Шууд Chart

Израилын арми Газын зурвасын өмнөд хэсгийг бөмбөгдсөнөөс олон хүн орон гэрээ орхижээ

2024-07-04 12:15:01

Израилын арми Газын өмнөд хэсгийг бөмбөгдөж эхэлсэн тул олон мянган хүн орон гэрээ орхин зугтаж байна.

Израилын арми мягмар гарагт Газын зурвасын өмнөд хэсгийн хэд хэдэн газрыг бөмбөгджээ. Олон хүний амь эрсдэж, шархадсан мэдээ байна.

Энэ цохилтыг угтан тус улс зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис болон Рафа зэрэг хот, суурингуудаас гарахыг энгийн номхон иргэдэд анхааруулсан тул олон мянган хүн орон гэрээ орхин зугтжээ.

Энэ шийдвэрт 250 мянган хүн өртөнө гэж НҮБ-ын Газа дахь хүмүүнлэгийн болон сэргээн босголтын ахлах зохицуулагч тооцоолжээ.

Ингэснээр Газын зурваст 1.9 сая хүн орон гэргүй болж байгаа тухай тэрбээр мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр мэдээлжээ.

Мөн “Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай Израилын талын шинэ тушаал тэдэнд гүн гүнзгий нөлөөлж байна. Газын зурваст одоо аюулгүй газар алга” гэж ярьсан байна.

Зургаадугаар сард Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху "ХАМАС"-ын эсрэг ширүүн тулааныхаа эрчийг бууруулж, илүү зорилтот үйл ажиллагаанд удахгүй шилжих болно гэж мэдэгдээд байна.

Гэвч "ХАМАС" бүлэглэлээ дахин нэгтгэж эхэлсэн тул Израилын арми олон газар дайралт хийж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.


Израилын арми Газын зурвасын өмнөд хэсгийг бөмбөгдсөнөөс олон хүн орон гэрээ орхижээ   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй