Шууд Chart

ЦУОШГ: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024-04-01 11:18:26

Монгол орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл 3 дугаар сарын сүүлийн 10 хоногт эхэлж усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдан урин дулаан цаг ирж агаарын температур дулаарсантай холбоотой тус үзэгдлүүд идэвхэжсээр гол мөрөн 4 дүгээр сарын сүүлийн 10 хоногт мөснөөс бүрэн чөлөөлөгддөг.

Харин энэ жилийн хувьд гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа олон жилийн дунджаас 5-15 хоногоор эрт тохиох ба хаврын мөсний үзэгдэл олон жилийн дунджаас Сэлэнгэ мөрөн дагууд 20-25 хоногоор эрт, Орхон болон Туул голын дагууд 10-15 хоногоор эрт харин Алтайн уулсын дагуух Ховд Хангайн нурууны Түй мөн Хануй зэрэг голуудад 15-25 хоногоор хожуу ажиглагдах төлөвтэй байна. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн арав хоногт харин голын дунд ба адгаар гуравдугаар сарын сүүлийн арав хоногт эхэлж, тавдугаар сарын 10-20 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө.

Хаврын шар усны үерийн тухайд олон жилийн ажиглалт хэмжилтээс харахад Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэй нуруунаас эх авсан голуудад 4 дүгээр сарын эхний 10 хоногт эхэлж 5 дугаар сарын эцсээр үндсэндээ дуусдаг бол Монгол алтайн нуруунаас эх авсан Буянт, Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд шар усны үер өндөрт орших мөсөн гол, мөнх цастай уялдан 7 дугаар сарын дунд үе хүртэл ажиглагддаг.

Харин энэ жилийн хувьд 4 дүгээр сарын урьдчилсан мэдээнээс ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бөгөөд тухайн үеийн цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр урсах зэрэг үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж улмаар цөнгийн хахаа үүсэж, ус эргээсээ хальж эрэг орчмын газар нутаг усанд автах эрсдэл үүснэ. Иймд голуудын сав газар нутаглаж буй ард иргэд, үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацааг ус судлалын харуул орчмоор гарган хүснэгтэд үзүүлэв.


ЦУОШГ: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй