Шууд Chart

БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

2024-04-23 10:39:51

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл өнөөдөр ч гэсэн дэлхийн өнцөг булан бүрт шахам тохиолдож байна.

Хамгийн ойроос дурдвал, Хятадын урд талын Гуандун мужид бороо үргэлжлэн орсноос үерийн гамшигт өртөж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд буй юм байна.

Мужийн төв Гуанжчоу хот болон Шаогуан, Хеюан зэрэг хэд хэдэн хотод нөхцөл байдал хамгийн хүндрэлтэй байгаагаас хичээл сургуулиудыг хаасан, Гуанжоугийн олон улсын нисэх буудал ажиллахгүй байгаагаас нислэгүүдийг цуцлах юм уу, хойшлуулсан байдалтай байна.

Мужийн хэмжээнд ням гарагийн оройны байдлаар л гэхэд нийт 82559 хүнийг нүүлгэн шилжүүлснийг мэдээлж байжээ.

"Синхуа" агентлагийн мэдээгээр, наанадаж 4 хүн амь эрсэдсэн, 10 хүн сураггүй байгаа бол, хүмүүс гэмтэж бэртсэн мэдээ одоогоор ирээгүй талаар албаныхан мэдээлсэн байна.

127 сая хүн амтай, Хятадын үйлдвэрлэл, худалдаа төвлөрсөн Гуандун мужид өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн орсон ихээхэн усархаг, ширүүн, дуу цахилгаантай аадар борооны улмаас үерийн гамшиг эхтэй, ерөнхийдөө 5-6 сараас эхэлдэг үерийн эрсдэлтэй үе энэ бүс нутагт ийнхүү цагаасаа эрт тохиосныг цаг уурчид хэлж байна.

Томоохон гол мөрөн эргээ хальснаас эрх баригчид нийт 4 шатлалт аюулын зэрэглэлийг өнгөрөгч бямба болон ням гарагт 3, мөн 2-р түвшин рүү өндөрсгөсөн, мөн үерийн нөхцөлийг тасралтгүй хянаж байгаагаа мэдээлж байна.

Гуандун мужийн нутгийн дийлэнх хэсгийг Сувдан мөрний бэлчир нам дор байрлалтай газар эзэлдэг байна. Өчигдөр үерийн усны түвшин 100 жилийн дээд түвшинд хүрч болзошгүй гэдэг сэрэмжлүүлэг мэдээ зарлаад байсан ч золоор ийм аюултай түвшинд хараахан очоогүй гэдэг мэдээллийг өгчээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус мужийн хэмжээнд нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй байсан бол, уржигдар шөнөөс цахилгаан хангамжийг хэсэгчлэн сэргээсэн байна.

Мужийн хэмжээнд хэдэн арван байшин барилга бүрэн нурж, ноцтой эвдэрч сүйджээ. Эрх баригчид өчигдөр 140.6 сая юань буюу 19.8 сая ам.долларын эдийн засгийн шууд хохирол учирсныг мэдээлсэн байсан юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ   
Үзсэн: 3199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй