
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаан боллоо. НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Тавдугаар сарын 22-ны хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Дээрх хоёр асуудлыг “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек танилцууллаа. Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-оос 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V цахилгаан станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Түүнчлэн CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглах байна. Тус төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишиг төсөл болон хэрэгжих бүрэн үндэслэлтэй гэж үзэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр буюу олон улсын практикт түгээмэл хэрэглэгддэг DBFOM (Design, Build, Finance, Operate, Maintain) хэлбэрээр нэг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.
НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн З.Төмөртөмөө “Улс оронтой хэрэгтэй олон төсөл хөтөлбөрийг яриад суугаад байх биш гараанаас нь хөдөлгөмөөр байна. Яаж ийгээд ажлаа эхлүүлээд ашиглалтад оруулах хэрэгтэй. Хариуцсан дарга нар нь ажлаа урагшлуулахын төлөө сайн ажиллах хэрэгтэй. Хог шатаах үйлдвэр хогоо ангилахгүй бол импортын машины батарейнаас эхлээд өчнөөн байгальд хортой хог хаягдал бий” гэв. Харин НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Д.Ихбаяр “Хог шатаах үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай. Гол нь хог хаягдлыг ангилж шатаах, ангилж ачих зэргийг тодорхой болгох хэрэгтэй” гэв. Тухайн үйлдвэрийн хувьд хог хаягдлыг ангилж шатаах ажлыг шат дараатайгаар хийнэ гэдгээ тайлбарлалаа. Улмаар өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлыг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэхийг хорооны гишүүд дэмжлээ.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
- “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай,
- “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай
- “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай
- Хуулийн этгээд өөрчлөн байгуулах тухай (Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв)
- “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүнийг чөлөөлөх тухай
- Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай
Дулааны V цахилгаан станц 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай | ||
Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.