Шууд Chart

Малайз улс “орангутан” дипломат стратеги хэрэгжүүлнэ гэв

2024-05-09 14:09:32

Хятад улс “хулсны баавгай буюу пандагийн дипломат ажиллагаа  хэрэгжүүлсээр олон жил болж байгаа. Тэгвэл энэ жишгээр Малайз улс өөрийн онцлог “орангутанг” сармагчны дипломат бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар сүүлийн нэг хоногт олон улсын хэвлэлүүд өргөнөөр ярьж мэдээлж байна. Малайзын засгийн газрын энэ санаачилга тэхдээ байгаль хамгаалал талаасаа асуудал дагуулж мэдэхээр байгааг ч бас хэвлэлүүд анхаарал хандуулж байна.

Энэ санаачилгын талаар мэдээлсэн Малайзын тариалангийн аж үйлдвэр, түүхий эдийн сайд Жохари Абдул Гани энэ тухайд, Малайз улс хэзээнээсээ биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалах бодлого явуулж ирсэний илэрхийлэл болгож, өөрөөс нь далдуу модны тос ахиу хэмжээгээр импортолж байгаа орнууддаа орангутанг дипломатын стратеги хэрэгжүүлнэ гэсэн юм байна. Энэ нь Малайз улс ЕХ, Энэтхэг, Хятад зэрэг далдуу модны тосны гол томоохон импортлогч худалдааны түншүүддээ орангутанг сармагчин бэлэглэх юм байна. “Малайз улс далдуу модны тосны асуудал дээр цэвэр өөрийгөө хамгаалах арга хэрэглэхгүй. Харин далдуу модны тосыг тогтвортой үйлдвэрлэхийн зэрэгцээ ой мод болон экологийн зохист байдлыг хамгаалагч орон гэдгээ дэлхийн улс орнуудад нотлон харуулахыг зорьдог. Энэ ч үүднээс эдийн засгаа хөгжүүлэхээс гадна устаж үгүй болох аюулд орсон энэ амьтныг хадгалж хамгаалах хүсэлтэй гэдгээ гадаад ертөнцөд таниулж ойлгуулах сайн санааны нэг арга нь энэ дипломат арга байх болно гэж малайзын улстөрчид шинэ бодлогоо сурталчилж байгаа юм байна.

Харин Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг экологийн байгууллагуудын зүгээс орангутаныг төрөлх орчин нөхцөлд нь хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна. “Тус сан байгалийн зэрлэг онгон төрхийг хэвээр хадгалахыг дэмждэг. Тиймээс энэ санаачилгыг дэмжих хүрээнд орангутанг сармагчнуудыг гадагш нь гаргах бус, харин Малайзын худалдааны түншүүдийг тэдний нутаг оронд урьж зочлох уриалга дэвшүүлсэн”-ийг Ройтерс иш татан уламжилсан байна. Малайз, Индонез улсуудын нутагт голчлон амьдардаг аварга том хүн төст сармагчны энэ төрөл, зам харилцаа болоод хөдөө аж ахуй, тэр дундаа далдуу модны тосны тариалангууд өргөжсөний нөлөөгөөр амьдрах орчин нь хавчигдаж, онцгой аюулд орсон төрөл зүйлд тооцогдох болсон юм байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээгээр, Индонезийн Борнео арал дээр 105,0 харин Суматра аралд цөөн хэдэн мянган “орангутанг” буюу “ойн хүн” гэгддэг энэ амьтан амьдардаг юм байна. Малайзын дотоодын Байгаль хамгаалах байгууллагын зүгээс мөн засгийн газрынхаа дээрх санаачилгыг дахин сайтар судалж, дипломатын өөр арга хэрэгслүүдийг мөн авч үзэхийг уриалжээ. Далдуу модны тосыг шоколад, маргарин зэрэг олон төрлийн хүнс үйлдвэрлэлд өргөн ашиглахаас гадна гоо сайхны бүтээгдэхүүн, саван зэрэгт ашигладаг.  Халуун оронд голчлон ургадаг энэ ургамлын тариалалт чамгүй өндөр үр өгөөжтэй байдгаас тариалалт нь ихэссэнээр халуун орны зэрлэг ой мод үлэмж устаж, ой модны олон төрөл зүйл үгүй болж “ногоон цөл” гэгддэг тариалангийн газар болж хувирч байгаа нь гол аюул болж байгаа юм байна. Харин Малайзын тухайд энэ өргөн хэрэглээтэй тосны дэлхийд хоёрт ордог нийлүүлэгч орон юм байна. Ой мод устгалын дүнд голчлон явагддаг далдуу модны тос болон ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс үе шаттайгаар татгалзах шийдвэрийг ЕХ өнгөрсөн онд гаргасантай холбоотойгоор Малайз ийм алхам зарласан гэж тооцогдож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малайз улс “орангутан” дипломат стратеги хэрэгжүүлнэ гэв  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй