Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2024-04-22 14:58:43

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-ны өдөр Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны 04-р сарын 22-ны 20 цагаас 04-р сарын 23-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1-6 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2024 оны 04 сарын 24-нөөс 2024 оны 04 сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 хэмийн дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн   
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй