
Европын Холбоо Оросын эсрэг авахаар зэхэж байгаа шинэ багц хориг арга хэмжээнийхээ хүрээнд Оросын тэнгисээр тээвэрлэгддэг газрын тосны үнийн дээд хязгаар баррель тутамд 60 ам.доллар байгааг нэмж бууруулах байр суурьтай байна. Канадад чуулж байгаа Долоогийн бүлгийн орнуудын Сангийн сайд нарт ийм санал танилцуулахаар зэхэж байгаагаа Европын Эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Валдис Домброскис мэдэгдсэн байна.
Оросын эсрэг 18 дахь багц хориг арга хэмжээг боловсруулах хүрээндээ Европын комисс ийм саналыг авч үзэж байгаа. Эхний ээлжид Долоогийн бүлгийн орнууд энэ тал дээр санал нэгдэж хэлэлцэх байр суурь илэрхийлэх нь чухал гэдэг хүлээлттэй байгаагаа Домбровскис даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ ярьжээ. Тэрээр энэ 7 хоногт Канадад болох Долоогийн бүлгийн сангийн сайд нарын уулзалтад энэ тухай санал танилцуулна гэсэн боловч ЕХ Оросын нефтийн үнийн тотго үнийг хэдий хэд дээр тогтоох байр суурьтай байгааг нэрлээгүй байна. Харин Европын Холбооны өөр албаныхан баррель тутамд 50 ам.долларын түвшинд болгож буулгаж магадгүй гэдэг мэдээллийг өгсөн байна. Барууны орнууд Оросын тэнгисээр нийлүүлэлтэд гардаг нефтийн нэг баррелийг 60 доллароос дээш үнээр худалдаж авахыг хориглож хязгаар тогтоосон. Гэвч сүүлийн саруудад Оросын экспортын Уралс маркийн нефтийн энэ тотго үнээс хавьгүй буурч, бүр 50 ам.доллароос ч буурсан тохиолдол гарсан. Улмаар Оросын компаниуд нийлүүлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлж, бүр барууны нефтийн танкерууд, мөн даатгалыг ашиглах боломж бүрджээ. Ингэж үнэ нь буурснаар Оросын нефть хийн орлого энэ 5-р сард жилийн өмнөх түвшнээсээ гуравны нэгээр буурч, 0,52 их наяд рубль буюу 6,5 тэрбум доллар болж болзошгүй гэдэг тооцооллыг Ройтерсийн шинжээчид гаргасан байна.
Энэ төлөвөөс үүдэж Оросын сангийн яам Холбооны төсвийн алдагдлын хэмжээг оны төгсгөлд гурав дахин нэмэгдэх төлөвт харгалзуулж төсвийн үзүүлэлтүүдээ шинэчилжээ. Оросын Сангийн сайд Антон Силуанов тэрчлэн, Холбооны Үндэсний баялгийн санд оруулах хийгээд зарцуулалт хийх хэмжээсийг тогтоож өгдөг төсвийн журамд заагддаг үнийн заагийг өөрчлөх боломжийг үгүйсгээгүй. Оросын Лента.ру сайтад мэдээлснээр, одоо энэ үнэ нефть нэг баррель нь 60 доллар байх түвшинд тогтоогдсон байгаа учраас Холбооны Баялгийн сангаас зарцуулалт хийгдэж байгаа юм байна.
Европын Холбоо Оросын нефтийн үнийг 50 доллароос доош түвшинд барих санал тавина | ||
Үзсэн: 202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.