Шууд Chart

2025 оны дөрөвдүгээр сарын дундаж температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв

2025-05-10 11:16:58

2025 оны 4-р сарын дундаж температур түүхэн дээд үзүүлэлтийг харууллаа гэж Европын цаг уурын Коперникус байгууллага танилцууллаа. Тус байгууллагаас дэлхий улам хурдацтай дулаарч байгааг анхааруулж байна. Дэлхийн дундаж температур өсөхөд нөлөөлдөг Номхон далайн Эль нино урсгал өнгөрсөн жил дуусаж, энэ жилээс цаг агаар арай сэрүүсэх болов уу гэж тооцоолж байсан ч агаарын дундаж температур улам өссөөр байна гэж Коперникус байгууллага тайлбарлажээ.

Номхон далайн Эль нино урсгал хүйтэн агаарын урсгал болох ла нинагаар солигдоход агаарын температурын өсөлт буурдаг онцлогтой. Гэтэл энэ жил ла нина урсгал эхэлчхээд байхад дэлхийн дундаж температур өссөөр байгаа нь тайлбарлахад хэцүү, шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй байна гэж судлаачид хэлж байна. Сүүлийн 22 сар буюу 2 жил орчим хугацаанд сар бүрийн дундаж температур Парисын хэлэлцээрээр зааж өгсөн аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1,5 градусаас давах ёсгүй гэсэн хязгаараас давсан үзүүлэлттэй байна. Энэ хязгаарыг 2015 онд буюу 10 жилийн өмнө тогтоож өгсөн ч өнөөдөр дэлхийн дундаж температурын өсөлтийг энэ хязгаарт барина гэдэг бараг боломжгүй болсныг эрдэмтэн судлаачид тайлбарлаж байна.

2024 оны байдлаар л гэхэд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс аль хэдийн 1,34 градусаар давчихсан гэдгийг олон судалгаа харуулж байна. Энэ оны байдлаар энэ хязгаар 1,39 градуст хүрнэ гэж тооцоолж байна. Харин 1,5 градусын хязгаарыг 2029 он юм уу түүнээс ч эрт давна гэж үзэж байна. Дэлхийн дундаж температур 1,5 градусын өсөлтийн хязгаарыг давахад ердөө дөрөвхөн жил үлдсэн байна. Гэхдээ зарим бүс нутагт аль хэдийн энэ хязгаарыг давчихсан гэж Европын эрдэмтэд хэлж байна.

Гэхдээ Парисын хэлэлцээрээс тогтоож өгсөн 1,5 градусын хязгаар эвдэгдлээ гээд дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт дэлхий дулааралд бууж өгөх ёсгүй. Энэ хязгаарыг 2 градуст барих биш 1,51 градуст барихаар хичээх ёстой гэж эрдэмтэд хэлж байна. Дэлхий даяар эрдэмтэд дуу нэгтэйгээр олборлодог түлшийг дэлхийн дулааралд хүргэж байгаа асуудлуудын нэг гэж нотолдог. Гэхдээ олборлодог түлшнээс гадна өөр олон шалтгаан байж болно гэж мөн үзэж байна. Дэлхийн агаарын урсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, нүүрсхүчлийн хийг шингээх хүчин чадалтай ой мод, далайн шингээх чадал улам багасаж байгаа зэрэг шалтгаанууд өнөөдөр дэлхийн дулааралд нөлөөлж байна гэж үзэж байна. Өмнөх хоёр жил дэлхийн түүхэнд дараалан хамгийн халуун жил болсон. Энэ жил ялгаагүй дахин хамгийн халуун жил болох төлөвтэй байна. Сүүлийн хэдэн жил тохиож байгаа энэ их халуун дэлхийн бөмбөрцгийн сүүлийн 125 мянган жилийн түүхэн дэх хамгийн халуун жилүүд гэж эрдэмтэд тооцоолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2025 оны дөрөвдүгээр сарын дундаж температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй