Шууд Chart

Д.Үүрийнтуяа: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил ирэх долоо хоногт эхэлнэ

2014-09-15 15:58:40

УИХ 2010 оны зургаадугаар сарын 17-нд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль” гаргасан. Хожим буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр энэ хуульд өөрчлөлт оруулж, “Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлаж, дагаж мөрдөх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох болон бусдад шилжүүлэхийг хориглосон юм. Үүнтэй холбоотой хайгуулын салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт 3-4 дахин буурсан учраас, УИХ өнгөрсөн долоодугаар сарын 1-нд энэ хуулийг хүчингүй болгохын зэрэгцээ, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох эрхзүйн орчин бүрдсэн юм. Уул уурхайн яамныхан хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ сарын 24-нөөс олгож эхэлнэ гэж өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяатай цөөн хором ярилцсан юм.

-Нийт газар нутгийн хичнээн га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоогоод байгаа вэ?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй талбай нийт нутаг дэвсгэрийн 71.52 хувийг эзэлж байгаа. Харин үлдэх 28.48 хувийн тодорхой хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Харин 19.88 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоож өгөөд байна. Үүнийг хоёр хэлбэрээр олгох юм. Нэг нь сонгон шалгаруулалтаар, нөгөө нь өргөдлөөр гэсэн үг л дээ.  Үүний 13.39 хувь буюу нийт газар нутгийн 20 сая  газарт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохоор төрөөс тогтоосон. Харин 6.49 хувь буюу нийт газар нутгийн 10 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон.

-Эхний ээлжинд сонгон шалгаруулалтаа түр орхиод, өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа гэж ойлгосон. Энэ ажил есдүгээр сарын 24-нөөс албан ёсоор эхлэх нь ээ?
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон хайгуулын тусгай зөвшөөрлийг нь буцаасан талбайд сонгон шалгаруулалт явуулах юм. Ер нь бид сонгон шалгаруулалтын талбайгаа хэтийн төлөв бүхий гэж нэрлэж байгаа. Энэ талбайн үнэ  цэнийг тодорхойлох ёстой болно. Энэ  хугацаа хараахан болоогүй байна. Сонгон шалгаруулалтын журам батлагдахаар нийт газар нутгийн 6.49 хувь буюу нийт газар нутгийн 10 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох ажил эхэлнэ. Харин хайгуулын талбайг өргөдлөөр олгох ажил одоо эхлэх гэж байна. Энэ дээр ямар нэгэн дүрэм, журам тусгайлан гаргах шаардлагагүй учраас шууд хийгдэх юм. УИХ өнгөрсөн долоодугаар сарын 1-нд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосон. Хууль батлагдсан өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэлийг хангасан. Одоо бэлтгэл үндсэндээ хангагдаад дууссан учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлэх гэж байна.

-Нийт газар нутгийн 13 хувь буюу 20 сая га талбайд өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил ирэх долоо хоногоос эхлэх гэж байна. Энэ талбайд бүгдэд нь өргөдөл авах уу. Эсвэл энэ жилийн тухайд хэсэгчлэн өргөдөл авах уу?
-Бүх талбай зарлагдаад манай ашигт малтмалын газрын сайт дээр нээлттэй тавигдана. Тухайлбал, сонгон шалгаруулалтаа болон өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох талбайг тус тусад нь тавина.  Өргөдлийн талбайгаас иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдөө сонгож, солбилцлоо өгөөд, хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргана. Өргөдлийн талбайгаас энэ жилдээ хэдэн хувийг олгох вэ гэдэг нь хүсэлт гаргагч нараас шууд хамаарна. Бид ажлын ачааллаасаа хамаараад өдөрт 50 дугаар тараана. Энэ нь тухайн өдөртөө тараагдана. Дараа өдөр нь дахиад 50 дугаар тараана. Энэ маань онлайнаар хийгдэх учраас хэн нэгнээс хамааралгүй болж байгаа юм. Дугаар авч, өргөдлөө түрүүлж өгсөн нь хайгуулын тусгай зөвшөөрлөө түрүүлж авна гэсэн зарчим үйлчилнэ.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргахын тулд, эхлээд өргөдлөө өгөх дугаар авах ёстой болох нь. Дугаар авч өргөдлөө өглөө гэхэд, хариугаа хэзээ авах вэ?
-Ашигт малтмалын газраас төрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг тогтоож, зарлаж байна. Энэ өдрөөс манай газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулах юм. Бид хоёр томоохон ажил хийж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх өргөдлийн дугаарыг бид цахимаар олгоно. Ингэснээр хүмүүсийн оролцоог нэмэгдүүлж, манай газрын ажилтнуудын нөлөөллийг багасгаж, манай дээр үүсдэг дарааллыг арилгаж байна. Нөгөөтэйгүүр, кадастрын хэлтсийг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлж байна. Энэ нь тухайн өргөдөл гаргагчийн хүсэлтийг хүлээж аваад, авсан даруйдаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд тухайн өдөрт нь багтааж хариу өгөх боломжийг бий болгож байгаа юм.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой эсэхээ нэг өдрийн дотор мэдэх боломжтой болох нь. Боломжтой хариу авсан хуулийн этгээдүүд хэд хоногийн дотор хайгуулын тусгай зөвшөөрлөө авах юм бол?
-Бидний зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд л хариу өгнө. Гэхдээ олгох эсэх асуудал аймаг, орон нутгийн Засаг дарга нараас тодорхойлолт авсны дараа яригдах зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар аймгийн Засаг дарга нарт уламжилж, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээд олгох боломжтой гэвэл, манай газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод явна. Аймгийн удирдлагууд боломжтой гэсэн санал хэдий хугацаанд ирүүлнэ, тэр даруйд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод явах юм. Хэрэв аймгийн удирдлагууд татгалзсан хариу ирүүлбэл, бид үндэслэлийг нь судалж үзнэ. Ер нь хуульд Засаг даргын татгалзах үндэслүүдийг зааж өгсөн байгаа. Тэр үндэслэлээр татгалзах хариугаа ирүүлэх ёстой. Энэ дагуу ингэж татгалзсан гэх мэтчилэн. Аймгийн удирдлагаас ирсэн татгалзсан болон боломжтой гэсэн хариуг бид өргөдөл гаргагчдад өгөөд явна. 

- Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна гэж заасан. Энэ талбайг  манай улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад өөр ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах ёстой. Энэ нь манай кадастрын  хэлтсийн К-1 маягт байгаа.  Мөн өргөдөл гаргагчийн албан ёсны  тодорхойлолт болох К-4 маягтыг бөглөх ёстой. Үүнээс гадна, хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан талаарх мэдээллийн маягтыг бид боловсруулаад гаргачихсан байгаа. Энэ маягтын дагуу мэдээллээ ирүүлэх ёстой. Тухайлбал, холбогдох мэргэжилтнүүдийнхээ бичиг баримтыг хавсаргах ёстой. Дээр нь аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар. Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбилцол, аймаг сумын нэр, хилийг буулгасан зураг хоёр хувь хэрэгтэй. Үйлчилгээний хөлс болох 250 мянган төгрөг төлсөн баримт эх хувиараа мөн хэрэгтэй. Монгол Улсад татвар төлдөг нь үнэн болох нотолгоогоо дээрх бичиг баримтын хамт хавсаргаад манай дээр өргөдлөө өгөх ёстой. Дугаараа авсан нөхцөлд дээрх баримтуудаа бүрдүүлээд манайд ирнэ гэсэн үг.

- Тусгай зөвшөөрөл олгож эхлэхээс өмнө долоо хоног туршилт явагдана гэсэн. Өнөө маргаашгүй эхлэх энэ туршилтад иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой гэж та түрүүн хэлсэн?
- Өнөөдөр өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай зарлагдаж байна. Энэ зарлагдсан талбайн координатуудыг өнөөдрөөс кадастрын системд оруулна. Харин хоёр хоногийн дараагаас кадастрын системд хандаж иргэд, аж ахуйн нэгжүүд кадастрын өргөдлийн дугаарыг цахимаар авах үйл ажиллагаатай танилцах туршилт долоо хоног явагдана. Ингээд есдүгээр сарын 24-нөөс албан ёсоор хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа эхэлнэ.

/Зурган дээр даран томруулж үзнэ үү/

 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 156.4 сая га талбайгаас:
-    Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой талбай - 28.48%
-    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон болон хориглох гэж байгаа талбай - 71.52%

Тусгай зөвшөөрөл олгосон болон олгох боломжтой талбай
(2014 оны 9-р сарын 01-ний байдлаар)

Төрөл

Талбайн хэмжээ

/сая га/

Эзлэх хувь

/%/

1

Хүчинтэй тусгай зөвшөөрлийн талбай

11.81

7.5

2

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбай

1.7

1.1

3

Сонгон шалгаруулалтаар олгох талбай

10.15

6.49

4

Өргөдлөөр олгох талбай

20.94

13.39

Нийт

44.6

28.48

 

 

 

 

 

 

 Жич: Хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүйгээр тогтоосон талбай.

Хууль, тогтоомжоор хориглосон болон хязгаарласан талбай

Талбайн төрөл

Талбайн хэмжээ

(сая га)

Эзлэх хувь (%)

  1. Газрын тухай хуулийн 10 дугаар зүйл “Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал”-ын талбай[1]

хот, тосгон, бусад суурины газар

0.7

0.45

зам, шугам сүлжээний газар

0.4

0.28

ойн сан бүхий газар

14.2

9.14

усны сан бүхий газар

0.6

0.44

улсын тусгай хэрэгцээний газар

24.9

15.94

  1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр ангилсан талбай

дархан цаазат газар

12.4

7.9

байгалийн цогцолборт газар

11.9

7.6

байгалийн нөөц газар

2.8

1.8

дурсгалт газар

0.1

0.9

  1. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу бүртгэгдсэн

улсын нөөцөд авсан талбай

11.9

7.6

орон нутгийн тусгай хэрэгцээний газар

38.52

24.62

  1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн зааг тогтоосон талбай

Гол, мөрний урсац бүрэлдэх эх

14.4

9.1

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс

10.7

6.5

Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс 

18.6

11. 9

 1. Хориглох гэж буй талбай

БОНХЯ-аас 2014 оны 1/2727 тоотоор ирүүлсэн цаашид тусгай зөвшөөрөл олгохыг хориглох гэж байгаа талбай

Улсын тусгай хамгаалалтад шинээр орох талбай

2.24

1.4

Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах газар (ҮАБЗ-ийн 2013 оны 12/09 тоот зөвлөмж)

20.0

12.8

 

 

 

 

Жич: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй дээрх талбайнууд өөр хоорондоо давхцалтай бөгөөд нутаг дэвсгэрийн 71.52% хувийг эзэлнэ. Гэхдээ энэхүү хүснэгтийн задаргаа тус бүрээр үзүүлсэн эзлэх хувийн нийлбэр нь 71.52% хувьтай тэнцэхгүй болно.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.88 хувь (31.09 сая га) хамарсан.
 Үүнд:

•    Сонгон шалгаруулалтын талбай        - 10.15 сая га буюу 6.49%
•    Өргөдлөөр олгох талбай                   - 20.94 сая га буюу 13.39%
                  Нийт                                    - 31.09 сая га буюу 19.88%   

Нийтэлсэн: А.Энхтуул

Д.Үүрийнтуяа: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил ирэх долоо хоногт эхэлнэ  
Үзсэн: 5500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй