
Европын Холбоо ОХУ-аас эрчим хүчний хамаарлаа бууруулж, 2027 оны дуусахад ОХУ-аас байгалийн хий авахаа зогсоох төлөвлөгөөгөө энэ долоо хоногт танилцуулсан. Гэвч энэ төлөвлөгөөг ЕХ-ны гишүүн Словак Улс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. ЕХ аливаа шийдвэр эцэслэн гаргахын тулд гишүүн 27 улс нь бүгд санал нэгтэй зөвшөөрсөн байх ёстой юм.
Европын комиссоос энэ долоо хоногт танилцуулсан төлөвлөгөөнийхөө нарийвчилсан мэдээллийг ирэх сард танилцуулахаар болсон байна. Гэвч үүнээс өмнө энэ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэж Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ЕХ ОХУ-ын байгалийн хийг авахаа зогсоох шийдвэр гаргавал хориг тавина гэдгээ мэдэгдсэн байна. ОХУ-аас байгалийн хий авахаа зогсоосноор Словак төдийгүй ЕХ-д байгалийн хийн үнэ хөөрөгдөх маш сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Словак улс нь 2034 он хүртэл нутаг дэвсгэр дээгүүрээ ОХУ-ын байгалийн хийг дамжуулах гэрээтэй байгаа юм. Хэрвээ ЕХ ОХУ-ын байгалийн хийн импортыг зогсоовол үүнээс үүсэх хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэж дурджээ.
Роберт Фицогийн зүгээс ОХУ-ын газрын тос, цөмийн эрчим хүчийг импортлохгүй байх гэсэн ЕХ-ны шийдвэрийг мөн эсэргүүцэж байгаа. Харин Европын Холбооны зүгээс ОХУ-ын эрчим хүчинд найдна гэдэг баталгаагүй гэдэг нь хугацаа өнгөрөх тусам мэдэгдэж байна, тиймээс ОХУ-ын эрчим хүчний импортыг зогсооно гэсэн байр суурьтай байгаа юм. Мөн Европын эрчим хүчний үнийг хорлон сүйтгэгч хөрш улс тогтоох ёсгүй гэж Европын Комиссын дарга Урсула Фон Дер Ляейн дурджээ.
Европын Холбоо ОХУ-ын байгалийн хийн импортыг зогсоох төлөвлөгөөг Словак Улс эсэргүүцэв | ||
Үзсэн: 231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.