
Израилын цэргийнхэн болон НҮБ-ын мэдээлж байгаагаар, бүслэлтэд байгаа Газын зурвас руу өчигдөр хүмүүнлэгийн тусламж бүхий цөөн тооны ачааны машиныг нэвтрүүлсэн. Сүүлийн гурван сарын туршид анх удаа тусламж нэвтрүүлж байгаа энэ арга хэмжээг НҮБ-ын зүгээс сайшаасан байна.
Өчигдрийн байдлаар, Газын зурвас руу 5 ачааны машинтай хүүхдийн тэжээл, бусад наад захын хэрэгцээт эм тариа, хүнс тусламж нэвтрүүлсэн. Гэтэл сүүлийн 3 сарын хугацаанд буюу өнгөрсөн 3-р сарын 2-ноос хойш Израил нэг ч тусламж нэвтрүүлээгүй бүрэн бүслэлтэд оруулснаас Газын зурвасын 2 сая гаруй хүн ам архаг өлсгөлөнгийн байдалд байгааг тусламжийн байгууллагууд мэдэгдэж, олон улсын зүгээс Израилд шахалт үзүүлснээр энэ тусламжийг оруулж байгааг НҮБ болон Израилын зүгээс хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн 3-р сард Газын зурваст хамгийн сүүлийн гал түр зогсоосон байх хугацаанд өдөрт 600-д ачааны машин тусламж оруулдаг байсан байна. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж эрхэлсэн тэргүүн Том Флэтчерийн мэдээлснээр, өнөөдөр мөн нэмэлт 4 ачааны машин тусламж нэвтрүүлэхээр зэхэж байгаа юм байна.
Израил ийнхүү Газын зурваст багахан хэмжээний тусламжийн цуваа оруулахаа мэдэгдсэний дараа Их Британи, Франц, Канад улсууд хамтарсан мэдэгдэл гаргаж, тусламж нэвтрүүлэх энэ ажиллагааг туйлын хангалтгүй байгааг онцгой анхааруулж, Израилын Газын зурвас болон Иордан голын баруун эрэгт явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ, бусад хатуу алхмууд хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Израил энэ тухайд одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй, харин өмнө нь Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху даваа гарагт видео мэдэгдэл хийж, Газын зурвасыг бүхэлд нь Израилын хяналтад авах ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдсэн юм байна.
Энэ хүрээнд Израилын арми Хамасын бэхлэлтүүд зэрэг нийт 160 гаруй цэгт агаараас цохилт өгч, хуурай замын ажиллагаа эхлүүлснээ зарлаад байна. Улмаар сүүлийн 24 цагийн дотор Газын зурваст 136 хүн амь эрсэдсэн талаар эрүүл мэндийн албаныхан нь мэдээлжээ.
Газын зурваст гурван сарын дараа хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэв | ||
Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.