
Украин улс дэлхийн худалдааны нөхцөл байдал болоод Европтой харилцаагаа илүү ойртуулж байгаа гэдэг утгаараа америк доллароос илүү еврог зонхилох гадаад валют болгох сонирхолтой байгаа тухай Украины төв банкны тэргүүн Андрей Пышный дурджээ. Энэ нь цаашлаад Украины Европын Холбоонд элсэх гэсэн хүсэл сонирхлыг илэрхийлж байна гэж Ройтерс бичжээ.
Улсын төв банкны нөөц дэх гадаад валютыг америк доллароос еврод шилжүүлснээр Украины зэвсэгт хүчний чадавхад үзүүлэх ЕХ-ны үүргийг бэхжүүлж, олон улсын зах зээлд хөрвөх чадварыг нэмэгдүүлнэ гэж Украины төв банк үзэж байна. Гэхдээ доллароос еврод шилжихэд урьдаас маш нарийн уян хатан байдлаар бэлтгэл хангасан байх ёстой гэж төв банкны ерөнхийлөгч дурдсан байна. Украины төв банкны гадаад валютын нөөцийг еврод шилжүүлэх тухай анх 2024 оны 2-р сард төв банкны удирдах зөвлөл ярилцаж эхэлсэн байна. Олон улсад ихэнх гадаад валютын нөөцийг америк доллар зонхилох хандлагатай байдаг. Саудын араб, Хонгконг зэрэг томоохон эдийн засгууд улсынхаа валютыг доллартой харьцах ханшийг нь тогтвортой барихыг хичээдэг. Гэвч Доналд Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш тарифын дайн өдүүлэх зэргээр америк долларын ханшийг унагах нөхцөлийг бий болгох болсон. Улмаар дэлхийн валютын нөөц дэх америк долларын ирээдүйн төлөв тодорхойгүй болж ирж байна. Дөрөв дэх жилдээ ОХУ-тай байлдаж байгаа Украины хувьд АНУ дан ганц тарифын хувьд дарамт болж байгаа юм биш. АНУ мөн Украинд үзүүлэх зарим зэвсэгт хүчний тусламжаа танаж эхэлсэн нь Украины АНУ руу чиглэх бодлого өөрчлөгдөх үндэс болж байна. Тэгвэл ЕХ болон Европын удирдагчдын зүгээс Кьевт үзүүлэх зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж, Украины аюулгүй байдлыг сахин хамгаалахад анхаарна гэдгээ амласан.
Өчигдөр л гэхэд ЕХ Украинд үзүүлэхээр амласан 1 тэрбум еврогийн тусламжийнхаа дөрөв дэх хэсгийг шилжүүлэхээр болсон гэдгээ мэдэгдсэн. Украины хувь заяа Европоос нягт хамааралтай болсон гэж судлаачид үзэж байна. Тиймээс Украины эдийн засаг, улс төрийн эрмэлзэл еврогоос хамааралтай болох нь ойлгомжтой тул еврод шилжих нь зүйн хэрэг гэж үзэж байна. Тэгвэл өчигдөр Украины парламент АНУ-тай байгуулах ашигт малтмалын гэрээг албан ёсоор соёрхон баталсан. Үүнээс харвал америк доллар ойрын хугацаанд Украины голлох гадаад валют хэвээр байна. Гэхдээ еврогийн нөөц ч улам бүр нэмэгдсээр байна гэж Украины төв банкны ерөнхийлөгч дурджээ.
Украин Америк доллароос еврог илүүд үзэх хандлагатай байна | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.