Шууд Chart

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

2024-03-09 09:47:38

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох БХАТИХ-ын 14 дэх удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган нийслэл Бээжин хотноо үргэлжилж байна.

Нийт долоон өдрийн турш үргэлжлэх тус чуулганы үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд хэвлэлийн бага хурал хийж, гадаад үйл ажиллагааны талаар албан ёсны мэдэгдлүүдийг өгөхийн зэрэгцээ дотоодын болон олон улсын сэтгүүлчдийн сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И "Хятадын дипломат бодлого, гадаад харилцаа" сэдвээр энэ удаагийн хэвлэлийн хурлыг зохион байгуулсан юм.

Тэрбээр нэн тэргүүнд “Өнөөгийн дэлхий ерmөнцийн байдал маш ихээр өөрчлөгдөж, хүн төрөлхтний нийгэмд олон төрлийн сорилт тулгарч байна. Өөрчлөлт шинэчлэл, үймээн ихтэй олон улсын орчинд БНХАУ дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн чухал хүчин байх болно” гэж мэдэгдлээ.

“Бүс ба Зам” санаачилгыг арван жилийн турш хамтран бүтээн байгуулсны эцэст энэхүү олон нийтийн бүтээгдэхүүн нь дэлхийн хамгийн өргөн хүрээтэй, хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын хамтын ажиллагааны тавцан болсон юм. Хятадаас дэвшүүлсэн Дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн "Гурван том санаачилга"-ыг олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийд нь хүлээн зөвшөөрсөн. 2023 онд БРИКС-ийн хүрээг өргөжүүлэхээс эхлээд 2024 онд Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ форумыг зохион байгуулах хүртэл Хятадын хүчин чармайлтаар "Дэлхийн өмнөд"-ийн орнуудыг олон улсын дэг журмыг өөрчлөх гол хүчин болгоход түлхэц өгч, дэлхийн засаглалд шинэ уур амьсгал авчирсан юм.

БНХАУ-ын хувьд олон улсын тавцанд хүч нөлөөлөл ихтэй үсрэнгүй хөгжил бүхий улс орнуудын нэг тул дэлхийн дахинд өрнөж буй олон маргаантай асуудал, зөрчилдөөнд ямар байр суурьтай байх нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Израил Хамасын мөргөлдөөний тухайд БНХАУ газын зурваст яаралтай гал зогсоохыг дэмжиж байгаа. Мөн газын зурваст болж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Палестины тусгаар тогтнолыг дэмжих хэрэгтэй талаар Ван И уриалж байсан юм.

Харин ОХУ болон Украины дайны тухайд БНХАУ-ын Орос, Украин аль аль талын харилцан зөвшилцлийн дагуу олон улсын чуулга уулзалт зохион байгуулж аль болох түргэн хугацаанд оролцогч талуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгахыг хичээж буй юм байна.

Тайванийн асуудлаар Ван И БНХАУ-ын эрх баригчдын тууштай баримталдаг байр суурийг дахин бататгалаа. Өөрөөр хэлбэл, Хятад болон Тайванийг энх тайван замаар нэгдэх хэрэгтэй. Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдэд хандан галаар тоглож байна гэж анхааруулсан юм. Өнгөрсөн онд БНХАУ, АНУ-ын ерөнхийлөгчид уулзсаны дараагаар хоёр улсын хоорондын харилцаа сайжирсан. Гэсэн ч Тайванийн талаар залруулж ойлголцох шаардлагатай буруу ойлголтууд хоёр орны дунд байгаа гэдгийг мөн хэллээ.

Ван И мөн “Ши Жиньпин дарга “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш 10 гаруй жил бол өнгөрч, энэ үйл ажиллагааны хүрээнд хамтын бүтээн байгуулалтууд олон амжилтад хүрч чадлаа. Энэхүү санаачилга дэлхий нийтэд олны талархлыг хамгийн ихээр хүлээсэн олон улсын хамтын ажиллагаа. Түүнчлэн олон улсын харилцааны хамгийн өргөн цар хүрээтэй талбар, оролцогч талуудын хамтын ажиллагаа, боломж гарц, хөгжил цэцэглэлтийн зам болж байна.

Ши Жиньпин дарга “Бүс ба Зам”-ын олон улсын гуравдугаар форумд Хятад улсын хэрэгжүүлэх найман талт үйл ажиллагааг зарласан нь “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаа чансаатай хөгжлийн шинэ шатанд орж байгаагийн бодит илрэл болсон юм. Торгоны замын үзэл баримтлалыг бид өвлөн уламжилж, оролцогч талуудын хамтаар форумын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны хоёр дахь алтан арван жилийг нээхэд бэлэн байна” гэжээ.

Өнөөдөр дэлхийн хөгжлийн эрч суларч, зарим улс орон харилцаа холбооны “гинжин хэлхээг салгаж" буй нөхцөл байдалд Хятад улс нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах нь зүй гэж мэдэгдэв. Мөн Европ тивийн Швейцар, Унгар, Бельги, Австри, Люксембург улсын иргэдэд БНХАУ-д визгүй зорчих боломжийг нээнэ гэж мэдэгдсэн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Мөн дэлхийн олон оронд БНХАУ-ын иргэдэд визийн журмыг хөнгөвчилнө гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр дотоодын томоохон хэвлэл мэдээллүүдийн байгууллагуудаас гадна олон улсын сэтгүүлчдийн нийт 21 асуултад хариулсан юм. Үүнд их гүрнүүдийн хоорондын харилцаа, бүс нутгийн халуун цэг, дэлхийн засаглал зэрэг олон асуудлыг хөндсөн байна.

Одоогоор Украины хямрал үргэлжилж, Палестин, Израилын байдал шат өгсөн, геополитикийн мөргөлдөөн ширүүсэж байна. Хятад улс өөрийн аюулгүй байдал, тогтвортой байдалд найдаж байгаа төдийгүй дэлхийн энх тайвны төлөө идэвхтэй чармайлт гаргасаар байна. 2023 онд Саудын Араб болон Ираны эвлэрэхэд тус дөхөм үзүүлж, Украины хямралд зуучлах, Палестин-Израилийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2712-р тоот тогтоол батлахыг дэмжих зэргээр энх тайвныг баталгаажуулах талд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Хятад улс халуун цэгийн асуудлыг шийдвэрлэх Хятадын онцлогтой арга замыг танилцуулсан бөгөөд энэ нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг баримтлах, улс төрийн аргаар зохицуулахыг баримтлах, бодитой, шударга байхыг баримтлах, асуудлыг уг үндэснээс нь шийдвэрлэхийг баримтлах явдал юм.

Өнөө үед барууны зарим томоохон орнууд дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журамд ноцтой нөлөөлж, дэлхийн эмх замбараагүй байдлыг улам хурцатгасан нэг талт үзэл, ивээх үзлийг баримталж байна. Томоохон улс орнуудын хувьд дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хангах тал дээр голлох үүрэг хариуцлагыг хүлээдэг. Тус хэвлэлийн бага хуралд БНХАУ Хятад-Америк, Хятад-Европ болон томоохон орнуудын хоорондох харилцааны талаар байр сууриа илэрхийлэв.

Ингэхдээ “Эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, эдийн засгийн хүртээмжтэй байдал, даяаршил нь дэлхий олон улсын иргэдэд хэрэгтэй байгаа дэг журам” гэсэн нь онцлох хариулт байв.

2024 онд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг 5.2 хувийн өсөлтөөр хангана. Одоогийн байдлаар Хятадын нийт тарифын хэмжээг ДХБ-ын хөгжингүй орнуудын хэмжээнд хүртэл бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх сөрөг жагсаалтыг 31-ээс цөөн болгон бууруулсан байна.

Мөн үйлдвэрлэл нийлүүлэхийг бүрэн чөлөөлж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг хурдацтай хөгжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь хэмжээ нь дэлхийд дээгүүрт орж байна.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхий дахинд ашиг тусаа өгсөөр байгаа юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурал зохион байгууллаа  
Үзсэн: 2591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй