Шууд Chart

Франц Улс хар тамхины гэмт хэрэгтнүүдийн шоронг ширэнгэ дунд байгуулна

2025-05-20 15:38:36

Франц Улс хар тамхины томоохон гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх хүрээндээ Амазоны ширэнгэд хатуу чанд хамгаалалттай шорон байгуулахаар төлөвлөж байна. Францын хууль зүйн сайд Жеральд Дарманен Өмнөд Америк дахь Францын Гвиана улсад хийсэн айлчлалынхаа үеэр ийм төлөвлөгөө зарласан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын энэ сайд Бразил, Суринам улсуудтай хил залгаа Францын далайн чанад дахь хамгийн том нутаг дэвсгэрт айлчлах үеэрээ, Сен-Лоран дю Марони мужид зам харилцаанаас алслагдсан гүн ширэнгэ дунд нийт 500 хүний багтаамжтай, тэр дундаа хар тамхины хамгийн онц хүнд гэмт хэрэгтэн 60 хүн, исламын хэт үзэлт террорист 15 хүртэл тооны хүнийг хорих чанга дэглэмтэй шорон байгуулна гэж мэдэгдсэн байна. Мөн Хууль зүйн яамны мэдлийн дэвсгэр газарт шүүхийн барилга барьж 2028 он гэхэд ашиглалтад оруулна, энэ ажилд нь 400 сая еврогийн хөрөнгө орох мэдээллүүдийг өгсөн байна. “Евроньюз”ийн мэдээлснээр, энэ байгууламж нь Францын 1950-иад он хүртэл ажиллуулж байсан “Чөтгөрийн арал” нэртэй гунигт түүхтэй шорон байсан газраас холгүй баригдах юм байна. Францын “Le Journal du Dimanche” JDD сонинд сайдын ярьснаар бол, хар тамхи мансууруулах бодисын хамгийн онц аюултай гэмт хэрэгтнүүдийг тусгаарлах нь энэ шоронг байгуулж байгаа ганц зорилго. Хар тамхины наймаачдын үйл ажиллагааг хумихаас гадна хэт дүүргэлттэй байгаа шоронгуудын ачааллыг бууруулахад энэ арга хэмжээ нь тус болно гэж ярьсан байна.

Францын хууль зүйн сайд Дарманен хар тамхины наймаатай тэмцэхийг өөрийн мөрийн хөтөлбөрийн гол зорилт болгож дэвшүүлсэн. Ирэх зун гэхэд Францын хар тамхины хамгийн том наймаачдыг гэмт бүлгүүдийн сүлжээнээс зайлуулна гэдэг байр суурь илэрхийлдэг байна. Францын далайн чанад дахь нэг муж Гвианы тухайд гэмт хэргийн түвшин маш өндөртэй. 2023 онд гэхэд 100 мянган хүнд оногдох хүн амины хэргийн тоо 20,6 болж түүхэн өндөр түвшинд хүрч байсан байдаг юм байна. Францад энэ үзүүлэлт 100 мянган хүнд 1,5 байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц Улс хар тамхины гэмт хэрэгтнүүдийн шоронг ширэнгэ дунд байгуулна   
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй