Шууд Chart

Хайгуулын тусгай зөвшөөрөл 1431 болтлоо буурсан нь...

2014-09-09 11:48:45

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 20 хувьд хайгуулын ажил хийгдсэн гэх мэдээлэл бий. Харин үлдэх талбайд огт хайгуул хийгдээгүй байх юм. Энэ талбайд хайгуул хийж манай улс газрын гүн дэх эрдэс баялгийнхаа нөөцийг тогтоох шаардлагатай. Гэвч хайгуул хийнэ гэдэг амаргүй, өвсөн дундаас зүү эрхтэй адил зүйл. "Зүү"-гээ олохын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулна. Хайгаад юу ч олохгүй бол оруулсан хөрөнгөөрөө шатдаг эрсдэлтэй салбар юм. 

Тиймээс ч манай улс энэ эрсдэлтэй салбарт сүүлийн үед хөл тавьж, төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргахаа больсон. Гол төлөв гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж, тэдний мөнгөөр хайгуул хийлгэх бодлого сүүлийн жилүүдэд барьж ирсэн гэхэд болно. Хэрэв хөрөнгө оруулагчид хайгуул хийгээд юу ч олохгүй бол, тэд эрсдлээ өөрсдөө хүлээнэ. Харин нөөц тогтоож, үүнийгээ ашиглавал манай улс татвараа авч, үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангах ёстой юм.

1990 оноос хойш манай улсын геологи, хайгуулын салбар ийм л энгийн томьёоллоор хөгжиж байна. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг шиг сайны хажуугаар саар зүйл ч ажиглагдаж байлаа. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт төрөл бүрийн чиглэлээр хайгуул хийхээр авсан тусгай зөвшөөрлөө хилийн чинадад худалдах тохиолдол мэр сэр гарч байсан нь нууц  биш. Тиймээс ч, лицензийн наймааг цэгцлэх зорилгоор УИХ 2010 оны зургаадугаар сарын 17-нд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” гаргасан юм.

Энэ хуульд 2010 оны арванхоёрдугаар сарын нэгнийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар тусгасан байдаг. Гэвч хожим энэ хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох хугацааг хэд хэдэн удаа сунгасан юм. Эхлээд 2011 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан бол, дараа нь 2011 оны арванхоёрдугаар 31 хүртэл сунгаж байлаа. Гэхдээ энэ нь эцсийн өөрчлөлт байсангүй.

 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд дээрх хуульд дахин өөрчлөлт оруулж, “Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлаж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох болон бусдад шилжүүлэхийг хориглосон юм. Ийнхүү манай улс “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” гаргасан цагаас хойш дөрвөн жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгосонгүй. Энэ хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо эрс цөөрсөн судалгаа байна. 2010 онд манай улсын нийт нутаг дэвсгэрт 4137 тусгай зөвшөөрөл олгогдоод байсан бол, наймдугаар сарын 22-ны байдлаар 2720 болж буурсан байна. Тухайлбал, ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл болж буурчээ.  Энэ хэрээр манай улсын нийт газар нутагт эзлэх ашигт малтмалын талбайн хэмжээ ч буураад байгаа юм. Тухайлбал,  2010 онд нийт газар нутгийн 46 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэлж байсан бол, өнөөдөр 7.6 хувь болтлоо буурчээ.

31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосонтой холбоотойгоор нэг талаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цэгцэндээ орсон нь маргаангүй үнэн. Гэхдээ нөгөө талаас энэ салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт буурч, үүний нөлөө америк долларын ханшийн өсөлтөөр илэрч, төгрөгийн ханшийн сулралтад нөлөөлж байгаа юм. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын ажил зогсч, геологичид ажилгүй сууна.  Ер нь дэлхий дээр жилд 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулын салбарт зарцуулагддаг гэх судалгаа бий. Үүний 300-400 сая ам.доллар нь манай улсын геологийн салбарт өмнө нь орж ирдэг байсан ч, хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоо больсон цагаас  энэ тоо 3-4 дахин буурчээ. Тиймээс  манай улс энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татах үүднээс “Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” гэсэн байр сууринаасаа ухарсан гэхэд болно.

УИХ өнгөрсөн намрын чуулганаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Үүнд нийцүүлэн “Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хуулиудад ийнхүү өөрчлөлт оруулахаар болсон. Энэ дагуу Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийн хамт УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл хууль тогтоогчид хаврын чуулганы отгон хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосон. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дагалдаж долоон журам шинээр гаргах ёстой юм байна. Тухайлбал, нөхөн сэргээлт, хаалтын журам. Нөөцийн хяналтын журам. Уурхай болон баяжуулах үйлдвэрийг улсын комисс хүлээж авах журам зэргийг батлах ёстой юм.

Эдгээрийг ондоо багтаан батална гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ нь хайгуулын тусгай  зөвшөөрөл шинээр олгоход нэн шаардлагатай журмууд биш гэж Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүү тодотгосон. Тэрбээр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 156 дугаар  тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” өмнө гарч байсан. Энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг одоогоор судалж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоос өмнө энэ журамд өөрчлөлт оруулах, үгүйгээ шийдчихнэ. Хэрэв шаардлагатай өөрчлөлт орвол, сонгон шалгаруулалт зарлахаас өмнө оруулна. Хэрэв өөрчлөлт орохгүй бол, одоо мөрдөгдөж байгаа журам үйлчилнэ гэж гэж манайд мэдээллэсэн юм.

Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайг хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 19 орчим хувь буюу 31 сая га талбайг эзэлж байгаа юм. Үүний зургаан хувь буюу 10 орчим сая га талбайг сонгон шалгаруулалтаар, 13 хувь буюу 22 сая га талбайг өргөдлөөр олгох Засгийн газрын холбогдох шийдвэр гарсан. Энэ газарт тусгай зөвшөөрөл олгоход уртраг, өргөрөгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрөл төрөөс тогтоосон газарт олгохтой холбоотой ямар нэгэн саад тотгор байхгүй. Уртраг, өргөрөгийг нарийвчлан тогтоосны дараа сонгон шалгаруулалт явуулах талбайг удахгүй зарлана” гэж мэдэгдсэн юм.

14 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлажээ

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” мөрдөгдөж байх хугацаанд 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосныг шүүхээс тогтоосон байдаг. Тиймээс эдгээр тусгай зөвшөөрлийг өнгөрсөн онд хүчингүй болгосон юм. Эдгээрийн 87 нь дотоодын, 14 нь гадаадын, 5 нь гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан гэх мэдээлэл бий. Тэд тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Гэтэл гэнэт тусгай зөвшөөрлийг нь цуцласан учраас нөхөн төлбөрөө төрөөс нэхэхэд хүрчээ. Гэвч үүнийг төсвөөс гаргах бололцоогүй. Харин өнгөрсөн хаврын чуулганаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор төрөөс тэдэнд нөхөн олговор олгохгүйгээр, сонгон шалгаруулалтаар үйл ажиллагаа явуулж байсан талбайг нь олгох бололцоотой болж байгаа юм.

Засгийн газрын 216-р тогтоолоор  сонгон шалгаруулалтын журмыг ч өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдөр  гаргажээ. Энэ журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийг Уул уурхайн яаман дээр байгуулсан байна. Тэд  шүүхийн шийдвэр гаргах үед, 18 тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байсан. Тиймээс үлдэх 88 тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу сонгон шалгаруулж олгоно” гэсэн байр суурьтай байна. Энэ 88 тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг нь “урт нэртэй” хууль болон бусад эрхзүйн үндэслэлээр хязгаарлалтад ороод байгаа юм. Үүнээс одоогийн байдлаар босго үнэ нь баталгаажсан 14 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Эдгээр талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компанийн хайгуулын ажилд зарцуулсан зардлыг баримтад үндэслэж “босго үнэ” тогтоосон байна. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад тэнцвэл, “босго үнэ”-ээс дээших төлбөрийг төлнө. Харин бусад аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруултад тэнцвэл, өмнөх лиценз эзэмшигчид “босго үнэ”-ийг төлж, үүнээс дээших төлбөрийг төрд төлөх юм.

“Монголросцветмет”-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлээ

Монгол -Оросын хамтарсан “Монголросцвемет” компани Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд орших ХV-003595 дугаартай “Түйн голын эх”, XV-004211 дугаартай “Түйн гол” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг байна. Эдгээр нь нийт 24670 га газрыг хамардаг бөгөөд тал хэсэг нь буюу 12060 га нь гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг дээр давхацжээ. Засгийн газрын 2012 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 194-р тогтоол болон урт нэртэй хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагтай давхацсан учир “Монголросцвемет” компанийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн түр түдгэлзүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор оросын талаас манай Гадаад харилцааны яаманд ноот бичиг ирүүлсэн байна.  Энэ дагуу Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Гадаад хэргийн яамны албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг энэ онд “Монголросцвемет” компанийн хайгуулын талбайд ажиллаж дүгнэлт гаргажээ.

Тухайлбал, УИХ-аар 2009 оны нэгдүгээр сарын 16-нд, Оросын төрийн ДУМ-аар 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс засгийн газар энэ сарын хоёрны өдрийн ээлжит бус хуралдаанаараа “хилийн зааг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ус болон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцолд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр Монгол-Оросын хамтарсан “Монголросцвемет” компанийн үйл ажиллагааг тогтворжуулаад зогсохгүй, хоёр орны хамтын ажиллагаанд чухал алхам болно гэж Засгийн газар үзжээ. Энэ талаар Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүүгээс тодруулахад, “Урт нэртэй хуулийн дагуу голын урсац бүрэлдэх хэсэгт зөвшөөрөөгүй. Боломжит хэсэгт нь хайгуул хийхийг зөвшөөрч байгаа юм” гэсэн хариулт өгсөн.

Тэрбээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийх үеэрээ, Монголросцветмет компанийн өнөөгийн хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн асуудлыг тавьсан. Тиймээс УИХ-аар 2009 оны нэгдүгээр сарын 16-нд,   Оросын төрийн ДУМ-аар 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хамрагдаж байгаа хэсэгт хайгуулын ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь олгож байгаа. Хайгуулын ажил дуусч боломжит нөөц тогтоогдвол, хоёр улсын байгаль орчны яам үүнийг ашиглах, үгүйг хамтран шийдвэрлэнэ. Хэрэв ашиглахаар болвол, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах ямар боломж байна гэдгийг хоёр тал судална. Хэрэв хайгуулаар бага нөөц тогтоогдож, олборлоход байгаль орчинд хохиролтой бол ашиглахгүй” гэж хэлсэн юм.

Нийтэлсэн: А.Энхтуул

Хайгуулын тусгай зөвшөөрөл 1431 болтлоо буурсан нь...   
Үзсэн: 3427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй