Шууд Chart

Д.Трамп эм үйлдвэрлэгчдийг үнэ бууруулахыг үүрэгдсэн тусгай зарлиг батлав

2025-05-13 16:30:37

Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын хэмжээнд эмийн үнийг бусад улс орнуудад зарагддаг хэмжээнд буулгахыг эм үйлдвэрлэгчдэд үүрэгдсэн тусгай зарлигт өчигдөр гарын үсэг зурсан байна. Шинжээч ажиглагчдын үзэж байгаагаар, хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй гэж тооцогдож байгаа энэ тусгай зарлигт тухайлбал, эмийн үйлдвэрүүдийг ойрын 30 хоногийн дотор бүтээгдэхүүнийхээ үнийг зорилтот хэмжээнд хүргэж бууруулах, зарлигийг дагаж биелүүлэхгүй нөхцөлд хатуу арга хэмжээ авахаар заасан байгаа юм байна.

Трампын энэ шийдвэртэй холбогдуулан эмийн үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулагчид, шинжээчид, үнэ бүрдүүлэлтийн мэргэжилтнүүд бодож байсан шиг нь тийм ч тааруу боловсруулалттай биш байгааг хэлж, хэрхэн биелүүлэх вэ гэдэг асуудалтай тулгарч байгаагаа ярьж байна. Улмаар “хамгийн тааламжит үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд Америк дахь эмийн үнийг 80 хүртэл бууруулна гэж мэдэгдэж байсан Трампын мэдэгдлийн дараагаас унаж байсан эмийн үйлдвэрүүдийн хувьцаа эргээд сэргэж, өссөн дүнтэй байгаа юм байна.

Трамп өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр, АНУ дахь эмийн үнэ бусад улс орнуудад зарагддаг үнийн түвшинд очиж буухгүй нөхцөлд татвар тогтооно, мөн үнийг 59-90 хувь бууруулахын төлөө байгаагаа мэдэгдэж, “бүгд ижил тэгш байх ёстой. Бүгд адилхан үнэ төлөх ёстой” гэж хэлж байжээ. АНУ-д жортой олгодог эмийн үнэ хамгийн өндөрт ордог, бусад хөгжингүй орнуудынхаас гэхэд бараг 3 дахин өндөр байдаг байна. Мөн ингэж дотооддоо эмийн үнийг буулгасны өртгийг бусад улсад эмийн үнийг өсгөх замаар нөхнө  гэдэг байр суурийг Трамп өмнө нь илэрхийлж байсан. Трамп Америкт эмийн үнийг буулгах ийм төлөвлөгөөг урьд нь ч эхлүүлж байсан. 2017-2021 онд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тэр мөн ийм бодлого дэвшүүлсэн ч эмийн аж үйлдвэрийнхний хүчтэй эсэргүүцэл, мөн шүүхийн шийдвэртэй тулгарч бүтэлгүйтсэн байдаг. Сая гарын үсэг зурсан тусгай зарлиг нь ч гэсэн гадаадаас эм бэлдмэл импортоор авахтай холбоотой зэрэг АНУ-ын хууль тогтоомжуудын заалтуудаас давсан гэдэг үндэслэлээр шүүхийн маргаан үүсэж болзошгүйг эрүүл мэндийн салбарын бодлогоор дагнасан хуульч Пол Ким тухайлбал илэрхийлсэн байна.

Трамп эмийн үнийг бууруулах энэ удаагийн санаачилгаа инфляцыг бууруулж, өндөг, автомашины газ зэрэг америкчуудын өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн үнэ өртгийг бууруулах амлалтынхаа хүрээнд дэвшүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Трамп эм үйлдвэрлэгчдийг үнэ бууруулахыг үүрэгдсэн тусгай зарлиг батлав   
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй