голомтын бүс нутгаас ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн дэлгэрэнгүй асуумж судалгааг /нислэгээс өмнөх гурван долоо хоногийн хугацаанд хаана байрлаж байсан, зорчсон улс, хотын нэр, Монгол Улсад байрлах хаяг, албан газар, холбоо барих утас... гэх мэт/ авах;
  3. Уг халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл тохиолдол ба хавьтлуудыг түр тусгаарлахарга хэмжээ авч, холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх,
  4. Зөвхөн ойрын хавьтлуудад тандалт хийх;
  5. Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангасан /яаралтай тусламжийн эм, тариа, амьсгалын аппарат, халдвар хамгааллын хувцас, үзлэг, оношлогооны багаж гэх мэт/ тусгаарлах өрөөнд түр саатуулж мэргэжлийн байгууллагад /ХӨСҮТ, аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллага/шилжүүлэх;
  6. Явцын халдваргүйтгэлийг сэжигтэй тохиолдлын шүүрэл, цэр, цус болон хүрэлцсэн бүх эд зүйлсийг 0.5%-ийн натрийн хипохлоритын уусмал, эсвэл 0.5%-ийн фенол бүхий халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэглэн  халдваргүйтгэл хийх;
  7. Ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн байнгын бэлэн байдлыг ханган ажиллах;
  8. Аялал жуулчлал, шашин, энхийг сахиулах зорилгоор голомттой бүс нутаг рүү зорчих, тэдгээрээс ирж буй зорчигчдод уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх;
  9. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг халдварт өвчний талаар үнэн зөв мэдээллийг өгч, http://www.who.int/csr/don/ebola/en/, www.nccd.gov.mn зэрэг эх сурвалжаас өдөр тутмын мэдээг авч үйл ажиллагаандаа ашиглахыг тусгажээ.

Эбола вирусийн халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөж бөөлжих, дотор муухайрах, цаашид цусаар бөөлжих, эхлээд усаар, цаашдаа цусархаг шингэнээр суулгах, хэвлийгээр тархмал өвдөх, сэтгэц өөрчлөгдөж нойрмог болох, нүдний салстын судсууд өргөсөн улайж өвдөх, зүрхний булчин үрэвсэж, артерийн даралт буурах, элэг дэлүү томрох, их биеэр гүвдрүүт тууралт гарах шинжүүд илэрнэ.

Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний гэмтэл, бөөрний дутал, тархи мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан шокоор төгсдөг. Африкт нас баралт 50-90 хувьтай байна.       

   Халдварын үүсгэгч:

          Эбола болон Марбургийн халдваруудын үүсгэгч вирус нь шинэ омог болох filovirus төрөлд багтдаг. Голч нь 80 нм вирион, уртаашаа 790-970 нм, Filoviridae бүлгийн вирус. Marburg вирус нь Ebola вирусээс антигений хувьд ялгаатай. Зайр, Суданы эболагийн омгууд антиген, биологийн шинжээрээ ялгагддаг.

       Халдварын эх уурхай:

       Өвчний эх уурхай нь өвчтэй хүн, зарим төрлийн сармагчин, гэр сууцны орчимд амьдардаг мэрэгчид юм.

       Халдвар дамжих зам, нөлөөлөх хүчин зүйл:

       Халдвар ихэвчлэн ахуйн хавьтлын замаар тархах боловч агаар дуслын болон бэлгийн замаар халдварлаж болох нь тогтоогджээ. Мөн ариутгаагүй зүү, тариураар ч халдвар дамжих бололцоотой. Халдвартай цус, шүүрэл, эрхтэн, үрийн шингэнтэй шууд харьцахад хүнээс хүнд халдана. Эмнэлгээс шалтгаалсан халдвар элбэг тохиолддог Зайрт халдвартай зүү, тариур хэрэглэсэн өвчтөнүүд бүгд нас барсан. Эмнэл зүйн эдгэрэлтээс хойш долоо хоногийн дараа үрийн шингэнээр халдвар дамжсан байна.

       Халдварын нууц үе:

       Эбола вирусийн үед 2-21 хоног.

       Халдварын хяналт:

       Вакцин болон өвөрмөц эмчилгээ байхгүй.

         Тархалт: Эболын цусархаг халууралтын дэгдэлт анх Зайр Улсын Ямбуха дүүргийн Эбола голын нутагт 1976 онд, Өмнөд Суданд 1976, 1979 онд Кенид 1980 онд, Зайрт 1995 онд, Габонд 1996 онд тус тус гарчээ. Марбургийн өвчин:1967 онд Германы Марбург, Франкфурт, Югославын Белград хотод Африкаас авчирсан ногоон сармагчинтай ажилладаг лабораторийн ажилчдын дунд дэгдэлт байдлаар гарч, 1975,1985 онд Кенид гарч байжээ. Их хүнд боловч тун ховор гардаг байна. Марбургийн өвчлөл 5 удаа тохиолдсон: 1967 онд Герман, Югославт, 31 хүн халдвар авч 7 нь нас барсан. 1975 онд Өмнөд Африкт гарч 3 хүн нас барсан нь Зимбабвегээс гаралтай байв. 1987 онд Кенид нэг хүн нас барсан байна.


Эбола вирусын халдвараас сэргийлье  
Үзсэн: 2911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй