Шууд Chart

Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байна

2024-05-27 09:12:39

Ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.


Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байна  
Үзсэн: 1246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй