
Өнгөрсөн бямба гарагт Швейцарын Женев хотод эхэлсэн БНХАУ, АНУ-ын төлөөлөгчдийн тарифын асуудлаарх яриа хэлэлцээ үр дүнд хүрч, тавдугаар сарын 12-нд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Талууд харилцан тогтоосон өндөр тарифын хэрэгжилтийг 90 хоногийн хугацаатай хойшлуулж, суурь 10 хувийн тарифыг хэвээр хадгалахаар тогтлоо. Мөн харилцан бие биедээ тогтоосон тарифын бус хариу арга хэмжээнүүдийг цуцлах талаар бүх арга замыг эрэлхийлнэ гэж хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
АНУ, БНХАУ 5-р сарын 14 буюу энэ Лхагва гарагаас эхэлж 90 хоногийн хугацаатай харилцан тогтоосон өндөр тарифаа 115 хувиар бууруулах тохиролцоонд хүрч байна. Талууд энэхүү яриа хэлэлцээний хүрээнд аль аль нь үндэсний ашиг сонирхлоо маш сайн илэрхийлж зөвлөлдөж чадлаа гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент дурджээ.
Жеймисон Грир АНУ-ын худалдааны төлөөлөгч "Бид хоёр өдрийн турш хэлэлцэж, маш түргэн шуурхай хугацаанд тохиролцоонд хүрч чадлаа. Хоёр талын санал бодол бодож байсан шиг хол зөрүүтэй байгаагүй бололтой. АНУ-ын хувьд гадаад худалдаанаас 1,2 их наяд долларын алдагдал хүлээж байсан учраас манай ерөнхийлөгч үндэсний онц байдал зарлаж, дэлхий даяар импортын бүтээгдэхүүнд тариф тогтоосон. Энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд Хятадын талтай тохиролцож, манай улсад тулгараад байгаа эдийн засгийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэж найдаж байна" хэмээлээ.
АНУ, Хятадын талууд мөн яриа хэлэлцээг нь үр дүнтэй болоход зуучилж, найрсгаар угтаж авсан Швейцар улсад талархлаа илэрхийлж байна. Талууд үр дүнтэй яриа хэлэлцээ явуулсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад-Америк хоёр улсын харилцаа эргэн сэргэж байна гэж сайшаажээ.
Хэ Лифэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд "Швейцарт болсон энэ яриа хэлэлцээний хүрээнд талууд ялгаатай нөхцөл байдлаа нухацтай, үнэнчээр шүүн тунгааж, асуудлыг шийдэх гарц гаргалгаа олох гэж хүчин чармайлт гаргаж оролцлоо. Үр дүнд нь бид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх боломж нээгдлээ гэж үзэж байна. Хятад-Америкийн худалдааны харилцаа бол дан ганц манай хоёр улсад биш, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхойлоход нөлөөлөх харилцаа юм. Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа харилцан ашигтай, нэг нэгнээ хүндэтгэсэн, эрх тэгш байвал зохино" гэж онцоллоо.
Талууд тохиролцоонд хүрсний дараа АНУ болон Азийн хөрөнгийн зах зээлд биржийн индексүүд өсөж эхэллээ. Мөн юанийн америк доллартой харьцах ханш сүүлийн хагас жил дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч чангарлаа. АНУ-ын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж мөн өссөн дүнтэй байна.
БНХАУ, АНУ 90 хоногийн хугацаанд тарифын хэрэгжилтийг хойшлуулах шийдвэр гаргав | ||
Үзсэн: 204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.