
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
- * -
Ухаанаараа шийдэж, улсаараа дэмжүүлж үнэтэй бүхнээ дээдлэн амьдарцгаая
Зан сайтай айлд хүн бүхэн зочилж, замаг сайтай усанд загас бүхэн цуглардаг гэдэг ардын үгийг эргээд бодоход эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ хүндэлдэг, хүүхдүүд нь ч эцэг, эхийнхээ хайр энэрэл дунд өссөн, зөв хүмүүжилтэй, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн тухай хэлсэн үг байжээ.
1. Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн хөгжлийн зүй тогтлоос ихээхэн шалтгаалдаг
Гэр бүлийн хүчирхийлэл нь манай улсын хот суурин газар бүрт бодитоор оршиж буй үзэгдэл билээ. Монголын зүүн өмнө зүгийн хилийн манаа болсон Дорноговь аймаг удахгүй аж үйлдвэрийн томоохон бүс болон хөгжих төдийгүй одоогийн 60 гаруй мянган хүн ам багцаагаар 150 мянгад хүрэх тооцоо гарчээ. Хөгжил дэвшлийн гарааны нөгөө талд ёс суртахуунаас үүдсэн зөрчил хийгээд гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн гарч буй нь нийгмийн хөгжлийн өөрийнх нь зүй тогтлоос ихээхэн шалтгаалдаг байна. Дорноговь аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Манлайлагч иргэд” ТББ, “Иргэний нийгмийн сүлжээ” ТББ-аас 2013 онд 35-54 насны эмэгтэйчүүдийн дунд байгаа тулгамдсан асуудлыг илрүүлж, цаашид нэн түрүүнд шийдвэрлэх асуудлуудын талаар судалгаа явуулахад дүн нь ихээхэн анхаарал татахуйц гарчээ.
Судалгаанд нийт 558 эмэгтэй оролцсоноос 56.4 хувь нь тогтмол ажилтай, 41.6 хувь нь огт ажилгүй байсан аж. Тэдний 60.0 хувь нь эмэгтэйчүүдийн талаар төр, олон нийтийн байгууллагын хийж буй ажилд сэтгэл дундуур, 37.8 хувь нь хангалтгүй үнэлгээ өгчээ. Харин гэр бүлд архи хэрэглэдэг хүн байхгүй хэмээн 62.5 хувь нь хариулсан хэдий ч гэр бүл салалтад архи нөлөөлдөг гэж 89.6 хувь хариулсан нь сонирхол татна. Судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 63.3 хувь нь ядууралд өртсөн бөгөөд шалтгаан нь ажилгүйдлээс 79.8, мэргэжил боловсролын дутмаг байдлаас 62.2, төрийн үйлчилгээ муу хэмээн 52.3, өр зээлтэй гэж 53.8, хувь хүний санаачилга зохион байгуулалтаас шалтгаалдаг гэж 48 хувь нь тус тус хариулсан байна. Харин 24-35 насны эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 38.4 хувь нь гэр бүлдээ архины хамааралтай хүнтэй бөгөөд 26.8 хувь нь сэтгэл санааны дарамт шахалтын дор амьдарч ямар нэг хэмжээгээр гэр бүл, ажлын байр, бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан аж.
2.Гэр бүлийн таагүй уур амьсгал хүчирхийлэл рүү түлхдэг
Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн ихэнх нь сургууль завсардсан байгаа талаар албаныхан ярив. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэрэг амьдралд цөөнгүй гарч буйн жишээ 15 настай Б хүүд тохиолдсон явдал юм. /Хувь хүний нууцыг хадгалах үүднээс нэрийг нь нууцлав/ Б хүү сургууль завсардсан бас хойт эцэгтэй. Ээж нь хувиараа бага хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг. Харин аав нь тогтсон ажилгүй, бас архи уудаг. Амьдралын боломж тааруу ийм айлын хүүхэд Б хуучирч муудсан усны тэргээ засах санаатай ээжээсээ мөнгө гуйхад ээж нь өгсөнгүй. Тэр зэргэлдээх айлын амбаараас ямааны ноолуур хулгай хийгээд баригдав. Архи уудаг хойд эцгээсээ зодуур амсдаг, олон хүүхдээ тэжээхээр стресст орсон ээж нь хайхарч үзээгүйн улмаас хүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж албаныхан үзэж байна. Түүнийг Шүүхээс гэмт хэрэг хийсэн хэмээн яллаж 1.6 сая төгрөгийн торгууль төлөх ял өгчээ.
3. 2013 онд гурван хүүхэд мориноосоо унаж амь насаа алджээ
Эцэг өвгөдөөс уламжилт ирсэн соёлын нэг хурдан морь уяж, унаж уралдуулах нь хэдий сайхан ч зарим арга хэлбэр нь нийгмийн хөгжлийн чиг хандлагатай тохирохоосоо харшлах нь их болжээ. 2013 онд давхардсан тоогоор 650 гаруй хүүхэд морь унаж уралдсанаас 28 хүүхэд мориноосоо унаж бэртсэн, гурван хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өмнө нь унаач хүүхдийг маш бага мөнгөн хөрөнгөөр даатгадаг байсан бол одоо 7-10 насны хүүхдийг таван сая, 10-аас дээш насны хүүхдийг гурван сая төгрөгөөр даатгасан нь өмнөхтэй харьцуулбал дэвшил юм. Амьдралын боломж тааруу, олон хүүхэдтэй айлын эцэг, эх хүүхдээ хэдэн сар жилээр айлын морь унуулахдаа эзэнтэй нь сард ердөө 100-150 мянган төгрөгийн гэрээ хийдэг аж. Энэ нь зөвхөн морь унаагүй байх үеийн ханш юм. Харин эзэн морио унуулж байх үедээ 300 мянга орчмыг өгдөг гэнэ. Заримдаа уурссан эзэн мөнгийг нь ч өгдөггүй гэх жишээ олон. Өргөн сумын нэгэн малчин эцэг, эхэд уяач хэдэн төгрөг өгөөд хүүг нь морь унуулахаар аваад явжээ. Хүү нь “Ээж, ээ би түрүүлээд ирнэ ээ” гээд явсан ч гэртээ эргэж ирсэнгүй. Даатгалын мөнгө ч олдсонгүй.
4.Өсвөр насныхны ёс суртахуун унасан нь хүчирхийлэл буйн бодит жишээ
Агуулга нь өргөн хүрээтэй ч хүн бүр яриад байдаггүй эмзэг сэдвийн эргэн тойронд ямар асуудал тулгараад байгаа талаар ярилцахаар аймгийн ХГБХХ-ийн Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдтэй уулзлаа. “Хүүхдүүдээ, танай гэр бүлд архи хэрэглэдэг хүн бий юу” гэсэн эхний асуултад зургаагаас 11 дүгээр ангийн хүүхдүүд нэлээд бодлогширч байгаад ийн хариулав. Өдөр болгон уугаад байдаггүй ч архи хамгийн өргөн хэрэглээний нэг болсонд тэд санал нэгдэв. Тэгвэл “Гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юуг хэлдэг талаар асуухад “Хүүхдийн хүсээгүй юм бүхнийг хийлгэх”-ийг хэлнэ хэмээн дуу нэгтэй өгүүллээ. Эцэг, эхийн зарим нь архи ууж тамхи татдаг, хүүхдийнхээ дэргэд ёс бус авирлаж, хараалын үг хэлдэг гэжээ. Тэгвэл “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байна уу” гэж асуухад ихэнх нь хариулсангүй. Хүчирхийлэл нь нуугдмал орчинд байгаа нь үнэн аж. Оролцооны байгууллага нь хүүхдүүдийн хэл ярианы чадварыг дээшлүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тодорхой асуудлаар чөлөөт ярилцлага зохион байгуулах, мэргэжлийн чиг баримжаа авах зорилгоор “Өсвөрийн цагдаа”, “Миний редакц” зэрэг бүлгэмийг ажиллуулдаг аж. Тэдний ярьж буйгаар архи хэрэглэх нь өсвөр насныхны дунд өргөн тархсан бөгөөд 2013 онд дунд сургуулийн ахлах ангийн охин архидан согтуурч байгаад эрүүлжүүлэгдсэн аж.
Хүүхдүүд архины асуудлыг гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээрээ дүрслэхдээ архи ууж, агсам согтуу тавьж, алаг үрсээ битгий гомдоогооч, багахан төдий архи багагүй амжилтыг чинь эвдэнэ гэх зэргээр шүлэглэсэн байна. Хамгийн сэтгэлд дотно дулаахан үг мөн хамгийн муухай үгийг цувруулан бичнэ үү гэж багшийг хэлэхэд талархлын үг нь ердөө “Баярлалаа”, “Хайртай шүү” гээд дуусахад хараалын үгийг шүлэг шиг цувруулан бичсэн аж. РС тоглоомын газар хүүхэд өдөрт хоёр цагаас илүүгүй тоглох журам алдагдаж, нэгээс нөгөөд шилжин тоглох улмаар өдрийн ихэнх цагийг тоглоомын газар өнгөрүүлдэг болсон аж. Хүүхдүүдийн болоод эцэг, эхчүүдийн сэтгэл зовоосон чухал асуудал нь олон нийтийн “socialmedia” буюу фэйсбүүк, твиттер хуудсаар дамжуулан биесээ гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрчээ. Хүүхдүүд интернет ашиглаж хамгийн буруу үлгэр дууриал үзүүлж байгаа бүхнийг сурч байна. Энэ бүгдийг хүүхдүүд өөрсдөө хэлсэн нь нөхцөл байдал үнэн гэдгийг нотлож буйн жишээ. Ийн бидний яриа дуусах мөчид тэд гэгээтэй, чихэнд чимэгтэй сайхан зүйл ярьсан нь ирээдүйд эзэмших мэргэжил нь байлаа. Хүүхдүүдийн дундаас Монголын анхны эмэгтэй ерөнхийлөгч, сансрын нисгэгч, Байгаль орчны сайд, бүжигчин, багш, инженер зэрэг шилдэг мэргэжилтнүүд төрөн гарч эх орноо хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь сайшаалтай.
Гарц 1.Мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх нь зүйтэй
Өнөөдөр хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллаж байгаа төрийн байгууллагын бүтэц орон тоо, энэ чиглэлээр мэргэшсэн ажилтан хөдөөд тийм ч хангалттай бус байна. Цагдаагийн хэлтэст хүүхэд хариуцсан байцаагч энэ ажлыг хариуцдаг бөгөөд бас л хавсарга хэлбэрээр явж байна. Аймгийн ГБХХ-т хүүхэд хамгааллын ажилтан уг асуудлыг хариуцан ажилладаг ч зөвхөн энэ чиглэлээр дагнан ажилладаг мэргэжилтэн цаашдаа сум бүрт төдийгүй олон ажилтантай байгууллагуудад нийгмийн хариуцлагынх нь хүрээнд ч бий болгохыг хуульчилж болмоор. Хөдөө хээр бөглүү газар гэр бүлийн хүчирхийлэл гарвал хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хэрхэн хамгаалах нь бүрхэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг гэртээ авч халамжилсан иргэнд сард 24,000 төгрөгийн тэтгэлэг олгохоор Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг үндэслэж хөдөөд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хугацаагаар асран хамгаалах боломжтой айлын судалгааг гаргах нь зүйтэй юм. Тус хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар шүүхээс санал болгосны дагуу шинжээчээр ажилладаг бөгөөд 2013 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 10-аад санал гомдол, нэг хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл ирэхэд дүгнэлт хийн ажиллажээ.
Гарц 2. Сайн хууль ээдрээтэй асуудлын гогцоог тайлна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулагчид нийтийн дунд төслийг хэлэлцүүлж буй нь сайшаалтай юм. Хуулийн төсөлд тусгасан заалтууд нь нийгмийн өргөн хүрээг хамарсан, төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх үүргийг тодорхой тусгаж, хэрэгжих боломжтой гэж сэтгүүлчийн хувьд үзсэнээ хэлэх нь зүйтэй. Харин хуулийн төсөлд оруулах саналаа дараах байдлаар тусгав. Нэгдүгээрт, энэ хуулийн 8 дугаар зүйлд “Хүчирхийллийн улмаас хохирсон хохирогч хүчирхийллийн эсрэг сайн дураараа бусадтай нэгдэн нийлж бүлэг, төрийн бус байгууллага байгуулан эрх нь зөрчигдөж буй бусдад туслах аян, шинэ санаачилга, хөдөлгөөн өрнүүлсэн хийгээд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд төрөөс дэмжлэг хүссэн тохиолдолд мэргэжил арга зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, сум орон нутагт төсөл хэрэгжүүлэх хугацаанд нийтийг хамарсан хурал, сургалт зохион байгуулахад нь өрөө тасалгаагаар үнэ төлбөргүй хангах, үйл ажиллагаанд нь зориулж тодорхой хэмжээний санхүүжилт шууд олгох” эрх үүргийг шинээр оруулж хуулчлах, хоёрдугаарт, энэ хуулийн 17 дугаар зүйлд “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын Засаг дарга хүчирхийллийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, энэ чиглэлээр гарч буй хуульд заагаагүй, шийдвэрлэх боломжгүй бусад хүндрэл бэрхшээлийн талаар үнэлгээ хийн төрийн захиргааны төв байгууллагад саналаа илэрхийлэх, дараагийн арга хэмжээнд тусгах ажлыг хэрэгжүүлэх” заалтыг шинээр тусгах, гуравдугаарт, энэ хуулийн 14.3.2-т “Хэсгийн ахлагч, сайн дурынхан” гэж нэмж оруулах, дөрөвдүгээрт, энэ хуулийн 21 дүгээр зүйлд “Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч”-ийн үүрэг гэж давхар хуульчилж оруулах нь зүйтэй юм.
Гарц 3. Иргэний нийгмийн идэвх, төлөвшил чухал
Төрөөс хүчирхийлэлд өртөгчдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх олон нийтийн ажил зохион байгуулах, төрийн бус байгууллагын хөгжил төлөвшилд дэмжлэг үзүүлэх эмэгтэйчүүд, гэр бүлд хууль эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар зөвлөж тусалдаг, бэрхшээл саадыг таван туулах арга замыг нээдэг сэтгэл зүйн төвүүд эхний удаад бий болгох нь зайлшгүй юм. Ихэнх эмэгтэйчүүд өөрт тулгарч буй асуудлынхаа тухай хаана, хэнд хандаж хэлэхээ мэдэхгүй, цөөн эмэгтэй ямар нэгэн байгууллагад хандсан боловч бүрэн шийдвэрлэж өгдөггүй болохоор ихэвчлэн найз нөхөдтэйгөө хуваалцдаг, чин үнэнийг хэлэх зориг дутдаг, энэ нь цаашдаа сэтгэл санааг нь туйлдуулдаг тухай судалгаагаар тогтоогджээ. Мөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бүлэг клубээр хамтран ажиллах, гэр бүл салалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, ядуурлын талаар тандалт судалгаа хийж хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, биесээсээ харилцан суралцах, хийж бүтээх, хамтран ажиллахын давуу талыг мэдрүүлэх, үр ашгийг хүртдэг байх, төрөл бүрийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг болвол нэн сайн. Угтаа амьдрах ухааны төрөл бүрийн сургалтуудыг тасралгүй зохион байгуулах үүнд иргэд, эмэгтэйчүүдийг идэвхтэй хамруулан харилцаа хандлагыг өөрчлөх, амьдрах ухааны дадал чадварыг эзэмшүүлэх нь чухал болжээ.
Гарц 4. Гэр бүлдээ санаа тавь
Мөнгөөр худалдаж авч болдоггүй, хэн нэгнээс зээлж болдоггүй, хүслээ шивнээд ч олоход бэрх ганц үнэт зүйл бол гэр бүл учраас өдөрт дор хаяж 30 минутыг хүүхдэдээ зарцуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Аймгийн ХГБХХ-ээс 2013 оны 10 дугаар Хүүхдийн чуулганыг зохион байгуулахад салбар хэлэлцүүлгээр гэр бүлийн асуудлыг ярилцсан байдаг. Хүүхдүүдийн зарим нь эцэг, эхийн тухай ярихдаа хүүхдийнхээ үзэл бодлыг дэмждэггүй, хүүхдийн итгэх итгэлийг мохоодог, хүүхдүүдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлдэг, гэр бүлийн маргаанаас болж эцэг, эх, хүүхдийн харилцаа муудсанаас гэр бүлийн хүчирхийлэл гардаг, тиймээс өөрсдийнхөө ажлын цагийг зөв зохистой зарцуулах, хүүхдүүдтэйгээ ярилцах цаг гаргах, халуун дулаан орчин бүрдүүлэхийг юун түрүүнд хүссэн байна. Үүнийг сургуулийн орчинд ч анхааран үзэх нь чухал. Харин хүүхдүүд төр засгаас эцэг эхчүүдэд гэр бүл, хүмүүжлийн талаар сургалт зохион байгуулах, гэр бүлийн өдөртэй болох, гэр бүлийн маргааныг шийдвэрлэх сэтгэл зүйн төвтэй болохыг хүсчээ. Харин өөрсдөө хийх ажлын жагсаалтад өөрсдийн эрхийн төлөө тэмцэж чадна, олон нийтийн амьдралд идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадна гэжээ.
Гарц 5.Идэвхтэй иргэд юунаас ч чухал
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Дорноговь аймаг интернет хэрэглэгчийнхээ тоогоор улсдаа эхний тавдугаар байрт, хүн амын 74.3 хувь нь гар утас хэрэглэдэг гэсэн албан ёсны дүн гарчээ. Интернет хэрэглээ ийм өндөр байтал АНУ-ын Бүгд найрамдахчуудын Хүрээлэнгээс 2010 онд Дорноговь аймагт явуулсан судалгаагаар хамгийн оролцоо муутай аймгаар дүгнэгдсэн байна. Хурал цуглаан, хэлэлцүүлэгт оролцох иргэдийн тоо аймгийн хувьд харьцангуй бага. Иргэдийн хувьд өөрт нь хэрэгтэй, тулгамдсан асуудлаар ч ярих нь бага, ярилцаж хэлэлцэх нь төдийлөн хэрэгцээтэй чухал асуудал биш учир оролцох сонирхолгүй байдаг дүгнэлт хийж болохоор байна.
Гарц 6. Ухаанаар л бүгдийг зохицуулна
Өвгөдөөс үлдээсэн түүхэн уламжлалыг харахад монгол айл өрхийн гол нурууг эрэгтэй хүн залуурдаж, харин эхнэр тэрхүү хамтран босгосон гэр бүлийн үнэт зүйл бүхнийг нандигнан хамгаалж, нарийн чимхлүүр бүхнийг уран бэрийн, уян сэтгэлийн ухаанаараа цогцлоож байсан байх юм. Өөрөөр хэлбэл, хоёр биенээ ойлгодог, хайрладаг, аливаад хүлээцтэй хандаж асуудлыг зөөлрүүлэн шийддэг байсантай холбоотой аж. Энэ нь эдүгээ агуулгаараа ерөнхийдөө өөрчлөгдөж эхнэр, нөхөр харилцан тэгш эрх бүхий үүрэгтэй амьдралд оролцох болж нэгэндээ давамгай эрх үүсгэхээс зайлсхийн, улмаар зөрчилдөөн үүсэх болсноор гэр бүлийн дотор таагүй байдал үүсч хүчирхийлэл үүсэх шалтгаан болдгийг зарим судлаач тайлбарлажээ. Энэ нь эзэмшсэн мэргэжил боловсрол, зан харьцаа зэргээс ихээхэн шалтгаалдаг бололтой. Тухайлбал, нэгнийхээ үгийг бага сонсдог, хэлж буй санааг нь хүлээн зөвшөөрдөггүй байдлаар тайлбарлаж болох. Ийм жишээ амьдралд нийтлэг буй бөгөөд ухаанаар л зохицуулахаас өөр арга байхгүй.
Х.Эрдэнэбулган /МОНЦАМЭ/
Ухаанаараа шийдэж, улсаараа дэмжүүлж үнэтэй бүхнээ дээдлэн амьдарцгаая | ||
Үзсэн: 2914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.