Шууд Chart

П.Алтан-Од: Кибер орон зайд улс орнууд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал

2025-05-27 11:39:08

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Мэдээллийн аюулгүй байдлын газартай хамтран “Кибер, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын хурлыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Тус хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од нээлээ. 

Тэрбээр “Дэлхийн нийтийг хамарсан тоон шилжилт, дижитал эдийн засгийн хурдацтай хөгжил нь бидний өмнө шинэ боломжуудыг нээхийн зэрэгцээ, аюулгүй байдлын шинэ сорилтуудыг ч дагуулж байна. Тиймээс улс орнууд кибер орон зайг хамгаалахын тулд хамтран ажиллах, туршлагаа солилцох, үр дүнтэй итгэлцлийг бий болгох нь урьд урьдаас илүү чухал болоод байна. Монгол Улсын хувьд бүс нутгийн болон олон улсын түвшинд энэхүү хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Үүний хүрээнд бид Кибер аюулгүй байдлын хууль, Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй  ажиллаж байна гэдгийг онцолсон юм. 

Кибер аюулгүй байдлын олон улсын индекст Монгол Улс хууль эрх зүйн хувьд сайн үнэлгээ авсан ч хамтын ажиллагаа, технологийн бэлэн байдлыг сайжруулах шаардлагатай гэдэг үнэлгээг авсан. Мөн оксфордын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол Улс дотоодын болон олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай гэж зөвлөсөн билээ. 

Кибер орон зайд  хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд бүс хоорондын туршлага, мэдээлэл солилцоо чухал юм. Дээрх хурлаар бүс нутгийн кибер болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хэрэгжилтийн зөрүүг тодорхойлж, стратегийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхээс гадна аюулгүй, хариуцлагатай кибер орон зайг бүрдүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


П.Алтан-Од: Кибер орон зайд улс орнууд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал   
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй