
Оросын Ерөнхийлөгч В.Путин Украинтай шууд хэлэлцээ хийх санал тавьсан нь хэрхэн ажил хэрэг болж, талууд ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээ хийх нь одоо хэр бүрэн тодорхойгүй байна. Украины Ерөнхийлөгч Зеленский харин энэ хэлэлцээнд өөрийн биеэр очиж, Оросын Ерөнхийлөгчийг Истанбулд хүлээнэ гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, түүний энэ мэдэгдэлд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков одоогоор тайлбар хийгээгүй байгаа юм байна.
Оросын Ерөнхийлөгчийн хувьд Украинтай шууд хэлэлцээ хийх санал тавихдаа өөрөө биечлэн оролцох тухай дурдаагүй гэдгийг хэвлэлүүд мөн дурдаж байна. Украины Ерөнхийлөгч тэгвэл, энэ сарын 15-нд буюу энэ Пүрэв гарагт Истанбулд болно гэдэг хүлээлттэй байгаа Орос-Украины шууд хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг оролцохыг дэмжиж байгаагаа, түүнийг ирнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн оросуудыг энэ уулзалтаас бултахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлж Кремлиэс албан ёсны хариу хүлээж байгаагаа мэдэгдсэн талаар хэвлэлүүд уламжилж байна. Д.Трампын тухайд Орос, Украины Ерөнхийлөгчийг Истанбул дахь хэлэлцээнд оролцоно гэж итгэж байгаагаа, энэ уулзалтаас “сайн үр дүн” гарна гэдэг хүлээлттэй байгаагаа өчигдөр хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсний зэрэгцээ өөрөө Туркт очих талаар бодож үзсэн, гэхдээ айлчлалынх нь төлөвлөгөөнд маш олон уулзалттай хэдий ч Истанбулын уулзалтын үеэр ямар нэг ахиц гарах найдлага үүсэх нөхцөлд очих магадлал байж болох юм гэдэг тайлбарыг хийсэн байна. Тэрбээр өнөөдөр Ойрх Дорнод руу, Саудын Араб, АНЭУ, Катар улсуудад айлчлал хийхээр мордож байгаа юм. Үүний зэрэгцээ Украины тал Оросыг энэ даваа гарагаас эхлэн 30 хоног гал зогсоохыг зөвшөөрөх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн бол, Оросын БХЯ өчигдөр, зэвсэгт хүчин нь цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэг талаар нийгмийн сүлжээгээр дамжуулж мэдэгдсэн байна. Улмаар Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига гал түр зогсоох уриалгыг үл хайхран Украины байршлууд руу дайралт үйлдсээр байгаад буруутгасан байна.
Тэгвэл Орос-Украины шууд яриа хэлэлцээг хүлээж авч зохион байгуулахаар зэхэж байгаа Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган энэ удаад нээгдэж байгаа шинэ боломжуудыг алдаж болохгүй гэж мэдэгдсэнийг Туркийн Анадолу агентлаг уламжилсан байна. Эрдоган тэрчлэн Турк улс бол бүх талын итгэлийг хүлээж байгаа цорын ганц улс, тиймээс энэ пүрэв гарагт болох Орос, Украины энхийн хэлэлцээнд хувь нэмэр оруулж хүлээж авахдаа таатай байна гэж мэдэгджээ. Үүний өмнө Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой утсаар ярьж, дайтагч талууд хооронд шууд Оросын Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцсэн тухай Орос болон Туркийн хэвлэлүүд мэдээлж байна.
В.Зеленский Истанбулын хэлэлцээнд Д.Трампыг оролцуулахыг дэмжжээ | ||
Үзсэн: 289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.