Шууд Chart

Газар тариалангийн бүс нутагт ажиллалаа

2025-05-26 15:24:57

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГТБХЗГ-ын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатар болон яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц, газар тариалангийн салбарт шинэ технологи, инновацыг туршиж, нэвтрүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” ХХК 1200 га талбайд улаанбуудай тариалалт хийгээд байна. Ажлын хэсгийнхэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаантай уулзаж “Тэрбум мод”, “Атар-4” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон дахь тариалангийн талбайд ойн зурвас байгуулах талаар санал солилцов.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сант суманд “Анар орд” ХХК эрдэнэшишийн 350 га талбайд дуслын усалгааны систем суурилуулж буй үйл явцтай танилцав. Тус компани нь сүүлийн гурван жил эрдэнэшиш тариалахын зэрэгцээ дотооддоо эрдэнэшишийн үр гаргаж авах зорилгоор энэ жилийн тариалалтаа хийсэн байна.

Мөн “Анар орд” ХХК Монгол Улсад анх удаа хамгийн их талбайд дуслын усалгааны систем суурилуулж байна. Ингэснээр цаг агаарын нөлөөллөөс үл хамааран га-гаас өндөр ургац авах болон жил өнжилгүй тариалалт хийх боломж бүрдэх юм. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хүнсний ногоо тариалагч “Орхон түшиг ургац” ХХК-ийн тариалалт ид явагдаж байна. Тус компани энэ жилийн тариалалтаа хийн үрлэгчээр явуулж байна.

Хийн үрлэгчээр тариалалт хийснээр үрийн алдагдал бага байхын зэрэгцээ намар комбайнаар хураах боломж бүрдэх учир ургац хураалтын зардлыг бууруулах юм байна. Тус компанийн захирал Д.Хадбаатар “Хүнсний хувьсгал” аяны хүрээнд төрөөс үзүүлж буй дэмжлэг, хүнсний ногооны урамшуулал нь ногоочдод маш их урам зориг өгч, тариалалт нэмэгдүүлж, дотооддын хэрэгцээгээ бүрэн хангахад нөлөөлж байгааг онцолж, цаашид урамшууллын бүртгэлийн явцыг илүү оновчтой болгох нь зүйтэй талаар саналаа илэрхийллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Газар тариалангийн бүс нутагт ажиллалаа  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй