Шууд Chart

БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээний босгон дээр Д.Трамп Хятадын тарифыг бууруулах боломжийг үгүйсгэв

2025-05-09 12:38:28

Энэ амралтын өдрүүдэд Швейцарт хийх товтой байгаа Америк-Хятадын худалдааны нөхцөлийг тохирох хэлэлцээний босгон дээр Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бараанд одоо үйлчилж байгаа 145 хувийн татварыг бууруулахгүй гэж мэдэгдсэн байна. Дэлхийн худалдааг бүхэлд нь доголдуулсан худалдааны дайны асуудлаар ярьж тохирох эхний алхам болно гэж тооцогдож байгаа энэ хэлэлцээний босгон дээр Трампын илэрхийлсэн энэ байр суурь дээр Вашингтон дахь Хятадын ЭСЯ-ны төлөөлөгч тэгвэл, асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдэх хүсэлтэй бол шахалт үзүүлж сүр далайлгахаа зогсоох ёстой гэдэг тайлбарыг өгчээ.

Швейцарын хэлэлцээнд Америкийн сангийн сайд Скотт Бессент, худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар оролцох бол, Хятадаас Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Хэ Лифэнг гол хэлэлцэгчээр очих мэдээлэлтэй байгаа юм. Цагаан ордны тэргүүн Хятадтай худалдааны өргөн хүрээтэй яриа хэлэлцээ өрнүүлэхийн тулд тус улсын бараанд ногдуулсан татварыг бууруулахад бэлэн байгаа юу асуусан сэтгүүлчдийн асуултад, Трамп үгүй гэж хариулснаас гадна худалдаа-эдийн засгийн асуудлаар өндөр түвшинд уулзалт хийх хүсэлтийг Бээжингээс тавьсан гэдэг байр суурь илэрхийлжээ. АНУ дахь Хятадын ЭСЯ-ны төлөөлөгч мөн Трампын энэ мэдэгдлийн мөрөөр хийсэн тодруулгадаа, Швейцарын хэлэлцээг Америк талаас олон сувгаар хүсэлт тавьсныг сайтар судалж үзсэний үндсэн дээр Хятад улс зөвшөөрсөн. Мөн гаалийн татвараар далайлгах АНУ-ын байр суурийг Бээжин эсэргүүцэж, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно  гэж онцолсныг хэвлэлүүд уламжилж байна.

Өнгөрөгч сараас Трамп Хятадын бараанд 145 хувийн татвар тогтоож, Хятад хариуд нь 125 хувийн тариф нэвтрүүлснээр 2 талын худалдаа мэдэгдэхүйц буурсан. Улмаар анх удаа хийх гэж байгаа энэ уулзалт хэлэлцээгээр 2 тал ахиц дэвшилд хүрч чадах эсэх нь анхаарал татаж байгаа юм. Трампын тарифын бодлогын цэгцгүй шийдвэрүүдэд багагүй хэлмэгдэж байгаа хөрөнгийн зах зээл ямартай ч дэлхийн хамгийн том 2 эдийн засаг хооронд яриа хэлэлцээ эхлэх нааштай төлөв ил болсонтой холбоотойгоор дараалан 2 өдөр унасан Америкийн хөрөнгийн бирж сэргэсэн үзүүлэлттэй байгааг шинжээчид тэмдэглэж байна. Америк-Хятадын энэ хэлэлцээ эхний улиралд 0,3 хувь агшсан Америкийн эдийн засгийн дүр зургийг мэдэгдэхүйц өөрчлөх боломжтой гэдэг байр суурийг АНУ-ын Төв Банк-ХНС-ийн тэргүүн Ж.Пауэлл илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээний босгон дээр Д.Трамп Хятадын тарифыг бууруулах боломжийг үгүйсгэв  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй