Шууд Chart

Өөрөөсөө илүү малаа гэдэг малчин айлын охины бичээс

2024-08-16 11:19:04

Одоогоос бараг 20 жилийн өмнө хаврын сурагчдын амралтаар гэртээ харьж амраад буцах шөнө ээж минь гэнэт өвдсөн юм. Яагаад сэрснээ хэн дуудсаныг одоо бодоход санахгүй байна. Намайг сэрэхэд ээж орон дотроо өндийгөөд суучихсан аав тэвэрчихсэн байж байсан юм.

Тэр шөнөжин ээжийнхээ толгой дээр хүйтэн жин тавьж хоносноо сайн санаж байна. Үүрээр сумын эмч, өдөр нь аймгийн төвөөс эмч бүл эгч ирж, үзсэнээр ээжийгээ тархины цус  харвалт, тэр дундаа бага даралт болохыг мэдсэн юм. Тэр үед хамгийн аймшигтай үг  аймгаас ирсэн бүл эмч эгчийн “Танай гэрийн яндан байхгүй. Өрхөө татсан байх бий гэж бодохоос  зүрх зогсох шахаж ирлээ” гэсэн үг байлаа. Тэр үгнээс ээжийгээ ямар хүнд байгааг ээжгүй болж мэдэх юм гэдгийг ойлгосон хэрэг. Эмчийн, “дотуур ухаантай” гэх... Огтхон ч хөдөлгөөнгүй ямар ч хариу урвалгүй байгаа ээжийгээ орхиод аймгаас ирсэн эмч бүл эгчийнхээ унаанд суугаад уйлаад явж байснаа санахаар өнөөдөр ч  сэтгэл өвддөг.  Аймгийн төвд арван жилийн дотуур байранд одоогийнх шиг утас байхгүй. Хүүхэд байсан болохоор өдөр нь гайгүй сатаарчихна. Харин орой унтахдаа ээжийгээ бодож  уйлна. Тэр үед би мухар олгой ургаад мэс засалд орох боллоо. Гэрийнхэндээ хэлээгүй. Надтай надгүй зовж байгаа тэдэндээ дараа болохгүй гэж тэр. Тэгээд бас болоогүй ээ. Мэс заслын өрөөнд орохдоо  “Ээжийн минь өмнөөс намайг үхүүлээд өгөөч” гэж залбирч... Хэрвээ би үхчихвэл ээж минь амьд үлдэх юм шиг тэр мэдрэмж... Тэр хагалгаанаас арван хэд хоногийн дараа, харваснаасаа сарын дараа ээж минь аймгийн эмнэлэгт тээвэрлэгдэн ирж байлаа. Анх үзэх гэж очсон эмч эгчийн “Гайгүй болохоор нь аймаг руу авч явж болох юм” гэсэн үгийг санаж баярлана. Гэтэл яг үнэндээ ”Үхсэн ч харамсахгүй гэж ам мөчиг өгч, гарын үсэг зурж байж, арайхийн авчирлаа” гэсэн аавынхаа үгийг сонсоод эмнэлгийн гадаа тайвширч чадахгүй уйлж билээ. 

Аймгийн эмнэлэгт ирсэн ээж дээрээ би өдөр бүр хичээлээ тараад очно. Өдрийн хугасхан ойр зуур угааж арчих юмыг нь угааж, аавдаа хэсэг туслаад харанхуйтай уралдаад харьж, амарна.

Аймагт ирээд нэлээн хэд хоносны дараа нэг өдөр ээж минь намайг орных нь хажууд зогсож байтал тур муутай чадалгүй гараараа өмднөөс минь татах шиг болсон юм. Эхлээд учрыг нь олохгүй ээжийгээ гараа хөдөлгөсөнд учиргүй ихээр баярлаж, түүнээс хэд хоногийн дараа бүр сайн татаж, аав бид хоёр миний хагалгаанд санаа нь зовж гэдгийг ойлгон бөөн баяр болж билээ. Тэр хоёр, гурван сарын хугацаанд эмчийн хэлснээр дотор ухаантай байсныг тэгж баталсан юм. Хүнд хэцүү хэдэн сарын дараагаас бага багаар өдрөөс өдөрт сайжрах ээжийгээ харан бид нар баярлана. Гэхдээ цус харвалт хэзээ ч бүрэн эдгэдэггүй юм билээ.  Ингэж би хүүхэд байхаасаа цус харвалт өвчний  хор уршгийг мэдэрсэн юм. Ингэж эмчийн оновчтой зөв эмчилгээ, ар гэрийн уйгагүй асаргаа ийм хүнд хэлбэрээр харвасан хүмүүсийн цөөхөн хувийг босгодог болохыг биеэрээ мэдэрсэн хүмүүсийн нэг би.

Монголчууд бид “өвчин хэлж ирэх биш хийсэж” ирдэг гэж ярьдаг. Яг үнэндээ өвчин хэлж ирдэг. Тэр хаврын хүнд өдрүүдэд бөөр нь өвдөж удаан гүрийж яваагүй бол малаа төллүүлж дуусгаад сургуулийн хүүхдээ хүргэж өгөхдөө үзүүлнэ гэж хойшлуулаагүй бол огтоос даралт гэдэггүй миний ээж бөөрний шалтгаант харвалт болохгүй байсан юм. Тэр үед 50 дөхөж байсан ээжийг харвасанд залуу хүн гэж байсан бол өнөөдөр энэ тоо 10–аар залуужиж цусны харвалт болж байгаа хүмүүсийн дийлэнх нь 30-аас дээш насныхан болсон гэнэ. Бүр аюултай  нь бага насны хүүхэд хүртэл энэ өвчинд  өртөх болжээ. Үүний цаана хэчнээн олон  хүмүүс өнчрөл хагацал үзэн шаналж, хэдэн арван хүн идэх хоол, унтах нойр, итгэл сэтгэлээ дэвсэн суугаа бол?

Би өөрийгөө гэхээсээ илүүтэй малаа гэдэг малчин айлд өссөн охин. Нүүдэлчин монголчууд  хэр баргийн юмыг тоохгүй хэнэггүй гүндүүгүй, гүдэсхэн, хээгүй  зантай. Энэ зан нь  заримдаа тус болдог ч өвчин эмгэгийн үед тус гэхээсээ ус болох нь их. Ерөөс өвдөхийг тоохгүй өвдлөө гэж бодохгүй. Бүр аргаа барж адагтаа тулан байж эмнэлэг явна. Гэтэл огтоос тоохгүй өнгөрүүлж болохгүй зүйл чинь өвчин юм.

Жижигхээн зүйлээс том зүйл үүсдэг. Саяхан шөнийн 03:00 цагийн орчимд өрөмдөх чимээнээр цочин сэрээд, айсандаа огт унтаж чадахгүй өглөө болголоо. Тэгээд байрны фэйсбүүк группт дахиж ийм зүйл давтахгүй байхыг анхааруулсан пост оруултал нэг хүн “Сүртэй юм.  Ганц шөнийн нойр даахгүй” гэж загнасан. Тийм биш шүү. Эрүүл мэнд гэдэг тэр ганц шөнийн нойрноос эхэлдэг юм шүү. 

Үүгээр би юу хэлэхийг хүссэн бэ? гэвэл өвдсөн ч өвдөөгүй юм шиг явахгүй байх. Өвдсөн хойно өвдлөө гэх биш... Огтоос өвдөхгүй амьдрахыг эрхэм болгооч гэж чин сэтгэлээсээ хүсье. Би яаж өвдөхгүй амьдрах вэ? Энэ асуултад та л хариулна. Өөр хэн ч биш...

2022 он.

Нийтэлсэн: Н.Энхбилэг

Өөрөөсөө илүү малаа гэдэг малчин айлын охины бичээс  
Үзсэн: 2201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй