Шууд Chart

Ши Жиньпин, В.Путин нар Кремльд стратегийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ

2025-05-09 11:53:20

Хятад улсын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 07-ны орой ОХУ-д 4 өдрийн албан ёсны айлчлалаар хүрэлцэн очсон. Ялалтын 80 жилийн ойн баяр ёслолд мөн оролцох Хятадын удирдагчийг өчигдөр Оросын Ерөнхийлөгч Кремльд хүлээн авч уулзалт хэлэлцээ хийсэн байна. Хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг цохон тэмдэглэсэн энэ уулзалтын үеэр талууд олон улсын асуудлууд, тэр дундаа БРИКС, ШХАБ, Хорийн бүлгийн хүрээн дэх хамтын ажиллагаа, мөн хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааны асуудлууд хэлэлцсэн байна. Мөн Сибирийн хүч-2хийн хоолой зэрэг эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн тухай ТАСС мэдээндээ дурдсан байна.

Оросын Ерөнхийлөгч энэ үеэр Орос-Хятадын стратегийн түншлэлд суурилсан сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг цогцлоох бодолтой байгаагаа илэрхийлж, эрх тэгш, харилцан ашигтай, шударга зарчимд тулгуурласан 2 орны харилцааг иж бүрэн хэлэлцэх байр сууриа илэрхийлж байжээ. Ши Жиньпин өөрийнх нь болоод Путин Ерөнхийлөгчийн удирдлага дор 2 улсын улстөрийн харилцаа бэхжиж байгааг онцолсон байна. Оросын Ерөнхийлөгч ирэх 9 сард ёслон тэмдэглэх Японы милитарист армийг ялсны 80 жилийн ойд оролцох Хятад улсын даргын урилгыг талархан хүлээн авч, энэ ойг тохиолдуулж албан ёсны айлчлал хийхдээ таатай байгаагаа илэрхийлжээ. Хэлэлцээний төгсгөлд хоёр удирдагч хамтарсан 2 мэдэгдэл баталж, засгийн газар яам агентлаг хоорондын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хятадын удирдагч өнөөдөр Улаан талбайд болох Ялалтын баярын арга хэмжээнд гол зочин болох бол, цэргийн ёслолын парадад жагсах гадаадын 13 улсаас Хятад хамгийн олон 102 цэрэг оролцуулж байгаа юм.

Орос, Хятадын төрийн тэргүүн нарын хувьд, энэ он гарсаар гурав дахь удаагаа харилцаж байгаа нь энэ, 1-р сард цахим бага хурал хэлбэрээр уулзсан бол, 2 сарын сүүлээр утсаар ярьсан юм. Хятад улс АНУ-тай худалдааны зөрчил сөргөлдөөнтэй, мөн Украин улсад нь эзлэн түрэмгийлэл үйлдэж байгаа ОХУ-д тусалж байгаад Хятадыг буруутгасны дараахан Хятадын төрийн тэргүүн энэ айлчлалыг хийж, Ерөнхийлөгч Путинтай ойр нягт харилцаагаа дахин нотлон харуулж байна. Энэ удаагийнх Ши Жиньпин Хятад улсын дарга болсноосоо хойш ОХУ-д хийж байгаа 11 дэх айлчлал, өөр аль ч улсад ийм олон давтамжтай айлчилж байгаагүй гэдгийг байгааг олон улсын хэвлэлүүд тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ши Жиньпин, В.Путин нар Кремльд стратегийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй