Шууд Chart

Их Британи улс АНУ-тай тарифын асуудлаар тохиролцоонд хүрсэн анхны улс болов

2025-05-09 18:08:40

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар пүрэв гарагт хязгаарлагдмал хүрээнд худалдааны гэрээ байгуулсан гэдгээ зарлалаа. Ингэснээр Их Британи улс тарифын асуудлаар АНУ-тай тохиролцоонд хүрсэн анхны улс болж байна. Тохиролцооны үр дүнд АНУ Их Британийн импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах өндөр дүнтэй тарифуудыг цуцалж байгаа ч суурь 10 хувийн тариф хэвээр үлдэж байна.

Цагаан ордны зууван танхимд Кир Стармертай тохиролцоонд хүрсний дараа Дональд Трамп Их Британи улс сайн тохироо хийлээ. Гэхдээ бусад улс орнуудтай хийх эцсийн тохироонд 10 хувиас өндөр тариф тогтоогдох болов уу гэж дурджээ. Өнгөрсөн 4-р сард Дональд Трамп худалдааны түнш 57 оронд тогтоосон байсан тарифаа 50 хувиар өсгөх шийдвэр гаргасан. Гэхдээ тун удалгүй энэ өндөр тарифын хэрэгжилтээ 90 хоногоор хойшлуулж, ирэх 7-р сарын 9 гэхэд амжиж тохиролцох боломжийг санал болгосон.

Энэхүү өндөр тарифаас гадна АНУ дэлхийн бүх улс орны автомашины импортод 25 хувийн тариф, ган хөнгөн цагааны импортод 25 хувийн тариф, мөн эм эмийн бүтээгдэхүүн, зэс, мод, хагас дамжуулагчийн импортод тусгай тариф ногдуулж эхэлсэн. Энэ долоо хоногт Трамп мөн олон улсын кинонд 100 хувийн тариф ногдуулах гэж байгаагаа зарласан. Гаалийн тарифаар дамжуулж АНУ 1,2 их наядад хүрсэн худалдааны алдагдлаа багасгах зорилготой байгаа юм. Тэгвэл АНУ-тай худалдааны хэлэлцээрт хүрч чадсан Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын зүгээс энэ өдрийг гайхамшигтай түүхэн өдөр байлаа гэж сайшаажээ.

Мөн тохиролцоонд хүрсэн энэ өдөр Дэлхийн 2-р дайнд ялсан түүхт 80 жилийн ойтой давхцаж байгааг онцолсон байна. Энэ худалдааны хэлэлцээрийн ачаар Их Британи АНУ-ын худалдаа ихсэж, хөдөлмөрийн зах зээл тэлж, зах зээлийн нээлттэй байдал хангагдана гэж дүгнэж байна. Хэлэлцээрийн хүрээнд АНУ Их Британийн импортын бүтээгдэхүүнд 10 хувийн суурь татвар ногдуулах бол Их Британи АНУ-ын импортын бүтээгдэхүүнд ногдуулах тариф 5,1 хувь байсныг 1,8 хувь болгож бууруулж байна. Их Британийн зүгээс энэ удаагийн хэлэлцээр хоёр улсын худалдааны харилцааны ердөө эхлэл байлаа гэдгийг онцолж байна. Цаашдаа илүү уян хатан томоохон гэрээ байгуулахаар хоёр улс ажиллана гэж дурдаж байна.

АНУ тарифын асуудлаар эхний улстай тохиролцоонд хүрсний дараа АНУ-ын хөрөнгийн биржийн индексүүд өссөн үзүүлэлттэй байна. Ирэх сард АНУ дахиад нэлээд хэдэн улстай худалдааны асуудлаар тохиролцоно гэж АНУ-ын худалдааны сайд Ховард Лутник өчигдөр CNBC агентлагт ярилцлага өгчээ. Одоо АНУ-ын хувьд хамгийн том сорилт нь БНХАУ болоод байна. АНУ БНХАУ-д 145 хувийн тариф тогтоогоод байгаа бол БНХАУ хариу болгож 125 хувийн тариф тогтоосон. Дэлхийн голлох хоёр эдийн засгийг тохиролцооны ширээнд аваачхаар энэ Бямба гарагт хоёр улсын төлөөлөгчид Швейцарын Женева хотод уулзах гэж байна.

АНУ-ыг төлөөлж сангийн сайд Скотт Бессент, худалдааны тусгай элч Жэмисон Грийр нар оролцох бол БНХАУ-ыг төлөөлж төрийн зөвлөлийн дэд сайд Хө Лифэн очих товтой байна. БНХАУ-тай явуулах тохирооны хүрээнд хоёр улс харилцан тарифаа бууруулах болов уу гэж харж байгаагаа ерөнхийлөгч Трамп дурджээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи улс АНУ-тай тарифын асуудлаар тохиролцоонд хүрсэн анхны улс болов  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
IBC BANK [127.0.0.xxx] 2 цаг 55 минутын өмнө
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
Зочин [127.0.0.xxx] 7 цаг 11 минутын өмнө
Эрдэнэтийн хадтай ууланд сэлэм барьсан эмэгтэйн зураг байдаг

Бидэнтэй нэгдээрэй