Шууд Chart

БНХАУ-д “Хоёрдугаар чуулган” эхэллээ

2024-03-06 10:58:07

Дэлхийд эдийн засаг, техник технологийн хөгжлөөр тэргүүлэгч орнуудын нэг БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэлж ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид хүрэлцэн ирж оролцлоо. 

Уг чуулганд Хятад улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон томоохон бизнес эрхлэгчид, технологи, хэвлэл мэдээлэл, соёл урлаг гээд бүхий л салбарын тэргүүлэгчид оролцдог юм.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төвд болж буй Ардын төлөөлөгчдийн Их хурлын чуулганд энэ жил 2956 депутат оролцож байна.

Нийт долоо хоног буюу гуравдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус чуулганаар 2023 оны төв, орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайлантай танилцах бөгөөд 2024 оны холбогдох төслүүд болон өөр долоон чухал сэдвийн хүрээнд хэлэлцэнэ.

Хууль тогтоогч удирдах албаны хүмүүс оролцох тус чуулганы эхэнд 2023 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжсэн байдал болон засгийн газрын ажлын талаар Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян илтгэл тайлан тавив.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы эхэнд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн тухай статистик мэдээллийг танилцуулсан бөгөөд энэ онд ДНБ-ий өсөлтөө 5 орчим хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд Ли Чян тус чуулганаар мэдэгдсэн эл зорилт нь “Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас гаргасан өсөлтийн төсөөллөөс өндөр байгаа нь нэг талаараа эрсдэлтэй хэдий ч нөгөөтээгүүр улс орон, иргэдээ дэмжсэн мэдэгдэл болсон” гэдгийг олон улс дахь шинжээчид онцолсон байна.

Тэрбээр “2023 онд Хятадын байгаль орчны байдал илтэд сайжирсан бөгөөд тогтвортой ахиж байгаа, эдийн засгийн дотоод зохицуулалтуудыг бэхжүүлж тогтвортой өсөлтийг дэмжиж ажилласан, инновацын нөлөөтэй аж үйлдвэрийн шинэчлэлүүдийг хийсэн, 2024 онд шинээр 12 сая ажлын байр бий болгож, шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжлийг дээшлүүлэн улс орон чанартай үсрэнгүй хөгжилд хүрэх болно” зэрэг олон чухал асуудлуудыг уг илтгэлийн үеэр өгүүлэв.

Түүнчлэн чуулганы үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" БХАТИХ-ын Байнгын хорооноос гаргасан саналыг хэлэлцэх юм. Мөн БХАТИХ-ын Байнгын хороо, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газар зэрэг байгууллагуудын ажлын гүйцэтгэлтэй танилцах аж.

Хууль тогтоогчид шинэчлэл ба өндөр чанартай бүтээмж бүхий шинэ үйлдвэрлэлийн хүчийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүд, түүний дотор "Нэг бүс- Нэг зам" санаачилга, эдийн засаг, нийгмийн хамгааллын хөтөлбөр болон хувийн хэвшлийг хөгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

БХАТИХ-ын хуралдаан тус улсын хамгийн дээд зөвлөлдөх байгууллага болох Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөл (УТЗЗ)-ийн Үндэсний хорооны чуулгантай жил бүр зэрэгцэн болдог нь онцлогтой. УТЗЗ-ийн хуралд төрийн байгууллагууд, зэвсэгт хүчин, нийгэм улс төрийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, шашин, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөллүүд төдийгүй БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутаг болох Хонконг, Макао, нэмээд БНХАУ-ын 56 үндэстэн, гадаадаас буцаж ирсэн хятад иргэд зэрэг 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Чуулганы эхэнд УТЗЗ-ийн дарга Ван Хунин тус зөвлөлийн байнгын хорооны ажлын тайланг танилцуулж, энэ үеэр гишүүд мөн жилийн өмнө болсон анхдугаар чуулганы дараа улс төрийн зөвлөхүүдийн саналыг тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд хэрхэн тусгасан талаар илтгэл сонссон юм.

Зөвлөлийн гишүүд Хятадын шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилго зорилтод хэрхэн хүрэх талаар санал боловсруулахад гол анхаарлаа хандуулах юм байна. Түүнчлэн хүн амын дундаж нас, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эмэгтэйчүүдийн төрөх тоо буурч байгаа зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх аж. Зөвлөлдөх байгууллагаас гарсан саналуудыг БХАТИХ-аар хэлэлцүүлдэг юм.

БХАТИХ-ын чуулган нээгдэхээс нэг өдрийн өмнө УТЗЗ-ийн хурал эхэлдэг уламжлалтай. “Two Sessions” буюу “Хоёр чуулган” хэмээн нэрлэгддэг эдгээр чуулган нь Хятадын улс төрийн салбар хүрээний нэн томоохон үйл явдалд тооцогдоно. Мөн энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа тул улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол чиглэлүүдийг тодорхойлох энэхүү "Хоёр чуулган" энэ өдрүүдэд олон улсын шинжээч, ажиглагчдын анхаарлын төвд орж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

БНХАУ-д “Хоёрдугаар чуулган” эхэллээ  
Үзсэн: 1343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй