
Азийн 45 улс орны Үндэсний олимпын хороод, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын холбоод, Азийн спорт холбоодын болон Азийн наадмын Зохион байгуулах хорооны төлөөллүүд АОЗ-ийн төв оффис байрлаж буй Кувейт улсад хуран цуглаж, Ази тивийн соёлын сурталчилгаа, спорт олимпизмын хөдөлгөөний үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов.
Энэ удаагийн Ерөнхий ассамблей нь "One Asia- Нэг Ази" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Ази тивд зохиогдож буй спортын олон төрөлт томоохон наадмуудын мэдээллийг өгснөөс гадна улс орны соёл урлагийг сурталчлан таниулах "Соёлын өдөрлөг- үзэсгэлэн" зохион байгуулав.
Эхний өдөр буюу 5 дугаар сарын 11-ны өдөр болсон зочин орнуудын урлагийн тоглолтыг нээж АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Тимоти Фок, Кувейт улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Фахад Нассер Аль Сабах, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Олимп болон Азийн аварга Моатаз Баршим, Олимпод оролцогч, сагсан бөмбөгийн тамирчин Яао Минг нар үг хэлж, сэтгэгдлээ хуваалцав. Томас Бах "Азийн наадам нь дэлхийд жишиг болсон наадам болохыг дурдаж, Ази тивд Пёнчан 2018, Токио 2021, Бээжин 2022 олимпын наадмуудыг хүнд нөхцөлд амжилттай зохион байгуулсныг онцгойлон тэмдэглээд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье” гэв.
Тавдугаар сарын 12-ны өдөр АОЗ-ийн 45 дахь удаагийн Ерөнхий ассамблей нээлтээ хийж, ОУОХ-ны шинэ Ерөнхийлөгч Кирсти Ковентри анхны мэндчилгээгээ АОЗ-ын гишүүн ҮОХ-дод дэвшүүллээ.
Хурлын үеэр Азийн наадмын Зохион байгуулах хороод мэдээлэл хийсэн бөгөөд АОЗ-ийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусаллам " Ирэх жил Япон улсад болох Айчи Нагояа 2026 Азийн наадам нь 5 хотод 42 спортын төрлөөр явагдах тул зохион байгуулалтын маш олон хүндрэл бэрхшээл тулгарч байгааг дурдаад бид Ази тивийн эв нэгдлээ бататган харуулж, Азийн олимпын хөдөлгөөнд томоохон дэмжлэг үзүүлэгч орон Япон орноо, Айчи Нагояа ЗБХ-г дэмжиж ажиллах үүрэгтэй” хэмээн анхааруулав.
ОУОХ, Эв санааны нэгдэл болон Үндэсний олимпын хороодын холбооноос мэдээлэл хийж, улмаар тивийн наадмаас Олимпын наадмын эрх олгох асуудлыг хөндөв. Гэвч Азийн наадам нь Олимпын наадам болохоос 2 жилийн өмнө зохиогддог тул олимпын эрх олгох нь хүндрэлтэй байгаа юм. АОЗ-өөс энэ асуудлыг судалж байгаа боловч ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүйг хэллээ. Учир нь Азийн наадмын циклийн дагуу “Доха 2030”, “Рияд -2034” Азийн наадмыг ЗБХ-той хэдийнээ гэрээ байгуулан, бэлтгэл ажил өрнөж байгаа билээ. Иймд цаашид Азийн наадмын хугацааг өөрчлөх асуудлыг нарийвчлан судалж, эцэслэн шийдвэрлэх болно.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П. Буяндэлгэр, Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд П. Сэргэлэн нар хурлын арга хэмжээнд оролцож Монгол Улсаа сурталчлах үзэсгэлэнд дэмжлэг үзүүллээ.Мөн орон орны соёлыг сурталчлах өдөрлөгт Монгол Улсаас үндэсний спорт болон урлаг соёлын төлөөлөл оролцлоо.
Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблей Кувейт Улсад зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.