Шууд Chart

АНУ-ын зэвсгийн экспорт 2023 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

2024-01-31 10:57:04

Оросын Украинд хийж байгаа дайны нөлөөгөөр буюу улс орнууд Украинд нийлүүлсэн зэвсгийнхээ нөөцийг нөхөж байгаагаас АНУ-ын гадаад зах зээлд экспортолсон  зэвсгийн борлуулалт өнгөрсөн онд эрс өсөж 238тэрбум америк долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.  АНУ-ын засгийн газар 81 тэрбум ам.долларын борлуулалт хийхэд шууд хэлэлцээ хийсэн нь 2022онтой харьцуулахад 56 хувиар өссөн болохыг Төрийн департаментын тайланд тусгасан байна. Тухайлбал Цэргийн хүчээ өргөжүүлэхээр хөөцөлдөж байгаа, Украины хөрш Польш улс АНУ-аас хамгийн их зэвсэг худалдан авсан байна.

Польш 12 тэрбум ам.доллароор Апаач нисдэг тэрэг, хөдөлгөөнт их бууны пуужингийн систем (Хаимарс) 10 тэрбум доллар, M1A1 Abrams танк 3,75 тэрбум доллароор тус тус худалдан авсан талаар өнгөрсөн аравдугаар сард дууссан АНУ-ын засгийн газрын санхүүгийн жилийн тайланд дурджээ. Мөн агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах байлдааны удирдлагын нэгдсэн системд 4 тэрбум доллар төлсөн байна. Польшийн ерөнхий сайд Дональд Туск Польшийг "Европын хамгийн хүчирхэг хуурай замын цэрэгтэй улс" болгох зорилготой өмнөх консерватив засгийн газрын цэргийн шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ амласан. Харин Герман улс Бойнгийн Chinook нисдэг тэргийг 8.5 тэрбум доллароор, Болгар улс АНУ-аас авсан Stryker хуягт тээврийн хэрэгсэлд 1.5 тэрбум доллар төлсөн бол Норвег 1 тэрбум долларын өртөгтэй олон үүрэгт нисдэг тэрэг Америкаас тус тус худалдаж авсан байна. Чех улс мөн 5.6 тэрбум ам.доллароор F-35 тийрэлтэт онгоц, сум хэрэгсэл Америкаас худалдан авчээ. "Зэвсгийн технологи шилжүүлэх, батлан хамгаалах салбарын худалдаа нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд урт хугацааны үр дагавар авчрах АНУ-ын гадаад бодлогын чухал хэрэгсэл юм" гэж Төрийн департамент Даваа гарагт гаргасан жил тутмын тайландаа дурджээ. АНУ-ын төрийн департаментын зэвсэг шилжүүлгийн албаны даргын мэдэгдсэнээр улс орнууд олон жилийн турш АНУ-ын дараа хоёр дахь том зэвсэг экспортлогч байсаар ирсэн ОХУ-ын зэвсгээс татгалзсан нь Америкийн зэвсгийн борлуулалтыг эрс нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. цагаан ордны тэргүүн Жозеф Байден Америкийн Украинд үзүүлэх дэмжлэг зэвсгийн худалдаагаар дамжин дотоодын эдийн засгийг дэмжинэ гэж үзэж байгаа. Гэвч АНУ-ын хууль тогтоогчид Украинд үзүүлэх шууд дэмжлэгээ зогсоох хүсэлтэй байгаа төдийгүй Бүгд найрамдахчууд Украинд үзүүлэх тусламжийг АНУ-ын цагаачлалын бодлогын шинэчлэлтэй уялдуулахаар шахаж байна Энэ лхагва гарагт НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Алабама дахь Lockheed Martin компанийн пуужингийн байгууламжид зочилно. Энэ нь АНУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрлэл НАТО-д чухал ач холбогдолтойг харуулна гэж шинжээчид үзэж байна. Америкаас зэвсэг авч байгаа Европоос бусад орнуудын хувьд Өмнөд Солонгос F-35 тийрэлтэт онгоц 5 тэрбум доллароор, Австрали C130J-30 Super Херкулес онгоцыг 6.3 тэрбум доллароор, Япон улс E-2D Hawkeye эргүүлийн онгоцыг 1 тэрбум доллароор худалдан авахаар гэрээ байгуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын зэвсгийн экспорт 2023 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй