
ДЭМБ-ын оны ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногт Швейцарын Женев хотод болж өндөрлөж байна. Энэ чуулганы хуралдаанаас Палестин ДЭМБ-ын Женев дахь оффисын гадна төрийн далбаагаа мандуулах эрх олж авч чаджээ. Зөвхөн НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын бүрэн эрхт гишүүн л Женев дэх оффисын гадаа тугаа мандуулах эрхтэй байдаг юм.
Палестинд тугаа мандуулах эрх олгох тухай саналыг ДЭМБ-ын байгууллагын гишүүн 95 улс дэмжсэний дотор БНХАУ, Пакистан, Саудын Араб зэрэг улсууд багтаж байна. Харин Израил, Унгар, Чех, Герман гэсэн дөрвөн улс энэ саналыг эсэргүүцсэн бол 27 гишүүн улс санал өгөхөөс татгалзжээ. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг албан ёсны гишүүн улс болгон дээшлүүлсэн. Мөн саяхан Франц улс Палестиныг тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн. Эдгээр ололт амжилт нь Палестины хувьд олон улсаас ихээхэн дэмжлэг авч байгааг харуулж байна. Мөн Израилын довтолгоонд сүүлийн жил найман сарын хугацаанд өртөж байгаа Газын зурвасын хямралд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад тус нэмэр болж байна гэж Швейцар дахь Ливан улсын төлөөлөгч дурджээ. Харин Израил улсын төлөөлөгчийн зүгээс ДЭМБ ийм шийдвэр гаргасан нь НҮБ-ын журмыг зөрчиж байгаа хэрэг. Улс төрийн бэлгэ тэмдэг, сэтгэл хөдлөл олон улсын дэг журмаас хэтэрч байгааг илтгэсэн шийдвэр гэж шүүмжилжээ. Өнөөдөр Палестиныг дэлхийн 150 гаруй орон бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрдөг ч АНУ, Их Британи, Герман, Япон зэрэг томоохон улс гүрнүүд бүрэн эрхт улс гэж хараахан зөвшөөрөөгүй байна.
Палестин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гадна тугаа мандуулах эрхтэй болжээ | ||
Үзсэн: 260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.