Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллийн гэрч

2014-09-09 10:40:47

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

- * -

Гэр бүлийн хүчирхийллийн гэрч

Хойд байшингийн хав, зэргэлдээ байрны цагаан нохойтой хэрэлдэж үе үе амар тайван байдлыг минь алдагдуулна. Ойр орчмын айлууд гомдол гаргаж байранд нохой тэжээлгэхгүй байх тухай ч ярилцаж саналыг минь асуугаад явлаа. Нохойны асуудал ч удалгүй шийдэгдэж энэ хавьд ганц ч гав хийх чимээгүй боллоо. Гэтэл дахиад л хэрүүл. Амгалан тайван амьдралыг минь айдас түгшүүрээр солигсод бол дээд айлын хөршүүд. Хашгичиж, орилж, юм шидэж, сүүлдээ ганц хүү нь уйлж нэг удаагийн хэрүүл дуусна. Хэл усыг нь ойлгодогсон бол хэн нэгнийг буруутгахсан. Нөхөр нь хэд хоног хар шилнээс салсангүйгээс үзвэл эхнэр нь
нүүрэн дундуур нь буулгасан бололтой. Хэсэгтээ эзгүй байж чих амраасан айлынхан буцаж ирсэн оройдоо айхтар ширүүн үзэлцлээ.

Муу охиноо айлгачихгүй санаатай зурагтынхаа дууг чангалаад ч нэмэргүй. Хагас цагийн дараа харин манай хонх дуугарав. Болгоомжтой нээтэл дүрэмт хувцастай өндөр эр, махлаг эмэгтэй хоёр амар мэндийг минь асуулаа. Куала Лампур хотод амьдраад гурван жил болохдоо алдсан түрийвчээ очиж авах гэж нэг удаа цагдаагийн газрыг зорьж байснаас өөрөөр энэ хүмүүстэй ингэж нүүр тулж үзсэнгүй. Бичиг баримтыг минь шалгаж, учир байдлыг тайлбарлалаа. Надад үүргийг минь сануулаад бас уучлалт хүсээд одоцгоов.


“Тиймээ, би иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэнгүй”

Усыг нь уувал ёсыг нь дагах ёстой байжээ. 2004 онд сая нэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болсон Монгол Улсын жирийн нэгэн иргэн би мэдээлэл өгөх ёстой байж. 1994 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Актыг баталсан Малайз улсад би надад хамаагүй хэр нь асар их хамаатай зүйлийг чихээ дараад хаалгаа түгжээд өнгөрөөжээ. Хэрэв хаалгыг нь тогшсон бол яах
байсан бол. Нохой мэт уралцаж, хүүхдээ уйлуулж байсан хоёр хаалга тайлж өгөхгүй бол яана. Эсвэл хаалгаа нээгээд над руу юм шидвэл яана, бүр эсвэл юу ч болоогүй мэт царайлж уучлалт гуйвал яана. Магадгүй сүүлийнх нь надад тохиолдох байсан байх. Гэхдээ надад яаж хандахад гол нь биш цагдаад мэдэгдэх ёстой байж. 28 сая хүн амтай энэ улсад жилд дунджаар 3265 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирдэг байна.

Эрхээ мэддэг хэр нь үүргээ мэддэггүй над мэтийн хүмүүс Монгол Улсад харин олон. Өөрөөсөө биш өрөөлөөс буруу хайдаг муухай зангаараа нөгөө муу хууль руугаа хамаг буруугаа чихэх гэж оролдъё. Сөхөж харвал, 2004 оны Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хоёрдугаар бүлэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүрэг гэсэн хэсэгт төрийн байгууллага, өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллага, нийгмийн ажилтны үүрэг гэж л байна. Ингээд л миний нэр байдаггүй юм гэдэг шиг “иргэн” гэсэн үг алга. Дөрөвдүгээр бүлэгт арван гуравдугаар зүйл, гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл гэсэн хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь цагдаагийн буюу нутгийн захиргааны байгууллагад “мэдээллэж болно” гэсэн заалт байна.

Энд гэрч болон гэрчийг хамгаалах тухай алга. Нэгэн дээвэр дор хэдэн ханаар тусгаарлагдан амьдардаг бидний хувьд нүднээс далд зүйл гэж бараг үгүй. Таны хөрш хөшгөө сольж, нөхөр нь машинаа шинэчилж, хүүхдүүд нь гоё тансаг зүйл хэрэглэж эхэлснийг бол та хараад л шууд мэднэ, бүр ухаж мэдье гэвэл түүнээс амархан зүйлгүй. Хажуу айл чинь хонь гаргаж, шинэ шөл ууцгаан, хүүхдүүд нь хол ойроос ирцгээж бужигнаж байгааг хараад л өнгөрдөг.

Харин эцэг нь согтуу ирж, хүүхдүүд нь уйлж, эхнэр нь хашгирахыг бол сонсдоггүй, хардаггүй гэж хэлээд, гэр бүлийн хүчирхийлэл нүднээс далд, ахуйн шинжтэй гэсэн үгээр хаацайлна. Өөрөөр хэлбэл, хувиа хичээнэ. Цагдаа дуудахад өөрсдөө учраа ол маягийн зүйл хэлээд өнгөрдөг учир бид мэдээллэгч байх нь эргээд өнөө гэр бүлд дахиад л зовлон авчирч, хүчирхийлэгчийн арга улам нарийсна гэж эмээнэ.

Энэ хуулийг хожуу баталсан гэсэн хэл ам намжаагүй байтал хуулинд дахин нэмэлт өөрчлөлт оруулах талаар бас яригдаж байна.

Тэгвэл Азийн бусад орнуудын жишээг харъя.

- Монголчуудын хамгийн их зорчдог БНСУ - 1997 онд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохирогчийг хамгаалах актыг баталж 2006 онд засвар оруулсан.

- Бидний урд хөрш БНХАУ – 2001 онд Гэр бүлийн тухай хуульд тусгай зүйл анги тусгасан.

- Гэр бүлийн хүчирхийллийн тоо баримтаараа толгой цохидог Энэтхэг Улс  2005 онд Гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүдийг
хамгаалах актыг баталсан.

- Өндөр хөгжилтэй Япон Улс  2001 онд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тухай хуулийг
баталж, 2007 онд засвар оруулсан.

- Азийн бар Сингапур Улс  1996 онд Эмэгтэйчүүдийн тунхаглал актыг баталжээ.

Эндээс харвал бид ч нэг их хоцроогүй хэрэг. Харин хуулийн хэрэгжилт дээрээ бол нэлээн араар тууж явах вий. Тэгвэл 1990-ээд оноос өмнө энэ асуудал байдаггүй байсан хэрэг үү гэсэн асуулт гарч ирж байна. Ээж, аавын залууд хөршүүд хэрэлдэж, хүүхдүүд орилолдох нь ховор байжээ. Ховор гэдэг нь хуулиар зохицуулах хэмжээнд хүртэл байсангүй.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр, элдэв асуудал босч, ядуурал газар авч, хүмүүсийн зан харьцаанд хүртэл гажуудал үзэгдэж, хүний ёсонд баймгүй хэргүүд гарах болж. Буга намнаж, булга зүйдэг хоёр маань бие биеэ намнаад байна гэдэг хүний ёсонд
нийцэхгүй.

Улс орон хөгжихийн хэрээр гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэгчид олширч, шаардлага тавьж, хуулийн хүрээнд ярьдаг болсны жишээ бол Барууны өндөр хөгжилтэй орнууд. Тайван сайхан амьдрал сайн засаглал, тогтвортой эдийн засаг, бас хуулийн хэрэгжилттэй холбоотой.

Улс орон бүр шашин шүтлэг, ёс заншлаасаа хамааран гэр бүлийн маргаан, хүчирхийлэлд өөр өөр өнцгөөс ханддаг. Жишээ нь, 2010 онд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дээд Шүүх эр нөхрүүдэд эхнэр хүүхдэдээ биед нь шарх сорви үлдээхгүйгээр гар хүрэх эрхийг өгсөн. НҮБ-ын судалгаагаар 15-49 насны Афган эмэгтэйчүүдийн 90 хувь, Лаос эмэгтэйчүүдийн 81 хувь нөхөр нь тодорхой шалтгааны улмаас гар хүрэх нь хүлээн зөвшөөрөгдсөн үйлдэл гэж үздэг бол хөгжиж буй орнуудад нөхрийнхөө тавьсан энгийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд, жишээ нь Тажикстан эмэгтэйчүүдийн 62.4 хувь нөхөртөө хэлэлгүй гадагшаа  гарсныхаа төлөө, 68 хувь нь ам муруйсны төлөө, 47.9 хувь нь бэлгийн харьцаанд орохоос татгалзсаныхаа төлөө зодуулдаг гэсэн тоо баримт байх юм.

Ардчилсан орон Монголд харин энэ төрлийн судалгаа хэр байдаг бол.  Өөрсдийгөө дээрх орнуудтай харьцуулж арай дэндүү аз жаргал, эрх чөлөөтэй гүйгээд байна гэж чөдөрлөхийг оролддог хүмүүс ч бий гэх. “Ларьдма” МУСК үзэж суугаад өөрийгөө киноноос олж хараад уур нь хүрсэн нэг нөхөр олны өмнө эхнэрээ үсдээд гарсан тохиолдол хүртэл байна. Тоонот гэрт толгой холбож, гэргийгээ болгон гэрээ гийгүүлсний дараа гар хүрч, зовоодог ёсон бидэнд байхгүй.

Эрх үүргээ мэддэггүй над шиг хүмүүст ойлгогдохоор хуулийг зохиож, түүний утга агуулга болоод хэрэгжилтийг байнга сурталчлан таниулах нь өнөөгийн нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна.

Цагдаагаас хатуухан үг сонсож, эрх үүргээ уншуулчихаад хаалгаа хаахдаа би өөрөөсөө ичсэн юм. Хууль тэднийг бас намайг хамгаалж, цагдаа үргэлж бидний төлөө ажиллаж байхад би юунаас айх вэ. Хамгийн гол нь хүчирхийлэгчийг хөршүүд үргэлж ажиглаж байдаг гэдгийг ойлгуулж, муу муухай үйлдэл чинь олны нүдэнд ил гэдгийг гэрчлэх зориг л бидэнд хэрэгтэй юм байна. Амар тайван амьдралыг хүсэхгүй хүн гэж хаа байх вэ. Тэгвэл тэр сайхан амьдралынхаа төлөө, орчин тойрныхоо төлөө санаа тавьж, оролцох ёстой.

Н.ЭНХСАЙХАН /Grandnews.mn/


Гэр бүлийн хүчирхийллийн гэрч  
Үзсэн: 3934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-09-09 12:34
би бол үүргээ биелүүлэх гэхээсээ илүү хүн чанараа дагаад хүчирхийлэлд өртөж байгаа хөрш айлын эмэгтэйчүүддээ туслахыг боддог. тэдний нөхрүүдтэй нь хэрэлддэг. намайг ална гэж хүртэл хэлж байсан. гэхдээ би айгаагүй, тэрний алах ч юу байхав. эхнэрийг нь гэртээ оруулаад хамгаалсан чинь танайх хүчирхийллийн эсрэг төв юмуу гэж загнаж байсан. би, тийм гэж хэлсэн байсан. харанхуй шөнөөр хүүхэд уйлж, эмэгтэй орилж хашгирахыг сонсоход зүрх минь зүсэгдэх шиг болдог.
106.138.167.xxx [106.138.167.xxx] 2014-09-09 11:16
Medehgui yum da bi yamar ch gesen neg udaa "irgen" d handaj ingej neg "chaduulj" bilee. Ternees hoish yr ni hund hetsuu uydee busdaas tuslamj huseh ni tednii "doog tohuu" bolohoos heterdeggui yum bn gej bodoh bolson do. Haaya nuguu huchirhiileldee avtsaar, hajuu ail sonsoj baigaa bolov uu ch gej aihaa bolisoor uchir ni ted tertei tergui medej baigaa gehdee tedend hamaagui
106.138.167.xxx [106.138.167.xxx] 2014-09-09 11:09
Tiimee, bi ger buliin huchirhiileld baidag. Manai hajuu ail bidnii baidliig meddeg ch medeegui yum shig l baidag. Neg udaa bi orilaad tuslamj hussen. Hajuu ailiin ezegtein neriig duudsan. Ter hun ter uydee buyu yag heregtei tsagtaa orj ireegui ch margaash ni buh yum ungursun hoino zugeer l "sonirhoj, heregt durlaj" geh yum uu orj ireed setgel sanaanii hymraltai baigaa bidneer hamgiig mini delgej buh muu muuhaig ulger sonsoj baigaa met shimten sonsoj baigaad l yvaad ugsun. Yvahdaa "uu ger buld iim yum baij l baidag, ayndaa gaigui bolno do gesen" ene ug nuhurt maani aytaihan "olz" bolj ger bul bur l iim baidag gej bn shte, harj bn uu hend ch hamaagui geh maygiin yum yrij bur oodorson"
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-09-09 11:04
манайхан эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үгэнд дуртай байдаг.гэхдээ энэ үг хүчирхийлэлд хамаагүй үг байх.жишээ нь эхнэр нөхрийн аль нэг нь өөр хүнтэй явдагийг мэдсэн ч яар ч хов хүргэх хэрэггүй .үүнд бол хамаарах үг байх. харин хүний эрх чөлөөнд халдаж байгааг яасан ч үзээгүй хараагүй мэт өнгөрөөж болохгүй

Бидэнтэй нэгдээрэй