Шууд Chart

Боаогийн Азийн чуулга уулзалт боллоо

2024-04-02 12:49:20

Азийн орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 4.5 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ таамгийг БНХАУ-ын Хайнань мужид болсон Боаогийн чуулга уулзалтын эхний өдөр танилцуулсан “Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцийн ахиц дэвшил-2024” тайланд дэвшүүлсэн байна.

Тус тайланд “Ази-Номхон далайн бүсийн улсууд гаднын сорилт бэрхшээлийг үл харгалзан хөгжсөөр байх болно. Өнгөрсөн онд энэ бүсийн улс орнуудын хөгжлийн инерцийн үзүүлэлт 4.3 хувь байсан" гэж дурджээ. Азийн орнуудын эдийн засаг харьцангуй хурдацтай өсөх төлөвтэй байгааг ийнхүү онцолсон байна.

2002 оноос хойш тогтмол болж буй Боаогийн чуулга уулзалтыг БНХАУ-ын Засгийн газар 2001 онд анх зохион байгуулж байв.

Ази, Номхон далайн бүс нутгийн 30 орчим улс нийт 60 гаруй улс орны 2000 орчим төлөөлөгч оролцож буй энэхүү чуулга уулзалт энэ онд гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд "Ази ба дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага" уриатайгаар болж өндөрлөлөө.

"Дорнын Давос”, “Азийн Давос” гэгддэг уг чуулганы үеэр чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, Ази болон бусад бүс нутгийн бизнес эрхлэгчид, Засгийн газрын төлөөлөгчид байр сууриа нэгтгэдэг. Хятадын эрх баригчид чуулга уулзалтын энэхүү талбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, олон улсын харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэхэд тустай зөөлөн дипломат ажиллагааны үр дүнтэй хэрэгсэл гэж үздэг юм.

Боаогийн Азийн чуулга уулзалт нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн инновац гэсэн дөрвөн том сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хамтын нийгэмлэгүүдэд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, үүрэг, хариуцлагаа хэрхэн оновчтой шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж буй юм байна.

Мөн Монгол Улсаас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус чуулга уулзалтын “Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт Сингапур, Хятадын Хонконг, Индонез, Лаос улсын Төв Банкны болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагатай хамт оролцов. Тэрбээр Азийн бүс нутагт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.

Нэгдүгээрт, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндсөн. Азийн орнуудыг хамарсан иж бүрэн тогтолцоог бий болгох нь зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх замаар эдийн засгийн тэлэлтэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолсон.

Хоёрдугаар асуудал нь хөрөнгө оруулалтыг дэмжих замаар санхүүгийн салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай байв. Монгол Улсын санхүүгийн салбар тэлсээр байгаа боловч санхүүгийн салбарын активын 90 орчим хувийг банкны салбар бүрдүүлсэн хэвээр байгааг дурдлаа. Монгол Улс банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн байгууллагууд нэвтрэн орж ирэхэд нээлттэй, дэмжих бодлого баримталж байгааг энэ ташрамд дуулгасан юм.

Гуравдугаарт, ногоон санхүүжилтийн чиглэлээр санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн. Тэрбээр энэ тухай тайлбарлахдаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа нь асар их хөрөнгө оруулалт шаардах тул бүс нутгийн эдийн засгийн интеграци болон уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг дэмжих урт хугацааны санхүүжилтийн механизм бүрдүүлэх хэрэгцээ байгааг онцоллоо. Ногоон эдийн засаг нь Монгол Улсын хувьд харьцангуй шинэ салбар боловч манай Засгийн газар 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг суурь түвшнээс 23 хувиар бууруулах үүрэг амлалт хүлээж, олон санал, санаачилга гарган ажиллаж байгааг онцолсон. Мөн тогтвортой санхүүжилтийг дэмжихэд Монголбанк манлайлан оролцож, 2019 онд санхүүгийн салбарт ногоон таксономи, 2022 онд Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураглалыг батлан хэрэгжүүлж байгаа бол 2023 оны зургаадугаар сард Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын таксономиг батлаад байгаа зэрэг үр дүнг дурдан танилцууллаа.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Боаогийн Азийн чуулга уулзалт боллоо  
Үзсэн: 2234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй