Шууд Chart

Хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилгын үйл ажиллагааг түр зогсоолоо

2024-10-02 10:21:16

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, "Миний Хайпермаркет" дэлгүүрийн хойно иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилга байгууламжид хяналт шалгалт хийж, барилга угсралтын үйл ажиллагааг түр зогсоолоо.

Хяналт шалгалтын үеэр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Иргэн А.Эрмүүн захиалагчтай, “Бармон” компанийн гүйцэтгэж буй уг барилгын ажил суурийн шатандаа явж байхад хяналт шалгалт хийж байна. Орчны аюулгүй байдал алдагдсан, хог ихтэй, цэвэр бохир усны асуудалтай, барилга хоорондын стандарт зайг хангаагүй учир барилгын захиалагчтай уулзаж, зөрчлүүдийг арилгах хүртэл барилгын ажлыг 30 хоногийн хугацаанд зогсоолоо. Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүй бол албадан гүйцэтгүүлэх, газрын эрхтэй холбоотой асуудлаар холбогдох газруудад хандана. Мөн автомашины зогсоол, орц, гарцыг шийдэх шаардлагатай. Жишээлбэл, зураг төслийн хувьд гаднаа зургаан автомашины зогсоолтой хэдий ч бодит байдалд өөр байгааг анхаарна” гэв.

НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат “16 давхар, үйлчилгээний төвтэй орон сууцны барилга барихаар 2024 онд зөвшөөрлөө авсан байна. Нийт 1130 ам.метр талбайгаас 454 ам.метр талбай барилгажих зураг төсөлтэй. Иргэдээс төрийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх хуулийн дагуу Хяналт шалгалтын газраас барилгын үйл ажиллагааг түр зогсоож байна. Албан шаардлагын хувьд нэгдүгээрт, хот төлөвлөлтийн норм, дүрмийг хангуулахад төлөвлөлтийн байцаагч хяналт шалгалт хийж, бичиг баримтуудыг шалгана. Хоёрдугаарт, орчны аюулгүй байдлыг хангах буюу барилга байгууламжийг барих явцад түр хашааны стандартыг нийслэлээс баталсан байдаг. Энэ стандартыг хангуулах чиглэлээр үүрэг даалгавар өгнө. Эдгээр үүрэг даалгаврыг биелүүлэх, хот төлөвлөлтийн норм, дүрмийг зөрчсөн эсэх дээр дахин хяналт шалгалт хийсний үр дүнд барилга угсралтын ажлын зөвшөөрлийг олгоно. Харин норм, дүрмийг хангаагүй бол барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах арга хэмжээ авна” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд барьж эхэлж буй тухайн барилга нь шигүү барилгууд дунд байрласан учраас иргэд чөлөөтэй зорчих боломжгүй. Зогсоол хүрэлцээгүй, орц, гарц, орчны бохирдлыг шийдэх хэрэгтэй гэсэн гомдлуудыг иргэдээс түлхүү ирүүлсэн байна.


Хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилгын үйл ажиллагааг түр зогсоолоо  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй