Шууд Chart

АНУ, Европын албаныхан Украинд гал зогсоох асуудлыг Лондонд хэлэлцэнэ

2025-04-23 16:14:13

АНУ, Их Британи, Франц, Украины төлөөлөгчид оролцох энэ уулзалт лхагва гарагт болно гэдгийг Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдээлсэн байна. Тэрбээр бодитой, бат бөх энх тайван тогтох үндэс суурийг бүрдүүлж үг дуугүй гал зогсоох зорилтод хүрэхийн тулд бид, үүний өмнөх уулзалттай адилаар аль болох бүтээлчээр яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байна гэж Икс сүлжээгээр дамжуулж мэдэгджээ.

Зеленский Британий Ерөнхий сайд Кир Стармертай утсаар ярьсныхаа дараа Икс нийгмийн сүлжээнд ингэж нийтэлсэн юм байна. Украины тухайд, 2014 онд Крым Оросын харьяанд орсныг хүлээн зөвшөөрөх, мөн Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэдэг агуулгатай АНУ-ын саналд хариу өгөх шахалттай тулгараад байгаа үед энэ уулзалт болох гэж байгааг хэвлэлүүд онцолж байна. Их Британи, Франц, Герман, дээр нь АНУ, Украин гэсэн бүтцээр энэ сарын 17-нд Парист уулзалт хэлэлцээ болсон. Д.Трампыг Ерөнхийлөгч болсоор Америк, Европын талууд анх удаа Украины асуудлыг хамтарч хэлэлцсэн нь энэ байсан юм. Түүний үргэлжлэл болох Лондонгийн хэлэлцээгээр талууд Украины хямралыг шийдвэрлэх саналыг Москвад албан ёсоор танилцуулах хэмжээнд зөвшилцөж чадах эсэх нь гол анхаарал татаж байна. Тэгж чадвал Трампын элч Стив Уиткофф шууд Москваг зорино гэж Wall Street Journal мэдээлжээ.

Кремлийн төлөөлөгч Д.Песков  өмнө нь, Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэдэг Вашингтоны байр суурийг сайшааж байгаагаа илэрхийлсэн. Трампын засаг захиргаа Украинд урт хугацаанд дэмжлэг үзүүлэх бодолгүй, Оростой аль болох хурдан энхийн хэлэлцээр байгуулахад шахсан байр суурьтай байгаа гэдгийг ДПА сануулж байна. Трамп мөн, сүүлийн хэлэлцээ үр бүтээлч болсныг дурдаж энхийн хэлэлцээр байгуулагдах боломж “маш өндөр болсон” гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Өмнө нь тэр ойрын хугацаанд дорвитой ахиц гарахгүй бол АНУ хэлэлцээнээс гарна гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Дараахан нь Кремль, Улаан өндөгний баярыг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түр зогсоох уриалга дэвшүүлсэн юм. Дайтагч талуудын аль аль нь дагаж мөрдөөгүй гэж харилцан бие биеэ буруутгаж байгаа гал зогсоох хугацааг 30 хоног сунгаж, иргэний байгууламжуудад цохилт өгөхөөс түдгэлзэх саналыг Украины Ерөнхийлөгч Оросын талд тавьжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин харин саналыг сайтар судалж үзэх шаардлагатай, магадгүй хоёр тал хоорондоо хэлэлцэж болох юм гэж өчигдөр сэтгүүлчдэд ярьсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Европын албаныхан Украинд гал зогсоох асуудлыг Лондонд хэлэлцэнэ  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй