Шууд Chart

БНАСАУ ойрын тусгалтай баллистик пуужингууд туршив

2025-05-09 18:03:41

Умард Солонгос улс өчигдөр зүүн тэнгисийн чигт ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасан тухай Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлсэн байна. Мөн энэ нь Умард Солонгосоос гадагш экспортлох пуужингийн туршилт байж мэдэх юм гэдэг таамгийг өмнөдийн цэргийнхэн энэ үеэр илэрхийлснийг хэвлэлүүд уламжилж байна. 800 орчим км зам туулж далайд унасан тэдгээр пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна туссан, ямарваа хор хохирол учруулаагүй талаар NHK ЗГ-ийн эх сурвалжуудаас иш татаж мэдээлсэн байна.

Умард Солонгосын зүүн эргийн Вонсан хот орчмоос орон нутгийн цагаар өчигдөр өглөө 08:10-т ойр тусгалын баллистик пуужингууд харвасан талаар өмнөдийн цэргийнхэн мэдээлсэн. Гэхдээ яг хэдэн пуужин гэдгийг тодруулаагүй байна. Улмаар Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын талууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж дахин пуужин хөөргөх нөхцөлд бүрэн бэлэн байдалд хяналт ажиглалтаа үргэлжлүүлж байна гэж өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос сэтгүүлчдэд мэдээлжээ. Энэ сарын 10-нд Америк, Өмнөд Солонгосын цэргийнхний хамтарсан хаврын уламжлалт сургуулилалт эхлэхийн өмнөхөн Пеньян ийнхүү өнгөрөгч 3-р сарын сүүлчээс хойш анх удаа баллистик пуужингууд харвасныг бүс нутгийн хэвлэлүүд тэмдэглэж байна. Америк болон холбоотон орнуудын тагнуулын албад, бие даасан судлаачдын үзэж байгаагаар, Умард Солонгос Украины дайнд ашиглах зориулалтаар ойрын тусгалтай баллистик пуужин бусад зэвсгээ турших болсон.

Мөн Оросын Украинд ашиглаж байгаа Умард Солонгосын үйлдвэрийн баллистик пуужингуудын тусгал “илт сайжирсан” гэдэг дүгнэлтийг Ройтерс өнгөрсөн 2-р сард хараат бусаар явуулсан судалгаандаа тулгуурлаж мэдээлж байсныг DW дурдсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр Умардын пуужин, цөмийн асуудлаар хуралдаан болж, зарим улс Умард Солонгосыг НҮБ-ын АЗ-ын тогтоолууд, олон улсын хууль дүрмийг ил тод зөрчиж зэвсгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа нь цөмийн зэвсэг хураах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг алдагдуулж байгааг шүүмжилжээ. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дороти Ши Умард Солонгосыг Хятадад нүүрс болон төмрийн хүдэр нийлүүлсэн орлогыг үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингууд бүтээхэд ашиглаж байгаад буруутгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ ойрын тусгалтай баллистик пуужингууд туршив  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй