Шууд Chart

Европын холбоо 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө доошлуулав

2025-05-22 10:43:46

Дэлхийн даяар эдийн засаг, улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдсэн нь олон улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Дэлхийд эдийн засгийн өсөлтөөр гуравт бичигддэг Европын Холбоо өнгөрсөн 11-р сард 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1,3 хувиас 0,9 хувь болгож бууруулсан. Тэгвэл ирэх 2026 онд мөн эдийн засгийн үзүүлэлт төдийлөн сайжрах төлөвгүй байна. Европын Комиссоос ирэх оны эдийн засгийн өсөлтийг 1,6 хувь гэж тооцоолж байснаа бууруулж 1,4 хувь болгожээ.

Одоогоор ЕХ-ны эдийн засаг 1,1 хувийн өсөлттэй байна. Дэлхий даяар худалдааны харилцаа удааширч байгаа энэ цаг үед ЕХ-ы экспорт энэ жил 0,7 хувиар л өсөх болов уу гэсэн таамаглалыг гаргасан байна. Харин ирэх онд экспорт 2,1 хувь болж өснө гэж тооцоолж байгаа юм байна. Энэ онд харин хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх төлөвтэй байгаагаас гадна хувийн секторын зардал үл ялиг өсөх хандлагатай байна. Инфляцын өсөлт мөн саарч, 2025 онд 2,1 хувь, 2026 онд 1,7 хувь болж буурах төлөвтэй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад буурах төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт өндөр биш байгаа ч хөдөлмөрийн зах зээл тогтвортой хэвээр хадгалагдаж, 2026 онд ажилгүйдлийн түвшин 5,7 хувь болж буурна гэсэн хүлээлттэй байна. Евро бүсийн эдийн засгийн өсөлт сулрахад бүсийн хамгийн том эдийн засаг болох Германы эдийн засаг хамгийн их нөлөөлж байна. 2025 онд Герман улсын эдийн засгийн өсөлт 0 хувь буюу ямар ч өсөлт ажиглагдахааргүй байна. Герман улсын эдийн засаг экспортод голдуу түшиглэдэг ч эрчим хүчний үнийн өсөлтийн шуурганд өртөж, эдийн засгийн ерөнхий үзүүлэлт нь суларчээ.

Мөн Герман улс үл хөдлөхийн салбартаа хангалттай хэмжээний хөрөнгө оруулахгүй байгаагаас гадна аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь болох автомашин олон улсын зах зээлд Хятад зэрэг томоохон өрсөлдөгчтэй тулж байгаа нь ДНБ-ний өсөлтөд нь нөлөөлж байна. Ирэх жил харин Германы засаг 1,1 хувиар өсөх таамаг гарсан байна. ЕХ-ны хоёр дахь том эдийн засаг болох Франц улсын хувьд энэ онд 0,6 хувийн өсөлттэй байх бол ирэх онд 1,3 хувийн өсөлттэй байна гэж тооцоолж байна. Харин Испани улсын хувьд энэ жил бусад улсаас өндөр үзүүлэлттэй буюу эдийн засаг нь 2,6 хувиар өсөх төлөвтэй байна. 2025 онд ЕХ-оос хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй байх орнуудаар Польш, Ирланд, Дани, Мальта улсуудыг нэрлэж байна. Европын Комиссын 2026 оны өсөлтийн төлөв энэ оныхоос өндөр байгаа нь АНУ-аас ирэх тарифын дарамт буурах болов уу гэсэн хүлээлттэй холбоотой. 

АНУ одоогоор ЕХ-ны бараа бүтээгдэхүүнд 20 хувийн гаалийн тариф ногдуулсан нь ирэх 7-р сараас хэрэгжиж эхэлнэ. Түүнээс өмнө ЕХ АНУ-тай тохиролцож, гаалийн тарифыг 10 хувь болгож бууруулна гэж найдаж байна. Гэхдээ цаашид дэлхийн худалдааны нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл ЕХ дахин эдийн засгийн өсөлтийн төлөвөө эргэж харахаас өөр аргагүй гэж эдийн засагчид үзэж байна.


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө доошлуулав  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй