Шууд Chart

О.Тэнгис: Ямар ч тохиолдолд дур мэдэн цөс хөөх эмчилгээг хийж болохгүй

2024-06-19 09:27:15

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасгийн эрхлэгч, Хэвлийн дурангийн мэс заслын эмч О.Тэнгистэй ярилцлаа.

-Дүүргийн хэмжээнд дурангийн мэс заслыг хөгжүүлж буй чадварлаг залуу эмчийг ярилцлагадаа урьсандаа баяртай байна. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Юуны өмнө танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

Намайг Отгонбаатарын Тэнгис гэдэг. 2013 онд Ач анагаах ухааны их сургуулийг төгссөн. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 2013 оноос хойш тасралтгүй 11 жил ажиллаж байна.

Манай Чингэлтэй дүүргийн Мэс заслын тасаг нь 2017 оноос хойш Ерөнхий мэс засал, дурангаар цөс авах, дурангаар мухар олгой авах, гэмтлийн мэс засал, шөрмөс залгах, гар, сарвууны бичил мэс засал, доод мөчдийн гэмтлийн дараах хадаас, ялтас авах мэс засал, хатиг буглаа нээх, үү, ургацаг авах, хумс авах, хэсгийн мэдээ алдуулалттай жижиг мэс ажилбар зэрэг амбулаторийн ажилбарууд, мөн мэс заслын өмнөх болон дараах өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Дүүргийн болон хөдөө орон нутгийн иргэддээ мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

-Та хаана төрж өссөн бэ. Гэр бүлийнхнээ танилцуулна уу?   

-Миний эхнэрийг Ц.Намуунбайгаль гэдэг. Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд Эх барих, нярайн эмчээр ажилладаг. Бид Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд анх танилцаж байсан. Манайх хоёр охинтой.

Нэг гэр бүлийн хүмүүс эмч болохоор бие биеийнхээ ажлыг сайн ойлгоно, дэмжинэ. Бас хоорондоо зөвлөлдөнө. Би өөрөө унаган Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн. Миний ээжийн ээж, эмээ минь гартаа увдистай удмын бариач хүн байсан. Нагацын талд удам дамжсан эмч олон. Аав, ээж хоёр минь ажлаас өөрийг мэддэггүй социализмыг эд бүтээн байгуулалцсан сайхан хүмүүс бий. Эмч удмынхаа залгамж болж яваадаа бахархалтай байдаг.

-Та яагаад мэс засал, тэр дундаа дурангийн хагалгааг сонгож мэргэших болсон бэ?

-Би 2013 онд Ач анагаах ухааны их сургуулийг төгсөж ирээд дүүргийн эмнэлэгтээ томилогдон ажилласан. Эмнэлгийн зүгээс удахгүй нээхээр төлөвлөж буй Мэс заслын тасагтаа ажиллах саналыг тавьсан юм. Миний мэс заслын чиглэлийг сонирхож, дүүрэгтээ дурангийн мэс засал хийдэг болох юмсан гэж зорьж, мөрөөдөж байсантай минь их сайхан нийцсэн санал байлаа. Тиймдээ ч дуртай хүлээн авч, 2015 онд Ерөнхий мэс заслын чиглэлээр мэргэшиж, 2017 онд Мэс заслын тасаг шинээр байгуулагдахтай зэрэгцэн төгссөн. Одоог хүртэл Мэс засал, гэмтлийн тасгаа өргөжүүлэн гэмтэл согог судлалын улсын төв эмнэлгүүдэд хийгддэг хагалгааг дүүрэгтээ нэвтрүүлэх зорилго тээгээд ажиллаж байна. Энд мэсийн эрдэмд сургасан эрдэмтэн багш нараа дурсахгүй өнгөрч болохгүй гэж бодлоо. Амьдралын минь зам мөрийг чиглүүлж өгсөн Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Л.Амгалан, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Ц.Ишдорж, Хүний гавьяат эмч, Клиникийн профессор О.Ганбат багш нартаа болон УНТЭ-ийн Мэс заслын тасгийн хамт олондоо талархаж явдаг.

Мөн манай эмнэлгийн Зөвлөх эмчээр хамтран ажилладаг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, Дэд хурандаа Х.Бат-Оршихдоо үргэлж тусалж дэмждэгт нь их талархдаг шүү.

-Жилд дунджаар хэдэн өвчтөнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна вэ?

-Манай тасаг 2023 оны гуравдугаар сараас эхлэн цөсний хүүдийн чулуу авах хагалгааг дурангаар хийж эхэлсэн. Дүүргийн хэмжээнд дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүлж, өнгөрөгч оны байдлаар 600 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн. Үүний 50 хувь нь дурангаар цөс авах хагалгаа байлаа. Мөн дээрх дурдсан хагалгаа мэс заслын өмнөх болон дараах эмчилгээг хийж, Гэмтэл согог судлалын төвийн үйлчилгээг дүүргийн иргэддээ ойртуулан ажиллаж байна.

-Цөсний чулуу яагаад үүсдэг вэ. Чулуутай байна гэж оношлуулсан тохиолдолд заавал хагалгаанд орох шаардлагатай юу?

-Цөсний замын үрэвсэлт эмгэгийн ихэнх хувийг цөс чулуужих эмгэг эзэлж байна. Удамшил, биеийн жин, цөсний эмгэгүүд, хооллолт, хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж, тодорхой хугацаанд бий болдог тухайн хүний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой өвчлөл юм. Шинжилгээгээр хэт олон чулуутай гарсан, жилд хоёроос гурван удаа хүчтэй өвдсөн зовуурьтай, эмийн эмчилгээ хийлгээд үр дүн гараагүй тохиолдолд хагалгаанд яаралтай орохыг зөвлөдөг. Зарим хүний цөснөөс зангидсан гар шиг хэмжээтэй чулуу гарах нь ч бий.

-Нээлттэй болон дурангийн хагалгааны ялгаа их байх. Ямар тохиолдолд нээлттэй хагалдаг юм бэ?

-Цөсний чулуутай гэсэн оноштой, зовуурь илэрч байгаа үед чулууны том, жижиг хэмжээнээс үл хамаараад хагалгаа хийлгэх хэрэгтэй. Дурангийн хагалгаа нь зүслэг жижигтэй, хэвлийн наалдац үүсдэггүй, шарх сорви жижиг үүсдэг давуу талтай. Дэлхийн хөгжлийн чиг хандлага өвчтөний аюулгүй байдал, тав тух, хүний бие, эд эрхтнийг гэмтээхгүй байх, арьсыг хадгалж үлдээх, богино хугацаанд эдгэж, тэнхрэхэд чиглэж байна.

Манай эмнэлэгт 2023 онд 350 гаруй хүн дурангийн хагалгаа хийлгэсэн.  

Дурангийн хагалгаа хийхэд дутуу, нээлттэй хийхээр бүгдийг авдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд их байдаг юм шиг байгаа юм. Энэ бол хүмүүсийн дунд яригддаг явуулын үг. Зарим тохиолдолд дурангийн мэс заслын явцад хүндэрвэл нээлттэй хэлбэрт шилжиж болно. Нээлттэй хагалгаа ойролцоогоор 1-2 цаг болдог бол дурангийн хагалгаа 30 минутаас нэг цагийн хугацаанд байх жишээтэй.

Бид дэлхийн чиг хандлагыг дагаж, дурангийн мэс заслыг түлхүү хийхэд анхаарч ажиллаж байна. Ер нь ямар ч төрлийн мэс заслыг дурангийн аргаар хийлгэх нь илүү аюулгүй, чанартай, хагалгааны дараа тохиолдож болох зарим хүндрэлүүдээс урьдчилан сэргийлдэг давуу талтай юм.  

-Таны хувьд хамгийн том туршлага болсон мэс засал?

-Өнгөрсөн тавдугаар сард хийсэн цөсний хүүдийн чулууг дурангаар авах мэс засал байсан. Тухайн өвчтөн хагалгааны явцад төрөлхийн цөсний хүүдийн эмгэгтэй, сувгийн өөрчлөлттэй болох нь илэрсэн. Хагалгааг ганцаараа удирдаж хийхэд хүндрэлтэй байсан учир манай тасгийн Зөвлөх эмч, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Б.Бат-Орших, миний багш УНТЭ-ийн Хүний гавьяат эмч Л.Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр хагалгааг нээлттэй хэлбэр рүү шилжүүлж, богино хугацаанд амжилттай дуусгаж чадсан. Энэ миний хувьд маш том туршлага болсон мэс засал байсан. Өөрийгөө туршлагатай, би олон удаа мэс засал хийж байсан юм чинь гэж бардамнаж бодож болохгүй. Бүх хагалгааг анхных юм шигээр бодож байх хэрэгтэй.

-Сувилагчгүйгээр би хэн ч биш гэж Японы нэг мундаг эмч хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэгэлгүй яахав. Ямар нэг ажилбар, мэс заслын үед сувилахуйн тусламж үйлчилгээ хамгийн чухал байдаг. Эмч хүн сувилагчгүй бол гаргүй бие л гэсэн үг. Мэс заслын эмч үргэлж багаар ажилладаг. Найдвартай туслах, хагалгааны үеийн тулах цэг нь сувилагчид байдаг.

Дурангийн мэс заслыг хийж чадах эмч байлаа гээд сайн бэлтгэгдсэн баг хамт олонгүй бол сайн хийж чадахгүй. Оношилгооны бааз суурь, багаж тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүд, сувилагч, мэс заслын дараах асаргаа, нөхөн сэргээхийнхэн гээд чадварлаг баг бүрдэж байж мэс засал амжилттай болдог. Мэдээж тухайн хүний гам барих асуудал бас чухал. Дурангийн мэс заслыг хэн бүхэн хийчихдэг зүйл биш. Тиймээс иргэд эмч нарын баг бүрэлдэхүүнийг харж хагалгаанд орох газраа сонгох хэрэгтэй.

-Цөсний хагалгаанд орж байгаа хүмүүсийн олонх нь эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу?  

-Хүйсээр ялган хэлэх юм бол дурангаар цөсний хүүдий авах мэс засалд эрчүүдээс эмэгтэйчүүд тав дахин илүү ордог. Жирэмсэн үеийн дааврын гаралтай өөрчлөлт, даавар агуулсан эм удаан хугацаанд уух зэргээс шалтгаалж эмэгтэй хүнд давамгай тохиолддог. Сүүлийн үеийн дэлхийн тархвар зүйн судалгаагаар, таван эмэгтэй, 10 эрэгтэй тутмын нэг нь энэ өвчнөөр өвдөж байна.

-Цөс өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ. Урьдчилан сэргийлэх арга бий юу?

-Баруун хавирганы доогуур хатгаж өвдөх, өвдөлт баруун гар, дал, мөр рүү дамжиж өвдөх, гашуун амт амтагдах, бөөлжис хүрэх, нүдний эвэрлэг шарлах, хүндэрсэн үед бүх бие шарлах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тогтмол зөв хооллох, тэр дундаа өглөөний цайгаа ууж хэвших, таргалалтаас сэргийлж дасгал хөдөлгөөн хийх, дааврын эмийг заавал эмчийн заавраар хэрэглэх, элэг, цөсний үрэвсэлт өвчнүүдээс сэргийлэх, цаг алдалгүй эмчлүүлэх, нэг жил тутам хэвлийн эход хяналтын зорилгоор үзүүлж урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй.

-Мэс заслын бус аргаар эмчлэх боломж байдаг уу. Ер нь бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Цөсний хүүдийн чулууг мэс заслын аргаар авах нь төгс эмчилгээнд тооцогдоно. Зөвхөн мэс заслаар эдгэрэх өвчин гэж байдаг ч дийлэнх тохиолдолд эрт, зөв оношилгоо хийгдвэл эмээр эмчлэгдэх боломж маш өндөр. Аливаа нэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед биш өмнө нь урьдчилан сэргийлж үзүүлж, зөвлөгөө авч байх нь хамгийн чухал болоод байна. Хүмүүс өөрт илэрч буй шинж тэмдэг, зовуурийг тоохгүй явсаар мэс заслын заалттай болоод ирдэг.

Мөн сүүлийн үед цахим орчин дахь алим, магнийн сульфат, оливын тос, нимбэгийн шүүсээр цөсөө угаах, адууны хомоол буцалгаж уувал чулуу арилдаг гэх зэрэг шинжлэх ухаанаар батлагдаагүй аргыг туршиж байна. Ингэснээр хоёрдогч хүндрэлийг бий болгодог. Мөн цөс өтгөрсөн, цөсний хана зузаарсан үед цөсийг хөөх эмчилгээ эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ямар ч тохиолдолд дур мэдэн цөс хөөх эмчилгээг хийж болохгүй. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, эхо-д үзүүлж онош тодруулах шаардлагатай.

-Цөсөө авахуулсан хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Хүний биед айхтар шинж тэмдэг илрэхгүй ч тодорхой хэмжээний зовуурь мэдрэгдэнэ. Барагцаагаар зургаан сар дэглэм барихаас эхлээд хувь хүнээс тэвчээр шаардана. Хурц, өөх тостой хоолноос зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ цөсний хагалгаанд орсон бол нэг сар орчим хоолны дэглэм барих шаардлагатай.

-Танай эмнэлэг иргэдэд хэр нээлттэй вэ. Иргэд үзүүлэхийн тулд хэр удаан хүлээх хэрэгтэй байдаг вэ?

-Иргэд амбулаториор цаг авч, авсан цагтаа ирж үзүүлээд, эмчилгээ хийлгэх боломжтой. Миний хувьд ажлын өдөр бүр амбулаторийн үзлэг хийж, зөвлөгөө өгдөг. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Гадаадын иргэд, нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн иргэдэд лавлагаа тусламж, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Ундармаа


О.Тэнгис: Ямар ч тохиолдолд дур мэдэн цөс хөөх эмчилгээг хийж болохгүй   
Үзсэн: 4196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй