
ОХУ Эмнести Интернэшнл олон улсын ТББ-ыг Украиныг дэмждэг гэж буруутгаж, “тааламжгүй байгууллага” гэж тодорхойлоод, нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. ОХУ-д болдог хүнийн эрхийг зөрчсөн асуудлуудыг дэлгэнэ гэсэн тус байгууллагыг ОХУ Оросын эсрэг үзэл санаа дэлгэрүүлэгч гэж үзэж байна. Засгийн газраас тааламжгүй байгууллага гэж тодорхойлсон газарт ажиллаж байгаа нь тогтоогдвол хорих ял хүртэл шийтгэл амсах эрсдэлтэй юм.
1961 онд байгуулагдсан Эмнести Интернэшнл олон улсын ТББ нь дэлхий даяар хүний эрхийн төлөө тэмцэж, үйл ажиллагаа явуулдаг, тэр дундаа хилс хэргээр хоригдож байгаа хүмүүсийн төлөө ажилладаг байгууллага юм. ОХУ-ын ерөнхий прокурорын зүгээс Лондонд төвтэй Эмнести Интернэшнлыг дэлхий даяар Оросын эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч төв нь гэж тодорхойлсон байна. Мөн дайны талбарт мөргөлдөөнийг улам хурцатгах бүхий л талын арга замыг эрэлхийлж байгаа байгууллага гэж буруутгажээ. Түүгээр зогсохгүй Украины гэмт хэргийг нуун далдлах, зөвтгөх агуулгатай үйл хэрэг явуулдаг гэж үзсэн байна. Харин Эмнести Интернэшнлын зүгээс ОХУ хэрвээ үйл ажиллагааг нь хориглож байгаа бол зөв замаараа явж байна гэсэн үг гэсэн байр суурь илэрхийлжээ. Үйл ажиллагааг нь хориглосон шийдвэрээрээ ОХУ ард иргэдээ улам чимээгүй байлгахыг оролдож, иргэний нийгмээс алсран холдож байгаа хэрэг гэж Эмнести Интернэшнлын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард тодорхойлж байна.
ОХУ-ын энэ шийдвэрийн хариуд тус байгууллага ОХУ нутаг дэвсгэр дээрээ болох хилийн чанадад үйлдэж байгаа бүх хүний эрхийн зөрчил, гэмт хэргүүдийн ил гаргахын төлөө одоо байгаа хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж ажиллана гэж мөн дурдлаа. Эмнести Интернэшнл ОХУ-д болж байгаа хүний эрхийн зөрчлийг арилгах үйл хэргээсээ хэзээ ч няцахгүй гэж дурдсан байна. ОХУ аливаа төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн тааламжгүй байгууллага гэж тодорхойлох нь тийм ч ховор үзэгдэл биш. Тааламжгүй байгууллага гэсэн жагсаалтад орсон байгууллагад ажиллаж байгаа нь тогтоогдсон эсвэл санхүүжүүлж байгаа нь тогтоогдсон иргэн 5 хүртэлх жилээр хоригдох ялтай байдаг байна. ОХУ саяхан АНУ-ын төрөөс санхүүждэг Эрх чөлөөт Европ Радио болон Грийнпийс олон улсын хүрээлэн буй орчны байгууллагыг тааламжгүй байгууллага гэж тодорхойлсон. ОХУ мөн гурван жилийн өмнө Эмнести Интернэшнлын вэбсайтыг нутаг дэвсгэр дээрээ хориглосон. ОХУ-ын эдгээр үйлдлүүд нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байна гэж Эмнести Интернэшнл буруутгаж байна.
Харин ОХУ-ын зүгээс улс орны дотоодын хууль журам илүү хүчтэй гэсэн байр суурь илэрхийлдэг. 1991 онд ЗХУ-ын задралын хамт олж авсан эрх чөлөө, ардчилал ерөнхийлөгч Владимир Путиний үед алдагдаж алга болж байна гэж хүний эрхийн байгууллагууд үздэг юм.
ОХУ “Эмнести Интернэшнл” ТББ-ыг нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулахыг хоригложээ | ||
Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.