
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын гаалийн татвар нэмэгдсэнээс болж эдийн засагт нь учирч байгаа цохилтыг зөөллөх цаашдын алхмууд авч хэрэгжүүлэхэд засгийн газар нь бэлэн гэж мэдэгдсэн байна. Харин хэрэглээний татварын хэмжээг бууруулах тухайд болгоомжилсон байр суурь илэрхийлсэн байна. Японы сөрөг хүчнийхнээс гадна эрх баригч намын зарим хууль тогтоогч Засгаа газраа хүнснийхээс бусад хэрэглээний татварыг 10 хувь бууруулахыг уриалж байгаа юм байна.
Тодруулбал, Ишиба даваа гарагт парламентад хэлсэн үгэндээ, Америкийн гаалийн татвар өндөрссөнөөс үүдэж эдийн засагт нь учирч байгаа хүндрэлийг сааруулах нэмэлт арга хэмжээг эргэлзэх зүйлгүйгээр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Гэхдээ энэ талын аливаа арга хэмжээ хүн амын өргөн давхаргыг бүхэлд нь хамрахаасаа хамгийн ноцтой хүндрэлд өртөж байгаа өрх бүлүүд рүү чиглэх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн нь хэрэглээний татварыг бууруулах магадлал бага байгааг илтгэжээ. Зарим улс хүнсэн дээр голлож татвар бууруулах алхмууд хэрэгжүүлж байгаа тухайд Ишиба, Япон улс хангалттай доогуур түвшний татварын хувь хэмжээ мөрддөг, хүн амын хөгшрөлт хурдацтай явагдаж байгаа, улс орны санхүүгийн байдал хүндхэн байгаа зэрэг нөхцөл байдлыг дурджээ. “Татвар бууруулах тухай ярих амархан. Харин илүү хүнд бэрх асуудлууд байхад авч хэлэлцэхгүй байх нь хариуцлагагүй хэрэг” гэж мэдэгдсэн Японы Ерөнхий сайд нийгмийн хангамжийн зардал, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ улам бүр нэмэгдэж байгааг жишээ болгожээ.
Япон улсын тухайд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг өнгөрөгч 4-р сард татварын өндөр хувь хэмжээ зарлахаас өмнө хэрэглээ удааширсан. Энэ оны эхний улирлын байдлаар гэхэд, Японы эдийн засаг агшсан дүнтэй гарна гэдэг байр суурийг Ройтерс-ийн судалгаанд оролцсон шинжээчид илэрхийлжээ. Япон улсын энэ оны 1-р улирлын ДНБ-ий хэмжээ энэ баасан гарагт нийтлэгдэх учиртай. Үүний зэрэгцээ өнгөрсөн сард Японд 826 компани дампуурч хаалгаа барьсан байгаа нь жилийн өмнөхөөс 8.7 хувиар нэмэгдсэн, мөн ийм байдал 36 дахь сардаа үргэлжилж байгаа гэдэг судалгааны дүнг “Тейкоку Датабанк” нэртэй судалгааны хувийн төвөөс даваа гарагт нийтлүүлжээ. Ингэж дампуурсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь ажил үйлчилгээ, жижиглэн худалдааны салбарын жижиг компаниуд байгаа юм. Энэ мэтээр эдийн засаг нь суларч байгаа шинжүүд ажиглагдаж байгаа ч санхүүгийн хүндрэлтэй байдал нь Япон улсыг том хэмжээний зардал гаргах эсвэл татварыг тогтвортой бууруулах боломж хумигдмал болгож байна.
Японы гадаад өрийн хэмжээ гэхэд эдийн засгийг нь хоёр нугалах хэмжээнд байгаа нь томоохон орнууд дундаа хамгийн өндөрт ордог. Үүний зэрэгцээ NHK агентлагийн сүүлд явуулсан санал асуулгаар, ерөнхий сайд Шигэрү Ишибагийн танхимын нэр хүнд 33 хувьтай гарч, энэ нь өмнөх 4-р сарынхаас 2 нэгж хувиар буурчээ. Харин Японы одоогийн засгийн газрын үйл ажиллагааг таашаахгүй байгаа иргэдийн хувь 3нэгж хувь өсөж, 48 хувь болжээ.
Японы Ерөнхий сайд эдийн засгаа дэмжих алхмууд нэмж хэрэгжүүлэхэд нээлттэй гэв | ||
Үзсэн: 319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.